Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатарыг “VIP” ярилцлагадаа урилаа.
-Ардын жүжигчин Б.Дамчаа агсан таныг урлагийн тэр дундаа кино дэлгэцийн бүтээлд хөтөлж оруулсан гэдэг байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Энэ эрхэм хүнийг дурсахгүй байхыг аргагүй. Үнэхээр кино урлагт мөнхөрсөн алдартай жүжигчин, сайн зөвлөгч, багш байсан. Мөн Цэнпэлмаа багш маань байна. Би өөрийгөө хоёр багштай гэж хүндэлж, хайрлаж явдаг. Учир нь Б.Дамчаа багшийн шавь Т.Цэнпэлмаа. Т.Цэнпэлмаа багшийн шавь нь би байгаа юм. Харин гавьяат жүжигчин гэсэн энэ эрхэм алдрыг хүртэхэд бурхны орноос багш, ээж, аав маань харсан байх. Гэхдээ Т.Цэнпэлмаа багшаасаа өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин болсон нь жаахан тоогүй юм болсон. Одоо яалтай билээ, төөрөг л юм байлгүй.
Би Монголын кино урлагт 1978 оноос хойш ажиллаж байна. Нэг ёсондоо энэ айлын тогоонд 32 жил чанагдаж Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх нэр хүндийг олж авсан. Гэхдээ энэ миний гавьяа биш ээ. Төрүүлж өсгөсөн ээж, аавын буян. Миний буурал багш Б.Дамчаа агсан намайг киноны дуу оруулах энэ сайхан ажилтай холбож өгсөн ачтай хүн дээ.
-Таныг инженер мэргэжилтэй гэж сонссон. Кино урлагтай яаж яваад холбогдох болов?
-Би Гурлын үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийг гурлын инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд шууд Сэлэнгэ аймгийн Гурлын үйлдвэрт инженер, механикчаар ажиллахаар очиж байлаа. Тэгэхэд ажлынхаа хажуугаар урлаг, уран сайхны арга хэмжээнд их оролцдог. Транбур хөгжим тоглодог байлаа. Харин Гурлын үйлдвэрт ажиллаж байх үед цэргийн албаны зарлан ирсэн юм. Эхний жил нь аргалж байгаад үлдсэн. Дараа жил нь 1974 онд өөрийн эрхгүй цэрэгт татагдсан. 166 дугаар ангид очоод шууд хөгжмийн салааны даргаар томилогдсон доо.
Миний аз юм уу хөгжмийн салааны даргаас гадна бага даргын албанд очиж байсан түүхтэй. Цэргээс халагдаад байж байтал Кино үйлдвэрт дуу оруулах хүмүүсийг элсүүлнэ гэсэн зарлал гарсан юм. Би Мөнхөө гэдэг найзтайгаа уулзахаар Кино үйлдвэр рүү явж байсан. Тэгсэн найз маань “Шалгуулаад үзэхгүй юм уу” гэсэн. Би ч 250 гаруй хүнтэй шалгуулахаар дугаарлаж зогсож байгаад ороод очсон. Тэгсэн Д.Чимэд-Осор, Ж.Бунтар, У.Осор багш сууж байсан юм. Би тэгээд муухай Пүрэвээ гуайн дүрийн хэсгээс этүд үзүүлсэн. Тэгж би кино жүжигчин болсон. Жүжигчин болоход У.Осор багшийн ач буян их бий.
-Хамгийн анх ямар кинод дуу оруулж байв. Хуучны гэж хэлж болох гадаадын олон киноны дуугаар тань таныг андахгүй мэдэх болсон шүү дээ?
-Оросын кино байсан санаж байна. Михиал гэж дүр байсан даа. Анхны юм гэх үү, тэр үед их л сандарч байсан юм. Одоо бол миний дуу хоолой хүн бүрт л танил болж. Хөгширсөн ч гэсэн Нэргүйбаатар байна гээд танина гэдэг урлагийн онгод юм даа. Сүүлийн үед дуу оруулсан киногоо хэд болсныг тоолж үзээгүй. Хэдэн жилийн өмнө 7000 гараад явж байсан санагдана.
-“Илүү сартай зун” киноны ээрүү Дагвын дүрээр та хүмүүст танил болсон. Энэ дүр таны дэлгэцийн анхны бүтээл байв уу?
-“Илүү сартай зун” киноны Дагвын дүр дэлгэцийн урлагт орж ирээд бүтээсэн анхны уран бүтээл л дээ. Энэ дүрдээ хайртай байдаг. Одоо ч гэсэн сэтгэлээс гардаггүй.
-Сүүлийн үед орчуулгын киноны дуу оруулалт муудсан гэх болсон. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол үнэн. Мэргэжлийн дагуу хийхгүй болохоор үзэгчдэд наалдацтай хүрч чадахгүй байна. Нэг талаар кинонд дуу оруулахад ясны авьяастай хүмүүс нь цөөрөөд байна шүү дээ. Би олон шавьтай. Гадаадад сурч байгаа ч бий. Гэвч биднээс юм сураад авъя гэсэн бодолтой залуус байхгүй байгаа нь харамсалтай. Мөн гадаад киноны орчуулга нь муу байна. Хэн дуртай орчуулаад, дуу оруулдаг болсон цаг. Тиймээс энэ бүгдээс киноны дуу оруулалт унаж байгаа юм.
-Авьяас удамшдаг гэдэг. Таны авьяас, мэргэжлийг өвлөж авсан хүүхдүүд бий юү?
-Би хоёр охинтой. Нэг нь эмч, нөгөө нь “Гоом” студид киноны дуу оруулдаг. Нэг охин маань киноны дуу оруулах авьяасыг өвлөж авсан гэх үү дээ. Би умгар өрөөндөө ганцаараа амьдардаг. Гавьяат авсны дараа нэг гишүүн байр өгнө гэж амласан. Амны билгээс ачдын билэг гэдэг дээ. Байртай болчих байх гэж горьдож явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
С.МӨНХБАЯСГАЛАН /INFO.MN/