“Авьяаслаг Монголчууд” шоуны “Тэнгэрийн хунтайж” нэрээр олны танил болоод буй 1158 дугаартай оролцогч Ч.Цэнгүүнтэй ярилцлаа. Тэрээр энэ удаагийн дугаарт “Pole dance” төрлөөр агаар дээр бүжиж, олныг гайхшруулсан юм. Өдгөө 23 настай тэрээр никель шонтой ажиллах энэ төрлөөр нэг жилийн хугацаанд хичээллэжээ.
–ЗУРГААН НАСТАЙГААСАА СПОРТЫН ГИМНАСТИКААР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН–
-“Авьяаслаг Монголчууд” шоунд таны үзүүлсэн үзүүлбэр маш олон хүнд хүрч чадлаа. Нэвтрүүлэг үзсэн хүмүүсийн хандлага ямар байна вэ? Та сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Нэвтрүүлэг гарсны дараа хүмүүс яах бол гэдэг төсөөлөл надад байсан. Гэсэн ч бодож байснаас хамаагүй олон хүнд хүрч, миний хуудсуудад ирэх хандалт, Youtube сувгаар үзсэн хүн их олон болсон. Үнэндээ одоо болтол гайхсан хэвээр л байна (инээв.сурв). Цаашид хийж чаддаг бүхнээ сайтар бодож байгаад илүү ихийг хийхийг хичээнэ. Энэ бүхэн надад маш их урам болсон гэж хэлж болно.
-Шоунд үзүүлсэн үзүүлбэрээ хэр удаан хугацаанд бэлдсэн бэ? Зөвхөн энэ шоунд зориулан бэлдэв үү?
-Би багын их хөдөлгөөнтэй, зүггүй хүүхэд байсан. Энэ байдал минь үүнийг хийхэд нөлөөлсөн гэж хэлж болно. Баганатай ажиллах шийдвэр гаргахад жаахан хэцүү байсан. Хүмүүс буруугаар ойлгох болов уу гэх мэт асуудлууд байсан хэдий ч хийхээр шийдсэн. Ингээд л Youtube сувгаас энэ талаар бичлэгүүд үзэж, судалж эхэлсэн. Энэ төрлөөр дэлхийн аварга хүртэл зохиогддог юм билээ. Би нэгэнт шийдсэн тул бүх хүчээ дайчлан туршиж, судалж, хичээллэсээр өнөөдрийг хүрсэн. “Авьяаслаг монголчууд” шоунд энэ төрлөөр оролцохоор шийдэж бүртгүүлснээсээ хойш “Энэ тайзан дээр юу хийх вэ, би юу хийж чаддаг билээ, энэ энийгээ оруулъя, ингэснийхээ дараа ингэвэл зүгээр” гэх мэтээр өөрөө найруулж бүтээл болгосон. Мөн аяа ямар байлгах вэ, ямар хувцас өмсөх вэ зэргээ их бодож, бэлдсэн.
-Урлагийн өөр ямар төрөлд сонирхол, авьяастай вэ?
-Энэ авьяас маань ээжийн минь талаас өвөлсөн юм болов уу гэж боддог. Ээж минь залуудаа тэмцээн уралдаанд их ордог спортын гимнастикийн мастер тамирчин байлаа. Дараа нь монгол бүжиг бүжиглэдэг байсан юм билээ. Ээж намайг зургаан настай байхад спортын гимнастикийн зааланд хөтөлж оруулж байлаа. Тэнд би гурван жил хичээллэсэн. Тухайн үед азаар Монголын гимнастикийн хөгжлийн ажлаар япон дасгалжуулагч ирчихсэн байсан. Тэр дасгалжуулагч надад яг анхан шатнаас нь эхлээд зааж өгсөн. Удалгүй япон дасгалжуулагч ч буцаж, би багшгүй болсон. Гэтэл Монголын циркээс “Жүжигчин болох гээд үзэх үү, чадах уу” гэсэн санал тавьсан юм. Ингээд би циркийн жүжигчин болж, тоглолтуудад орж эхэлсэн. Гэхдээ ийм төрлийн үзүүлбэр биш шүү дээ, шидэлттэй акробатын төрөлд оролцдог байсан юм. 2007 оноос би өсч өндөр болж, бие ч хүндэрч эхэлсэн тул агаарт эзлэх орон зай, энерци гээд шидэлттэй акробатын төрөлд оролцоход их хэцүү болж эхэлсэн. Уг нь их хичээдэг, шартай байсан мөртлөө яах аргагүй урт хүн чадахаа больж эхэлсэн. Хичээгээд байхад л болохгүй байсан. Ингээд болохгүйгээ ойлгоод, эвлэрээд циркээс гараад явсан даа. Үүнээс хойш би буцаж очих тухай огт бодохоо больсон.
-ХЭЛЭХ ГЭСНЭЭ БИЕЭРЭЭ ДАМЖУУЛЖ БОЛОХ ЮМ ГЭЖ БОДСОН-
-Тэгвэл танд циркэд ажиллаж байсан туршлага байгаа юм байна шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ циркээсээ гарсны дараа бусад хүүхдүүдийн л адил өглөө хичээлдээ яваад, тараад гэртээ ирдэг болсон. Би нэгдүгээр ангиасаа эхлээд өглөө хичээлдээ явдаг, хичээлээ тараад л шууд бэлтгэлдээ явдаг, бэлтгэлээ тараад гэртээ ирээд унтаж амардаг шахуу хувиараар амьдардаг байсан. Энэ дадал минь их том эрдэм болсон гэж би ойлгодог. Гэтэл циркээс гарсны дараа хичээл 12:00 цагийн үед тараад, хичээл тарснаас хойш маш их цаг завтай байгаа юм шиг санагддаг болсон. Тиймээс их олон зүйлээр хичээллэж, оролдож үзсэн. Олимпийн аварга төрсний дараа бокс тоглох гэж оролдсон. Таэквондогоор хичээллэж, бүжгийн хичээлд сууж, сонирхолтой санагдсан бүхнээ дуурайж үзсэн. Ингэж явсаар сүүлд ихэвчлэн ном уншдаг болсон. Энэ нь намайг урлагтай их холбож өгсөн гэж хэлж болно. Аливаа зүйлсийн философийг чадах ядахаараа уншиж, хорхойсч, ойлгох гэж хичээж явсаар шийдвэрээ гаргасан. Миний хүүхэд наснаас надтай хамгийн ойр, надад байсан суурь бол “хөдөлгөөн” юм гэдгийг ойлгосон. Тиймээс би өөрийн бодол, хэлэх гэсэн бүхнээ биеэрээ дамжуулж үзүүлбэр хэлбэрээр илэрхийлж болох юм гэдэг дээр тогтсон. Интернэтээс энэ төрлийг олж үзээд контемпорари, модерн уран бүтээлчид, циркийн жүжигчид гээд бүгдийг үзсэн ч өөрийнхөөрөө, дураараа эрх чөлөөтэйгөөр хийхээр шийдсэн.
-“Pole dance”-ийн тухай бидний ойлголт тийм ч өргөн хүрээнд биш юм. Таны хэлсэнчлэн буруугаар ойлгох бүлэг хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. Та энэ урлагийг хэрхэн тодорхойлох вэ?
-Сонсох мэдрэмж, дуу авианы гоо зүйг мэдэрч чаддаг хүмүүс өөрсдөө хөг аялгуу бүтээдэг шиг зурдаг хүмүүс нь мөн л ийн бүтээдэг. Яг түүн шиг л “хөдөлдөг” хүмүүс гэж бий. Энэ урлагийн үүслийг маш энгийнээр тайлбарлавал Хятадын кинон дээр гардаг хулсан дээр элдэв хөдөлгөөн хийж, агаарт үсрэх гэх мэт хөдөлгөөн хийдэг “Chinese pole” гэж урлаг бий. Мөн никель багана дээр хийдэг тайчих үзүүлбэр буюу “strip” байсан. Энэ хоёрыг хослуулан холимог төрлийг гаргаж ирсэн. Стриптэй харьцуулахад илүү техниктэй “Pole art” тэмцээн нь хамгийн анх 2011 онд болж байсан юм билээ. Энэ тэмцээн дээр хүн болгон үзээд ойлгож болохоор ямар нэгэн сэдэв, зохиолтой, гол дүрийн жүжигчин нь ямар нэгэн цэгээс эхлээд төгсгөлд нь хүрэхэд ямар нэгэн шийдэлтэй байх зэргээр илүү театрчилсан, ахисан шатны түвшний үзүүлбэрүүд байсан. Би ч үүнийг оролдож үзэх бодолтой байгаа.
-Энэ үзүүлбэрийн тань хамгийн чухал нь юу вэ? Төвлөрөл, тэнцвэр гээд их хүч хөдөлмөр шаарддаг байх?
-Чухал зүйлсийг нь тодорхойлж, шинжлэх ухаанчаар хариулъя гэвэл их хугацаа орох байх. Хүний физикл буюу биеийн чадварыг тэнцвэр, хурд, хүч, уян хатан байдал, мөчдийг салгаж удирдах, анхаарал төвлөрөл зэргээр долоо хуваасан байдаг. Мөн үүнийг зохицуулдаг бага тархины хөгжил байна. Энэ бүхнийг биологи, физикийн шинжлэх ухаантай холбож тайлбарлана. Хүмүүс хичээлээ сайн хий, тэгвэл чи сайхан амьдарна гэдэг шиг бэлтгэлээ сайн хий, тэгвэл сайн суралцана. Маш энгийн шүү дээ, гэхдээ нарийн задлаад яривал бүгд дээр нь л ярих хэрэгтэй болох болов уу.
– Та бэлтгэлээ хаана хийдэг вэ?
-Одоо бэлтгэлээ гэртээ л хийж байна. Биеийн хөдөлгөөний бэлтгэлийг гэртээ хийхэд болдог. Өглөө сэрээд боломжтой үедээ жаахан сунгалт хийхээс эхэлнэ дээ. Зөвхөн бэлтгэлээ хийгээд, үзүүлбэрээ үзүүлээд амьдрахад хэцүү. Тийм учраас хажуугаар нь ажил хийх хэрэгтэй болдог. Тиймээс ажлаа хийхийн хажуугаар чөлөөт цагаараа бэлтгэлээ хийдэг.
-ШОУНЫ НЭГДҮГЭЭР ШАТАНД ҮЗҮҮЛСЭН “POLE DANCE” БОЛ
МИНИЙ ЗӨВХӨН НЭГ ХЭСЭГ-
-Та гадны орнуудад очиж энэ төрлөөр туршлага судалж байв уу?
-Би Тайваньд нэг жил, өнгөрсөн жил Турк улсад гурван улирал болоод ирсэн. Миний дотор байдаг их сонин тал бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн анатомийг маш их сонирхож хардаг. Манай өвөө биологийн гавьяат багш байсан. Бага байхад биологи болон физикийн төрлийн маш их зурагтай ном үздэг байсан. Хүүхэд насанд орчныг нь бүрдүүлээд өгчихвөл их юм толгойд нь суудаг байх. Одоо бодоход гэрт байсэн тэдгээр биологийн номууд ч намайг хүний биеийн анатомийг ажиглах дуртай байх тэр сэдлийг өгсөн байж болох юм.
-Одоо энэ урлагийн төрөл таныг илэрхийлж чадах зүйл мөн гэж та шийдсэн үү?
-Шоуны нэгдүгээр шатанд үзүүлсэн “pole dance” бол миний зөвхөн нэг хэсэг. Миний ярьж буй эдгээр зүйлс ч мөн бас нэгэн хэсэг минь. Өөрийнхөө тухай нүдээ аниад төсөөлөхөд миний нүдэнд нэг том улаан хөшигтэй театр, театрын орчин дүрслэгддэг. Яг л тийм газар луу явах ёстой юм шиг надад санагддаг.
-Яг энэ төрөлд та багшгүйгээр өөрийгөө бэлдсэн үү?
-Олон багш байгаа (инээв.сурв). Их сонин шүү дээ, бүдэрч унаж байгаа хүүхэд ч хүнд юм зааж байдаг. Ажиглаж чадах юм бол хэрэгтэй зүйлээ, хаанаас ч хамаагүй харж чадах байх. Тэгэхээр би өөрийгөө багштай л гэж бодож байна. Чи хоёр гар дээрээ ингэж тогт гээд хүнээр хэлүүлээд байх биш өөрөө хийж үзэх хэрэгтэй. Эрдэм мэдлэг дээр ч гэсэн, хэдий сайн багшийн үг сонсоод өөрөө хичээхгүй, өөрөө хийхгүй бол болохгүй, өөрөө бодохгүй ойлгохгүй бол болохгүй.
-Ингэхэд таны бага нас хаана өнгөрсөн юм бэ?
-Би Төв аймгийн Зуунмод суманд төрсөн юм билээ. Улаанбаатар хотод өссөн. Энд циркийн хажуугийн байранд хүүхэд нас минь эгэл жирийн хүүхдүүдийн адил элсэн дээр тоглоод, жаахан том болоод шийдэн дээр тоглоод л өнгөрсөн юм.
-Таны найзууд энэ урлагаар хичээллэхэд их дэмждэг үү?
-Би их дотно сайхан найзуудтайгаараа баярлаж бахархдаг. Найзууд маань их дэмжиж байгаа, надаас ч илүү баярлаж байгаа. Би Үй-Цай гээд хятад хэлний сургууль төгссөн. Тэнд ачаалал ихтэй, өглөө эрт очоод оройтож тардаг тул бөөндөө хамт байх хугацаа их байв. Ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд ч нэг нэгийгээ мэддэг, намайг их дэмжсэн гэсэн. Энэ үзүүлбэр миний эхлэл, маш том эхлэл болчих шиг боллоо. Ямар ч байсан нэг юмандаа үнэнч байгаад цагаа түүндээ зарцуулж, их өвдсөн ч маш их хичээж, улам үнэн байх, улам үнэн хийхийг хүсч байна.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
medee.mn