Францын Парис хотноо буюу Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээнээс Дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ.
Энэ удаагийн “Парисын Их дуулга” тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од дасгалжуулагчтай 13 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр татамид гарсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Жон Бу Кёнд нэмэлт цагт торгуулиар ялагдав.
2016 онд өөрийн жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт БНСУ-ын Кан Ю Ёнг вазари үнэлгээгээр, хэсгийн аваргын төлөөх барилдаан нутгийн бөх Францын А.Мосдьерийг 2 минут 04 секундэд цэвэр, хагас шигшээд Испанийн бөх Фигуэроаг 1 минут 22 секундэд цэвэр ялж шигшээд шалгарсан. Аваргын төлөөх барилдаанд “Рио –2016” олимпийн наадамд шөвгийн наймд учраа тааран ялагдаж байсан, “Токио-2016” Гран прид алтан медалийн төлөө таарч, торгуулиар ялсан, “гол өрсөлдөгч” Жон Бу Кёнтой барилдсан. Хоёр бөх барилдааны үндсэн минутанд адил хоёр хоёр торгууль авсан. Golden score буюу нэмэлт цагт манай бөхөд дахин нэг торгууль өгснөөр ялалт БНСУ-ын Жон Бу Кёнд очлоо.
IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулж буй тус тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин хүч, ур чадвараа сорьж байна.
Д.Өлзий
эх сурвалж: МОНЦАМЭ