Өнгөрсөн шөнө манай цагаар 02:45-аас Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн Украйны нийслэл Киев хотноо “Ялагдашгүй армада”-чууд Италийн багийн эсрэг тоглолоо. Дээрх хоёр баг нэг хэсэгт учраа таарсан бөгөөд тоглолт Италчуудын давамгай байдалд байсан ч 1:1 харьцаатай өндөрлөсөн билээ.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг “Евро 2012”-ын хагас шигшээд М.Балотелигийн хоёр гоолын ачаар “Евро 2012”-ын гол поверит гэгдээд байсан Германы шигшээ багийг буулгаж авсан. “Супер Марио” Немцүүдэд оруулсан гоолоо өргөж авсан ээждээ зориулсан бөгөөд Испантай хийх тоглолтод дор хаяж дөрвөн гоол оруулж түүнийгээ аавдаа зориулна гэж хэвлэлийнхэнд мэдэгдээд байсан юм.
Испанийн баг сүүлийн дөрвөн жилийн дотор дэлхийн аварга, Европийн аварга болоод байсан бөгөөд хэрэв “Евро 2012”-т цом өргөвөл хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээх юм. Тэдний хагас хамгаалалт ямарч багийн хамгаалалтыг сэтлэж чадаж байсан бөгөөд мөн хаалгач И.Каселос дэлхийн шилдэг хаалгач гэдгээ өмнөх тоглолтод харуулаад байсан билээ.
Тоглолт эхлээд л Испанчууд бөмбөгийг ихээр эзэмшиж богинын дамжуулалтыг олон хийж тоглолтын санаачлагыг авч 14 дэх минутад Фабригасын дамжуулалтаар Д.Силва мөргөж оруулснаар Испанчууд тэргүүлж эхэлсэн юм. Италийн баг тоог тэнцүүлэх гэж улайрснаар хамгаалалтаа сулруулсныг Алба 41 дэх минутад ашиглаж тоог 2:0 болгож холдууллаа. Тоглолтын хоёрдугаар хагаст “алтан жаал” Ф.Торрес сэлгээнээс орж ирж гоол хийснээр дэлхийн хоёр том тэмцээний финалын тоглолтод гоол оруулсан гэх бас нэгэн шинэ амжилт тогтоосон юм. Цаг дуусах мөчид сэлгээнээс орж ирсэн Х.Мата гоол хийснээр тоглолт 4:0-н харьцаатай Испанийн шигшээ баг Италийн багийг бут ниргэж “Евро 2012”-ын аварга боллоо.
Ийнхүү “Ялагдашгүй Армада”-чууд аваргаа хамгаалснаар дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд цоо шинэ хуудас нээж чадлаа.
Д.ӨНӨБОЛД