Охиныг Нора гэдэг бөгөөд тэрбээр ердөө дөрөвхөн настай. Хэдий нас бага, бие жижиг ч, охин өвчний учир хорвоог орхисон эхийнхээ эцсийн хүслийг гүйцэлдүүлсэн баатар юм. АНУ-ын Хойд Каролина мужийн иргэн Амбер Дэвис гэгч эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын маш ховор тохиолддог өвчнөөр өвчилж, цэл залуу 27-хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Өөрийгөө хорт хавдартай гэдгээ мэдсэн бүсгүй найз Хейди Спиллане-с ганцхан зүйл хүссэн байна. Тэр нь дөрвөн настай Нора охинд нь өөрийнхөө хуримын даашинзыг өмсүүлж, амьдралд тохиосон тэрхүү онцгой өдрийг ганц удаа ч болов эргэн дурсуулахыг хүсчээ.
Ийнхүү дөрвөн настай охин ээжийнхээ хуримын даашинзыг өмсч, эцэг эхийнхээ хуримаа хийсэн газарт нь очин зургаа авхуулсан аж. Гэхдээ харамсалтай нь гурван ч хүүхдийн эх болсон Амбер охиныхоо зургийг үзэж амжилгүй таалал төгссөн байна.