“Wolarsen” брэндийн уруулын будаг, нүдний хүрээлэгч харандаа гээд хэд хэдэн төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргаад байгаа Х.Намуун бизнесийн ертөнцөд амжилттай хөл тавьсан бүсгүй. МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин тэрбээр МҮОНТ-ийн олон ангит “Хэцүү анги”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригчид” зэрэг цөөнгүй хэдэн кинонд тоглосон бөгөөд эдийн засагч мэргэжлээ мартаад жүжигчин болох дөхсөн удаатай.
Загварын тайзан дээр гунхаж, фото моделийн чиглэлээр хүртэл ажиллаад үзчихсэн туршлагатай бүсгүйд өөрийн гэсэн гоо сайхны брэнд бүтээгдэхүүн гаргах мөрөөдөл нь үлдчихээд байсан юм байх. Энэ ч утгаараа, өнгөрсөн хавар уруулын будгаа худалдаанд гаргасан тэрбээр саяхан бусад бүтээгдэхүүнээрээ бэлэг бариад байгаа.
Тэгвэл өдгөө аль нэг дэлгүүрт лангуу түрээслэх бус өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдаалдаг тасаг хүртэл байгуулаад амжсан Х.Намуун энэхүү селфигээ олонд дэлгэлээ. Жүжигчин аав, царайлаг эгчтэйгээ хамт селфидсэн бизнесмэн бүсгүй маань үзэгч фэнүүдээсээ чамгүй өндөр үнэлгээ аваад байгаа гэсэн шүү.
Б.Содон
www.breakingnews.mn