20 гаруйхан хоногийн дараа Монгол улсад анх удаа “Face of Beauty International 2016” олон улсын миссийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн 60 гаруй орны миссүүд, Украйны “Амьд барби”, олон улсын загварын салбарын шилдгүүд нэг дор хуран чуулах тус тэмцээнд Монгол улсыг хэн төлөөлөн оролцох вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна. Нутгийн дэвжээ ээлтэй гэдэг. Эх орондоо элэг нэгтнүүдийнхээ дэмжлэгийг авч, титмийн төлөө өрсөлдөх гоо үзэсгэлэн хэн байж болох талаар манай сайт таамаглал дэвшүүлж байна. Уншигч та санал бодлоо хуваалцаарай.
1. НАМШИРЫН АНУ
“Манжуурын мисс”, “Supermodel International” зэрэг олон улсын тэмцээнүүдэд тэргүүн байр хүртэж, “Дэлхийн мисс”-ийн тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгасан Намширын Ану оролцсон тэмцээн, уралдаан болгоноосоо шагнал хүртдэг сүйхээтэй охин. Монголын хамаг л том брендүүдийн нүүр царай болж, залуу насны гоо үзэсгэлэнгээрээ ид гялалзаж яваа түүнд эх орондоо дэлхийн сайхан бүсгүйн титэм зүүх л дутаад байгаа гэхэд хилсдэхгүй л болов уу.
2. ЭНХТАЙВНЫ УРАНГОО
Монголжуу төрх, ялдам инээмсэглэл, гуалиг бие, өндөр нуруу гээд гоо бүсгүйн бүхий л шинж Э.Урангоод бий гэдэгтэй уншигч та санал нийлэх болов уу. Хэдий хувцас загварын салбар, гоо бүсгүйн тэмцээнтэй холбогдсон туршлагагүй ч эрдэм боловсрол, авьяас билгээрээ эрхгүй онцгойрох түүнд Дэлхийн 60 орны миссүүдтэй мөр зэрэгцэн алхах боломжийг олгож яагаад болохгүй гэж? Дуучин, жүжигчин, бүжигчин, хөтлөгч гээд тал талын авьяас бүрдсэн Э.Урангоо Монгол улсын нэрийг өндөрт өргөх сонголт байхыг үгүйсгэхгүй.
3. ТӨРБАТЫН БАТЦЭЦЭГ
“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцсон үе үеийн гоо бүсгүйчүүдээс хамгийн их шуугиан тарьж, Монголын ард түмний цөсийг хөөргөж чадсан нь Т.Батцэцэг. Олон улсын хэвлэл мэдээллүүд ч түүнийг титмийн эзэн болох хамгийн өндөр магадлалтай оролцогч хэмээж байв. Хэдий хоосон хоцорсон ч Монголчууд Т.Батцэцэгтээ дахин нэг итгэл хүлээлгэж, хүчтэй дэмжлэгээрээ нутгийн дэвжээнээ титэм хүртэх боломж олгоход юу нь болохгүй гэж.
4. АЛТАНГИЙН ТУЯА
Миссийн тэмцээнд заавал загвар өмсөгчид оролцох ёстой гэсэн хууль байдаггүй. Монголчуудад олдож буй дэлхийн хэмжээний тэмцээнийг дэргэдээс нь үзэх боломжийг бид овжноор ашиглаж, улсынхаа хамгийн сайхан эмэгтэйг сойх хэрэгтэй. Жүжигчин А.Туяа бусдын харааг булаах төгс бие, үзэсгэлэнт царайгаараа урлагийн ертөнцөд дээгүүрт бичигддэгээс гадна миссийн тэмцээний хамгийн гол шалгуур ганц бие, хүүхэдгүй байх дүрмийг бүрэн хангасан билээ.
5. ИДЭРСАЙХАНЫ ТӨГСӨӨ
Монголын миссүүдээс олон улсын тэмцээн, уралдаанд хамгийн амжилттай оролцдог нь И.Төгсөө. Түүний гаргасан амжилтуудыг өнөөдрийг хүртэл хэн ч давтаж чадаагүй л байна.`”Miss International 2011″ тэмцээнд гуравдугаар байр, “Манжуурын мисс” тэмцээний тэргүүн байр, “Miss Earth 2014” тэмцээний Шилдэг 8-ын шагнал нь түүний хэр чансаатай оролцогч болохыг илтгэнэ. “Face of Beauty International 2016” тэмцээний зохион байгуулагчид магадгүй туршлагатай гоо бүсгүйгээ сорихоор шийдсэн байж болох юм.