Бөн бөн бөн бөн тэшнэ дээ тэшнэ дээ…
Саяхны нэг өдөр би Бельгийн вант улсын хуучин нийслэл Антверпен хэмээх хотод хэсэг нөхдийн хамт Монголын соёлыг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээний нэг хэсэг нь монгол болон монголын эрлийз хүүхдүүдэд зориулсан дуу шүлэгний тэмцээн байв аа. Тэгээд л ээлж ээлжээрээ “Маамуу нааш ир”-ийгээ л дууллаа. Тэдэн дундаас нэг жаахан монгол охин баахан гунигтай өнгөөр Ботгоны дууг дуулав шүү,
Байн байн байн байн буйлна aа
Бөн бөн бөн бөн тэшнэ дээ тэшнэ дээ…
гэж ирээд л их л европжуу аялгатай дуулсан. Сэтгэл хөөрөөд говийн хүнийг ч хэлэх үү? байр эзлүүлээд шагначих санаатай асуулаа даа…
-За миний дүүг хэн гэдэг вэ?
– Ххху…Ххху…Хулан
Энэ сайхан дууг миний дүүд хэн зааж өгсөн бэ?
-Wat-???
/Хажуунаас нь ээж нь Недерланд хэлээр тайлбар өгөв/
Нөгөө саяын дуулсан ботгоны дуун дээр гардаг ботгоны нүд шиг нүд гаргаад л олон хүний өмнө Монголоороо ойлгохгүй байсандаа ичсэн үү яасан бөлтөлзөж ирээд л…
– Юу туб /youtube.com/ гэв.
-Аан хаа. Чи хэдэн настай вэ? гэсэн бас л аав ээжрүүгээ бүлтэгнээд явчихлаа.
Сүүлдээ хөөрхий охиныг өрөвдөөд
-За баярлалаа гэсэн
-Данкүвэл ! /Недерланд хэлээр баярллаа/ гэж төрөлх хэл шигээ хэлээд аав ээж рүүгээ бөн бөн тэшээд л гүйчихлээ.
Бусад бүх хүүхэд Маамуу нааш ир-ийг л өөр өөр янзаар дуулаад байсан.
Яагаад ч юм мэдэхгүй соёлын өдөрлөг дуусаад олон хоног өнгөрсөн ч нөгөө л охины өөрөө ч ойлгохгүй монгол хүүхдийхээ хар зөнгөөр сурсан “Ботгоны дуу” боссон ч суусан энээхэн сэтгэл дотрыг бөмбөртөл буйлаад байж суулгасангүй ээ.
Магадгүй л дээ бид чинь ахуй амьдралын аар саар тав гурван төгрөг хөөгөөд алаг жаахан үрсээ зөнд нь хаяад амин холбоотой бүхнээс нь салгаад, яваад байгаа юм биш байгаа??? Бид мянган жаргалтай нийгэм, баян тансаг амар жимэр газар суугаа ч бид хэзээд энд Бельги хүн биш шүү дээ! Аан харин эх орондоо тэр хүүхдүүд үргэлж л Монгол хүн байсаар л байх болно шүү! Гэхдээ одоо яая гэхэв ээ хүний амьдралын зам янз бүр л дээ.
Гэхдээ л тэр гадсандаа эргэх ботго шиг буйлан буйлах жаахан охины дуун салхи уруудаж нэг сонсогдоод салхи сөрж нэг цангинасаар л байх амой…
2012-6-6
Билигсайхан Сэрээнэн
Бельги улс