Америкийн кино академийн оны шилдгүүдээ шалгаруулах ёслолын ажиллагаа буюу Оскарын 89 дэх удаагийн наадам боллоо.
Оны “Шилдэг кино” номинацид “Moonlight”, “Fences”, “Manchester by the sea”, “La La Land”, “Arrival”, “Lion”, “Hacksaw Ridge”, “Hell or High Water”, “Hidden Figures” зэрэг кинонууд өрсөлдөв.
Харин “ШИЛДЭГ КИНО” номинацын эзнээр “Ла Ла Лэнд” шалгарсан хэмээн Кино Академийн зүгээс зарлан уран бүтээлчид нь тайзнаас гарч талархлын үгээ хэлээп амжсан юм. Гэвч хэдхэн минутын дараа “Moonlight” киноны найруулагч тайзнаа гарч ирэн тэдний кино шилдэг бүтээлээр шалгарсан гэдгийг зарлалаа.
Оскарын түүхэнд хэзээ ч ийм явдал гарч байгаагүй бөгөөд зохион байгуулагчдын алдаа юу эсвэл шагналыг гардуулсан хүмүүсийн алдаа юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч “ШИЛДЭГ КИНО”-гоор “MOONLIGHT” шалгарлаа.
“ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН” номинацид “Ла Ла Лэнд” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Эмма Стоун хүртлээ.
Шагналыг өнгөрсөн жилийн “Шилдэг эрэгтэй дүр”-ийн Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо гардуулж өглөө.
Энэ жилийн “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН”-ээр “Manchester by the sea” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Кейси Аффлек тодорлоо.
“Шилдэг найруулагч” төрөлд “Ла Ла Лэнд” киноны найруулагч Дэмиен Шазель Оскарын шагнал хүртлээ. Өдгөө 32 настай найруулагч Оскарын шагнал хүртсэн хамгийн залуу найруулагч боллоо.
“Шилдэг сэдэвчилсэн зохиол” төрөлд “Manchaster by the sea” киногоороо Кеннет Лонерган шалгарлаа.
Итгэмээргүй юм гэхдээ “Ла Ла Лэнд” дөрөв дэх Оскароо хүртлээ. Тус кино одоогийн байдлаар “Шилдэг дуу”, “Шилдэг хөгжмийн найруулга” зэрэг төрөлд шалгараад байна.
Дуучин Жон Леженд “Ла Ла Лэнд” киноны дуу болох “City of stars” дууг дууллаа.
Улаан хивсний ёслолын үеэр дуучин Жастин Тимберлейк “Шагнал гардуулах ёслолын ажиллагаа улстөргүй болно” хэмээн хэлж байсан ч энэ нь эсрэгээрээ өрнөж байна.
Ираны найруулагчид АНУ руу нэвтрэх виз олгоогүйн улмаас тэрбээр шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр оролцож чадаагүй. Мөн Трампын бодлогыг эсэргүүцэн зарим жүжигчин энгэртээ цэнхэр тууз зүүсэн иржээ. Тус тууз нь АНУ-ын хүний эрхийг хамгаалагчдын холбооны бэлгэ тэмдэг аж.
“Богино хэмжээний баримтат кино”-гоор Орландо фон Айнсиделийн бүтээл “The White Helmets” шалгарлаа. Тус кино нь Сирийн мөргөлдөөний үед агаарын цохилтын улмаас байшин барилгын нуранган доор үлдсэн 80 мянга гаруй хүний ам насыг аварсан хүмүүнлэгийн ажилтнуудын тухай өгүүлдэг байна.
“The Jungle Book” кино энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг график дизайн” шагналыг хүртлээ.
Энэ жилийн Оскарын наадамд хамгийн олон буюу 14 номинацид нэр дэвшсэн “Ла Ла Лэнд” кино анхны Оскароо “Шилдэг тайз засалт” номинацид хүртлээ.
Алан Барилларогийн “Piper” хүүхэлдэйн кино “Шилдэг богино хэмжээний анимейшн кино” номинацид анхны Оскарын шагналаа хүртлээ. Мөн “Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино”-гоор “Zootopia” шалгарлаа.
Оскарын шагнал гардуулах ёслолын “Гадаад хэл дээрх шилдэг кино”-г Ираны найруулагч Асгар Фархадигийн “The Salesman” кино хүртлээ. Тэрбээр өнөөдрийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирж чадаагүй байна.
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп Исламын шашинтай зарим орны иргэдийг АНУ руу нэвтрүүлэхийг хориглосон зарлиг гаргасан билээ. Энэхүү зарлигийг эсэргүүцэн тэрбээр шагнал гардуулах ёслолд оролцоогүй байна.
“Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг “Fences” кинонд туслах дүр бүтээсэн өнгөт арьст жүжигчин Виола Дэвис хүртлээ. Энэ бол тус жүжигчний анхны Оскар юм.
Оскарын “Шилдэг дууны эвлүүлэг” шагналыг “Arrival” киноны уран бүтээлчид хүртэж байна. Энэхүү номинацид “Ла Ла Лэнд” кино нэр дэвшсэн нь шагналыг өрсөлдөгчдөө алдлаа. Сануулахад Ла Ла Лэнд кино нь энэ жилийн Оскарт хамгийн олон буюу 14 номинацид нэр дэвшиж буй юм.
Мөн “Шилдэг дууны найруулга” номинацид найруулагч алдарт жүжигчин Мэл Гибсоны бүтээл “Hacksaw Ridge” шалгарлаа.
O.J.: Made in America кино “Шилдэг баримтат кино”-гоор шалгарлаа. 7.5 цаг үргэлжлэх тус кино нь “ESPN”-ий бүтээл бөгөөд Америкийн нэрт тамирчин, жүжигчин О.Ж Симпсоны аллагын тухай өгүүлэх баримтат кино аж.
“Шилдэг нүүр хувиргалт” шагналыг найруулагч Дэвид Эйрийн “Suicide Squad” буюу Үхлийн салаа киноны уран бүтээлчид хүртлээ. Мөн “Шилдэг хувцас загвар” номинацид “Fantastic Beasts and Where to Find Them” киноны хувцас загвар дээр ажилласан Коллин Этвуд Оскар хүртлээ.
Сануулахад өнгөрсөн жил Америкийн кино академи Оскарын гол дөрвөн шагналд зөвхөн цагаан арьстнуудыг нэр дэвшүүлсэн шуугиан дагуулсан юм. Кино академи арьс өнгөний үзэл гаргаж буй хэмээн кино найруулагч Спайк Ли, жүжигчин Жада Пинкетт Смит нар Оскарын шагнал гардуулах ёслолд оролцоогүй.
Тэгвэл энэ жилийн Оскарын наадамд өнгөт арьст есөн жүжигчин нэр дэвшиж буй бөгөөд тэдний нэг нь болох Махершала Али анхны Оскарын шагналаа хүртлээ.
Энэ жилийн хамгийн эхний Оскарын шагнал буюу “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид “Moonlight” буюу Сарны гэрэл киногоор өнгөт арьст жүжигчин Махершала Али хүртлээ.
Өдгөө 44 настай тус жүжигчин өмнө нь Хөзрөн байшин кинонд тоглож байсан.
Шагналыг өнгөрсөн онд “Danish girl” киногоороо “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн номинацид Оскарын шагнал хүртсэн Швед гаралтай жүжигчин Алисиа Викандер гардуулан өглөө.
Шагнал гардуулах ёслолыг нээж алдарт дуучин Жастин Тимберлейк Троллууд хүүхэлдэйн киноны дуу Can’t Stop The Feeling дууг дууллаа. Тэрбээр тайзанд гарахаасаа өмнө өөрийн твиттер хуудаснаа дараах зургийг байршуулсан юм.
Өнгөрсөн жилийн шоуг инээдмийн жүжигчин Крис Рок хөтөлж явуулсан. Тэгвэл энэ жил телевизийн шилдэг хөтлөгчдийн нэг Жимми Киммел хөтөлж байна. Тэрбээр өнө нь Эмми, ESPY болон American Music Awards-ийг тус тус хөтөлж байсан туршлагатай нэгэн.
Дэгжин, хээнцэр оддын гоёлыг танддаг нэг уламжлалаар буюу Улаан хивсний ёслолоор Оскарын наадам эхэллээ. Ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Долби Театрт болж байна.
Х.Көгершин | GoGo.mn