Английн шигшээ, “Челси” клубийн хагас хамгаалагч Фрэнк Лэмпард төрсөн өдрийн баяраа нижгэр тэмдэглэжээ. “Евро-2012”-ын тоглолтоо дуусгаад Италийн Ривиерагийн морин тойруулгын төвд “Челси” клубийн гишүүд болон түүний найзуудынхаа хамт баярласан байна.
“Супер” Фрэнк 34 насныхаа төрсөн өдрөөр англи уламжлалыг дагасан бололтой. Учир нь түүний баярын зочдын дийлэнх нь дээд зиндааны нөлөө бүхий хүмүүс байв. Тухайлбал, “Формула-1”-ийн нисэгч Жесон Баттон, Английн лордын танхимын Чарьлз Ноулз, Уэльсийн гүнгийн шадар туслах Брайн Уиткинсон зэрэг улс төр, спортын алдартнууд иржээ.
Фрэнк Лэмпард 33 настай найз бүсгүй Кристин Блэклейтэйгээ үе үе үнсэлцэж, хосууд аз жаргалтай харагдаж байсан аж. Тэд 2009 оноос хойш үерхэж байгаа юм. Кристин Блэклей ITV-ийн нэвтрүүлэгч, хөтлөгчөөр ажилладаг. Өмнө нь ВВС2, ВВС1 сувагт ярилцлагын шоу хөтөлдөг байжээ. Фрэнк болон Кристин нар өнгөрсөн оны зургадугаар сарын 15-нд сүй тавьсан юм. Тэдний гэрлэх тухай цуу яриа гараад байгаа бөгөөд намар хуримаа хийнэ гэж “Сан” сонинд бичжээ.
Т.Арьяа /time.mn/