Дурлалаас болж хохирол учирч, эмгэнэлт явдал гардаг нь жинхэнэ хайр сэтгэлийн тухай төсөөлөлтэй нэг л авцалддаггүй. Цаашилбал, хайр дурлалаас болж амиа хорлох нь хамгийн тэнэг хэрэг гэдэг боловч ухаангүй дурлалаасаа болж амьдрах хүсэлгүй болсон хүмүүс байж л байдаг. Яагаад? Энэ асуултанд хариулахын тулд эрдэмтэд янз бүрийн судалгаа хийж зарим нотолгоог гаргажээ. Мансууруулагч сэтгэлийн хөөрөл. Бүтэлгүй дурлалтай учирсан 100 хүний 99 нь нэлээд удаан хугацаагаар дахин дурлахыг хүсэхээ больдог гэсэн судалгаа байдаг. Тэд сэтгэл санааны гүнзгий хямралд ордог учраас дахин алдаагаа давтахаас айдаг.
Туулсан амьдралын туршлага, хүүхэд ахуй үеийн үлгэр, киноноос төсөөлсөн гэгээн хайрын тухай ойлголт, жинхэнэ дурлал хоёр хоорондоо ямар ч адилгүй байгаад тэд уурлаж бухимддаг. Дурлал бол сэтгэлийн гэгээхэн учрал биш зүгээр л маш хүчтэй бөгөөд мансуурлын донтуулах шинжтэй сэтгэлийн хөөрөл гэж олон жил нотолсон эрдэмтэд бий. Америкийн хэсэг эрдэмтэд гэр бүлийн хосуудын дурлалд автсан үед нь, мөн тайван харилцаатай байхад нь судалгаа хийжээ. Дурлал идэвхийлэх үед хүний биед явагдах химийн урвалаас тодорхой гормонууд ялгардаг гэдгийг тогтоожээ. Энэхүү гормоноор бэлдмэл хийж хүмүүст уулгахад тэд мөрөөдөмтгий, бодит амьдралаас тасархай, яг л дурласан юм шиг болдог гэнэ. Судалгааны хамгийн сонирхолтой нээлт нь хүн энэхүү эмэнд /гормонд/ хар тамхинд орсон юм шиг дасдаг байна.
Дурлалаас үзэн ядалт хүртэл дурласан хүн хайртай хүнээ хараад түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлж байгаа бол энэ яах аргагүй үнэн. Учир нь зөвхөн тэр хүн л түүний эд эсийг химийн урвалд оруулж түүнд хар тамхи шиг л хэрэгцээтэй байгаа гормоныг бий болгох чадвартай болсон. Ганцхан түүнийг л үхэн үхтлээ хайрлана, хүлээнэ гэж тангараглаж өөрийгөө “үнэнч” гэх зэргээр хөөргөнө. Ингээд үргэлжлээд байдаг бол ч яахав. Харин нөгөө охин /залуу/ өөр хүнтэй болбол яах вэ? Дурлах үзэн ядах хоёр зай завсаргүй болно. Үүнээс л жинхэнэ хэцүү зүйл үүснэ.
Өс хонзон
“Мөнхийн хайр”-аас аймшигт үзэн ядалт хүртэл зай байхгүй байна гэдэг нь жинхэнэ хайр байгаагүйн шинж гэнэ. Энэ бол зөвхөн хүсэн хүлээж байсан сэтгэл санааны болон сексийн ойлголцлыг дөнгөж шүргэсний шинж. Учир нь хос хоёрын амьдрал үргэлж хүчтэй нь хүчгүйгээ дарах эрх мэдлийн төлөө тэмцэл байдаг. Гомдол өвөрлөсөн ялагдагчид зөвхөн өс хонзонгийн хүсэл төрнө. Жинхэнэ хайр болон хувирч болох байсан дурлал маань урам хугарснаас болж уур бухимдлаар солигдоно. Дараа нь гомдсон зүрх сэтгэл, гутаагдсан нэр төрийнхөө төлөө өшөө авах хүсэлд автана. Энэ нь янз бүрийн хэлбэрээр илэрч болно. Гэр бүлийн сарын төсвийг санаандгүй, хэрэггүй зүйлд зарцуулна, сална гэж айлгана, өөр залуу /охин/-ыг сонирхож эхэлнэ. Энэ бүгд зөвхөн өөрийнхөө хүчтэй гэдгийг мэдрүүлэхийн төлөө үйлдэл. Хайраар эрх мэдлийг авч чадаагүй бол сүрдүүлэхийг оролдоно. Өөрийгөө доромжлуулахыг хүлээн зөвшөөрдөг хүн байхгүй учраас уучилна гэж бараг байхгүй.
Жинхэнэ хайр дурлал
Дээр дурьдсан бүхнээс дурлал, цаашилбал өс хонзон нь хүн төрөлхтний аюулт дайсан мэт харагдаж байна. Зарим хүмүүс асуудлыг шийдэх өөрийн аргатай болсон байдаг. Асуудал бишдэж эхэлмэгц шаардлагад илүү нийцэх өөр хүнийг хайж шинээр эхлэдэг. Гэвч энэ бол нэг тойргийн л дагуу яваад байна гэсэн үг. Дотнын найзаа дахин дахин солиод байх тусам та өөрийгөө улам хэцүү байдалд оруулж байна гэсэн үг. Учир нь цаг хугацаа таны эсрэг өнгөрсөөр байгаа. Нэг мэдэхэд та өөрийгөө хайр халамж, түшиг тулгуургүй, сэтгэлээ онгойлгох ойр дотны харилцаагүй хөгшин ганцаардмал хүн болсноо ойлгоно. Энэ мөчийг ирэхээс өмнө л хүмүүсийн хүсэж мөрөөддөг хайр дурлал болон хүмүүсийн мэддэг хайр дурлал хоёрын ялгааг олж мэдэх хэрэгтэй. Харин тэр жинхэнэ хайр дурлалтайгаа учрах арай болоогүй байгаа бол яах вэ гэж асуух хүмүүс байж магадгүй. Юуны түрүүнд хайрын төлөө өөрийгөө золиослохоос өмнө таныг танаас илүү, эсвэл адилхан хайрлах, хамгийн гол нь танд бүх талаараа тохирох хүнийг ол. Яадаг ч байсан түүндээ уусч, өөрийгөө мартаж болохгүй. Хэрвээ ийм юм нэгэнтээ болоод нөгөө хүн чинь тоогоогүй бол түүнд гомдох нь хамгийн утгагүй хэрэг.