Стэнфордын их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кей манай улсад хүрэлцэн ирж, тоглолтынхоо бэлтгэлд өнөөдрөөс орлоо. Тэрбээр өмнө нь дуурийн театрт уригдаж, “Кармен”, “Аида” дуурь, “Хунт нуур” балетын хөгжмийг удирдан тоглуулж байсан удаатай.
Энэ удаа Монголд урьд өмнө нь болж байгаагүй гайхалтай тоглолт хийхээр ирсэн нь энэ. Жин Дон Кей Америкийн “Бродвей” театрт эгшиглэдэг шилдэг мюзикль, Холливудын кинонуудын хөгжмүүдийг дуурийн театрын тайзнаа энэ сарын 30-нд тоглох юм. Мөн долдугаар сарын 1-нд “Жизель” балетыг дохино.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони оркестр, “Морин хуур”-ын чуулга хамтран дэлхийн алдартай хөгжмүүдийг хэрхэн эгшиглүүлэхийг энэхүү тоглолтоос үзэх болох юм. Түүнчлэн америк удирдаач Монголын уран сайхны “Алтан өргөө” киноны хөгжмийг удирдан тоглуулахаар болсон билээ.
С.БАЯСГАЛАН