“Киви” хамтлагийн дуучин Ука сүүлийн үед содон өнгөтэй тэрлэг өмсөн, толгойдоо алчуур, дээлэн дээрээ хослуулан зүүлт зүүж, нэгэн өвөрмөц “Ука” стилийг бий болгоод буй. Хэв маягаа үргэлж өөрчилж, шинэ дүр төрх бий болгон, төрөл бүрийн сонин санаа шийдлийг гаргаж байдаг тэрбээр энгийн нэг даавуун эсвэл торгон дээл өмсөхийг хүссэнгүй. Энэ нь үндэсний хувцсаа эрхэмлэн дээдэлдэг монголчуудын анхаарлыг ихэд татаад байгаа билээ.
Дуучин Укатай түүний тренд болсон дээлтэй стиль болоод сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Дуучин Укагийн дээлтэй стиль их анхаарал татах боллоо. Энэ стилиэ хэр удаан авч явах вэ?
-Ямартай ч он гартал дээлээрээ гангарна гэж бодож байна. Ер нь дээл үнэхээр амар юм билээ. Ялангуяа тоглолттой үед алчуур, шилээ зүүгээд, нүдээ ч будах шаардлагагүй тайзан дээр гарч болно. Дээл дундаа тэрлэг монгол хүн бүхэнд байдаг. Тэрийг л өөрийн стильд оруулсан. Тэгсэн надад дээлээр гангарсан хүүхдүүдийн зураг маш их ирж байна.
Хамгийн бага нь дөрвөн сартай хүүхэд байсан. Нээх хөөрхөн толгойд нь алчуур зүүгээд, жижигхэн дээл өмсгөчихсөн. Ээж аав нь шоглоод нүдний шил зүүлгэчихсэн ёстой хөөрхөн харагдаж байсан. Би үүндээ маш баяртай байгаа. Ука стиль гэж хүмүүс нэрлэсэн байна билээ. Ялангуяа хүүхдүүд их дуртай. Надад дээлтэй хүүхдүүдийг цуглуулаад, нэг өдрийг хамт өнгөрүүлдэг юм уу гэсэн санаа байгаа.
-Саяхан төрсөн өдрөөрөө десант дээл өмссөн харагдсан. “Авьяаслаг Монголчууд”-ын тайзнаа төмөр захтай дээлтэй гарч ирсэн гээд хэн ч төсөөлөхөөргүй сонин содон стиль бүрдүүллээ. Энэ санаа хаанаас гарав?
-Би энгийн нэг дээл өмссөнөөс алт, мөнгөн, десантан дээлтэй болох юм сан гэж бодож байлаа. Энэ маань ч сая биелж, “Авьяаслаг Монголчууд”-ын тайзан дээр гарсан бичлэгээ үзэхэд маш гоё санагдсан. Яг л тэрийг төсөөлж мөнгөлөг дээлтэй болох юм сан гээд “Michel & Amazonka”-гийн Amazonka руу залгаад “Би төмөр захтай мөнгөлөг дээлтэй болмоор байна” гэж хэлсэн юм.
Миний санааг тэгж тултал гаргаж өгдөг авьяаслаг дизайнерууд болох “Michel & Amazonka”-д маш их баярлалаа гэж хэлмээр байна. Төмөр захыг тэгж барьж тогтоож, санааг маань гайхалтай, нүдэнд харагдаж, гарт баригдтал гоё хийж өгсөн. Миний дотор хүсэж мөрөөдөж байгаа зүйлийг яг 100 хувь сэтгэлд хүртэл хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Дээлтэй стильдээ маш дуртай байгаа.
-Танд одоогоор хэчнээн дээл байна вэ?
-Одоогоор клипний таван дээл, десантан, мөнгөн дээлтэйгээ долоон дээл байна. Ээжийн маань шар торгон дээл бий. Цагаан сараар өмсөх дуртай.
-Та ямар нэг уран бүтээл гаргахдаа түүгээрээ дамжуулж юу мэдрүүлж, юу бэлэглэхийг хүсдэг вэ?
-Уран бүтээлч хүн болгон л энэ зүйлийг бусдад мэдрүүлэхийг хүсдэг байх. Би багаасаа л дуу хөгжимд маш дуртай байсан. Дуулж байгаа хүмүүсийг харж хөгждөг, дуун дээр гарч байгаа үг аялгуугаас үлгэр дууриал авдаг, яг энэ дуучин шиг болох юм сан, тэрэн шиг үсээ гоё янзлах юм сан гэх мэтчилэн маш олон зүйлийг телевиз радиогоос харж, суралцаж ирсэн. Дуу хөгжмийг ямар ч үндэстэн ястан ноот аялгуугаар юу илэрхийлэх гээд байна гэдгийг ойлгож хүлээж авдаг. Хөгжим бол дэлхийн хэл. Тэрний адилаар би дуу хөгжмийг сонсоод тэр гайхалтай, хамгийн нандин гэсэн мэдрэмжүүдийнхээ дурсамж нь болж үлдэх юм сан гэж боддог. Надаас гарч байгаа мэдрэмжүүд хүн болгонд жаргал бэлэглээсэй гэж боддог.
-Олон хүнээс та сонссон байж магадгүй. Маш өөдрөг, эрч хүчтэй хүн шиг санагддаг. Хаанаас ундардаг эрч хүч вэ гэж их хэлдэг байх?
-Өөдрөг байхыг би гэр бүл, багш нар болон найз нөхдөөсөө суралцсан. Ойр дотныхон, багш нарын маань надад өгөх урмын үгс намайг эрч хүчтэй болгодог. Энэ нь ч илүү гоё байдаг болохоор өөрийгөө эрч хүчтэй байлгахыг хичээдэг. Эргэн тойрны бүх л хүмүүс намайг хөглөдөг.
Харилцаж байгаа найзууд, ярилцаж сургааль өгч байгаа багш нар бүгд л надад өөдрөг байх сэдэл, гоё мэдрэмжүүдийг өгдөг. Өөдрөг байх нь надад маш таатай байдаг. Өдөр болгон хүнд сонголт гарч ирдэгшүү дээ. Би уйтгарлаад орондоо хэвтэх үү, эсвэл олон хүнтэй ярилцаж, суралцах уу гээд л.
-Эргүүлээд хүмүүст энэ эрч хүч, өөдрөг сэтгэлийг бэлэглэдэг юм шиг санагддаг.
-Миний энэ хүртэлх явж байгаа бүхий л зүйл, дээшээ өгсөх шатны тулгуур болгож, уулзаж байгаа чи ч гэсэн энэ бүхний санаа сэдлийг өгч байдаг. Өдий хүртэл надтай хамт байж, ярилцаж, инээж байдаг гэр бүл найз нөхөд, намайг урамшуулдаг мессежүүдээс би эрч хүчийг авдаг учраас буцаагаад би аз жаргалаа түгээхийг хүсдэг.
-Таныг бие даасан гурав дахь цомгийнхоо ажилд орсон гэж сонссон. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоогоор миний амьдралын хамгийн их хийж бүтээх нас минь юм шиг байна. Хийж байгаа зүйл маш их байна. Бие даасан гурав дахь цомог болох “Хөгжим” цомог дээрээ ажиллаж байна. Би л төлөөлж ярьж байгаа болохоос биш энэ цомгийн цаана маш их хүн ажиллаж байгаа.
Мөн “Tiger”-аас зохион байгуулж буй “Tiger Jams Uncage Music” гэж дуу хөгжимд сонирхолтой, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа залуучуудыг уриалан дуудаж, бусдад танил болсон уран бүтээлчидтэй хамтарч, хүмүүст таниулахын төлөө зорьж ажилладаг хөтөлбөрт оролцоод ялагчаар тодорсон. Эхнээсээ дууныхаа бичлэгийг хийлгээд, клипний зураг авалтанд орж байна. Энэ дээр PFZ буюу Билгүүн гээд авьяаслаг, дуугаа өөрөө бичдэг залуутай хамт клипний зураг авалтанд орох гэж байна.
Мөн “Ocean Grey” продакшнтай хамтраад “Сахиусан тэнгэр” киноны дууг дуулсан. Бас Jiijah гээд регги дуучинтай хамтран нэг регги дуу дуулсан. “Оюутны байр” цуврал киноны саундтрек нь болж гарах юм билээ. Тэр дууны клипний зураг авалтанд орж байна.
Түүнчлэн миний “Хөгжим” цомгийн хоёр дахь дуу болох “Би чамд хайртай” дууны клипний зураг авалтанд орчихсон байж байна.
-“Хөгжим” цомог ямар онцлогтойгоор гарах вэ?
-Энэ цомог маань Монголын нэрт хөгжмийн зохиолчдын хит болсон, дэлхийд танигдсан дуу хөгжмүүдээс сэдэвлэн авч гаргаж байгаа продюсер Окигийн гайхалтай санаа. Манай хөгжмийн тулгын гурван чулуу гэж ярьдаг хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Л.Мөрдорж гуайн уран бүтээлүүдээс авч сэдэвлэж хийсэн сайхан бүтээлүүд бий.
-Хийлч Дээгийтэй хамтраад “Уул” дуу гаргасан. Тэр дуу энэ цомогт багтаж байгаа юу?
-Энэ дуу цомгийн маань анхны уран бүтээл. Оки үг, аяыг нь хийж, клипийг “Black Zebra” студи хийж гүйцэтгэсэн. Дуу болгон маань танилцуулга, нэвтрүүлэгтэй болж гарч байна. Саяхан “Уул” дууны танилцуулга, дуу бүтсэн түүх, гол санаа, зорилго чиглэлийн талаар гарсан.
-Маш их ажилтай, завгүй яваа юм байна.
-Бид хийх ёстойгоо л хийж байгаа л даа. Гэхдээ маш аз жаргалтай байна. Хийж байгаа ажлаа та бүхэндээ хуваалцаж, танилцуулж байгаадаа их баяртай байна.
-Их ажлын хажуугаар цаг зав гаргасан танд баярлалаа. Цомгийн ажилд нь амжилт хүсье.
-Та бүхэнд бас маш их баярлалаа.