“Рио-2016” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээний 69 кг-д Азийн аварга, залуучуудын ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Мөнхжанцангийн өнөөдөр өрсөлдөнө.
Уншигч та бүхэнд түүний тухай нийтлэл хүргэхийн ялдамд “Өмнө нь битгий магт”, “Цагаан хэл ам идчихнэ”гэх зэргээр битгий шүүмжлээрэй гэж хүсье.
Учир нь М.Анхцэцэг гэж ийм мундаг тамирчин байдаг юм гэдэг тодорхой мэдээлэлтэйгээр тэмцээнийг нь үзвэл уншигч та бүхэнд улам сонирхолтой байх болов уу.
Мөн ямар их тэсвэр тэвчээр гаргаж, хичээсний үр дүнд олимпод оролцож буйг нь мэдвэл эргээд тамирчдаа шүүмжлэх нь арай бага байх болов уу гэсэн үндсэн дээрээс энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Тамирчнаас асар их тэсвэр тэвчээр шаарддаг спорт бол яах аргагүй хүндийг өргөлт. Тэр тусмаа эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхэд бүр ч хэцүү нь мэдээж.
Тэгвэл “Алдар” спорт хорооны тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг өдгөө 18-хан настай ч олимпод эх орноо төлөөлөн оролцож байна.
Энэ жилийн Азийн АШТ-д эмэгтэй туйчванчид багаараа IV байрт шалгарч, олимпийн эрх авсан. Улмаар багаа төлөөлж, М.Анхэцэг олимпод оролцож байгаа юм.
Тэрээр тийнхүү багаараа олимпийн эрх авахдаа эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн түрүүлж, Азийн аварга болсон анхны эмэгтэй туйванч болсон.
Өдгөө 18-хан настай тэрээр ДАШТ-д 2014 онд анх удаа оролцон огцомоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарахдаа Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байлаа.
Мөн тус тэмцээний дараа гарсан чансаагаар дэлхийн чансааг залуучуудад тэргүүлж, өсвөр үед аман хүзүүдэж, насанд хүрэгчдэд VI байрт бичигдсэн юм.
Харин өнгөрсөн жилийн ДАШТ-д хүч үзэхдээ огцомоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарсан билээ. Хэрвээ огцом өргөлтийн хоёр юм уу гурав дахь оролдлогоороо 116 кг өргөсөн бол баараггүй мөнгөн медаль авах байсан юм. Харамсалтай нь, тэрээр өргөж чадаагүй ч түүхэн амжилтын эзэн болсон.
Өмнө нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй билээ. Тэрээр өнгөрсөн жилийн УАШТ-д түрүүлэхдээ огцомоор 116 кг өргөсөн. Мөн бэлтгэл дээр огцомоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөж байлаа. Түүнийгээ давтсан бол тасархай түрүүлж, УАШТ-ий амжилтаа давтсан бол мөнгөн медаль авах байсан юм.
Өмнө нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй билээ. Тэрээр өнгөрсөн жилийн УАШТ-д түрүүлэхдээ огцомоор 116 кг өргөсөн. Мөн бэлтгэл дээр огцомоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөж байлаа. Түүнийгээ давтсан бол тасархай түрүүлж, УАШТ-ий амжилтаа давтсан бол мөнгөн медаль авах байсан юм.
Гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд өнгөрсөн жил оролцохдоо огцомоор 112 кг өргөж, хүрэл медаль аван, мөн энэ тэмцээнээс медаль авсан Монголын анхны тамирчин болсон юм.
Хүндийг өргөлтийн спортоор найм дахь жилдээ хичээллэж буй тэрээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд буй.
Энэ жилийн залуучуудын ДАШТ-д хүч сорихдоо түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт,огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөж, тус тус мөнгөн медалиар энгэрээ мялаав.
Тийнхүү тэрээр залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч болж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн болсон юм.
М.Анхцэцэг 2009 онд спортын дэд мастер, дараа жил нь спортын мастер, 13-хан настайдаа буюу 2011 онд ОУХМ цолны болзол хангасан юм.Өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа түүний амжилтын нууцын талаар Ц.Хосбаяр дасгалжуулагчаас асуухад “Анхааг хоёр үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. 10 хий гэвэл хамгийн багадаа 11 удаа гүйцэтгэдэг” гэсэн юм.
М.Анхцэцэгтээ амжилт хүсч, олимпийн аварга болохыг ерөөе.
eagle.mn