ОХУ-ын Улаан-Үд хотноо энэ сарын 17-20-нд болсон “Торгон зам” үндэсний хувцасны наадмын гран при шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн загвар зохион бүтээгчид хүртжээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг эл наадамд БНХАУ, ОХУ, Монгол Улсын загвар зохион бүтээгчид оролцдог уламжлалтай. Загвар зохион бүтээгч С.Батзаяа, Д.Өнөболор нар “Элсний хээ”, “Монгол хатад” нэртэй иж бүрдлээрээ оролцож, манай 10 загвар өмсөгч дээрх хувцаснуудыг өмсөж танилцуулжээ.
Хоёр жилийн өмнөх наадмаас “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнерууд мөн л гран при хүртэж байсан бөгөөд ийнхүү хошой аварга болжээ. Дашрамд дуулгахад, “Шилмэл загвар” ХХК-ийн загвар зохион бүтээгч болон моделиуд энэ сарын эхээр Канадын Ванкувер хотын загварын долоо хоногт амжилттай оролцоод ирсэн юм. Харин саяхнаас “Гоёл 2012” наадам болон ирэх хавар дуучин Б.Амархүүтэй хамтран танилцуулах зуны хувцасны иж бүрдлийн ажлаа эхлүүлжээ.
С.СЭРГЭЛЭН
unuudur