Шантрашгүй байж чадахгүй бол амжилт бүтээл гэдэг үүрд таных болохгүй.
“Шаргуу хичээж зүтгээд байвал болохгүй юм байхгүй”, “Тэсвэр тэвчээртэй л байвал эцэст нь амжилтанд хүрнэ” гэсэн уриаг иш татан ямар ч хүн амжилтанд хүрч чадна гэж батлан хэлдэг хүмүүстэй бид олонтаа таардаг. Лото тоглож мөнгө хожих ч юмуу, ямар нэг зохиол, киноны гол баатарт аз тохиодог шиг “нэг удаа л том аз тохиовол” амьдрал тэр чигээрээ өөрчлөгддөг хорвоод дээрх үгс амбасын үеийн, балар эртнийх мэт санагддаг. Дээрээс нь тэсвэр тэвчээр гэдэг үг бол хэлэхтэй адил тийм ч амар зүйл биш учираас бүр ч тэгж санагддаг. Тэсвэр тэвчээртэй, уйгагүй шаргуу байна гэдэг бас нэг төрлийн чадвар юм.
Тэснэ, тэвчинэ гэдгийг хэн дуртай нь санааны зоргоор хийчихдэг зүйл биш учраас “тэсье, тэвчье гэвэл хэн ч чадна ш дээ” гэж хэн нэг нь хэлж байгаа бол тэр огт худлаа. Өөрийнхөө хүсч байгаа амьдралыг бүтээхийн тулд тэсвэр тэвчээр гэдэг зайлшгүй байх ёстой зүйл учраас төрөлхийн ямар нэгэн юмыг тэвчиж чаддаггүй зантай хүн бол “юмыг тэвчиж өнгөрөөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай.
Тэсэх гэдэг үгийн цаана хоёр утга агуулагдаж байна. “Тэвчиж өнгөрөөх”, “тасралтгүй хичээж зүтгэх” гэсэн хоёр утгатай.
Эхнийх нь өөрт тулгарч байгаа бэрхшээл саадыг дуртай ч бай дургүй ч бай хүлээн зөвшөөрнө гэсэн утгатай юм. Хэн нэг нь намайг доромжлоход нэг сайн цохиод авахыг хүссэн ч тэр хүслээ тас хорьж, сонсоогүй юм шиг царайлах бол яг “тэвчиж өнгөрөөх” гэдгийн тод жишээ юм. Хоёр дахь тодорхойлолт нь хийж байгаа ажилд нь саад болж байгаа янз бүрийн бэрхшээлээс шантралгүйгээр эцсээ хүртэл хөдөлмөрлөх гэсэн утгатай юм. Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулбал “тэвчих” тал дээрээ сайн боловч “тасралтгүй үргэлжлүүлэх” тал дээр муу байдаг.
Гэтэл аз жаргалыг хүсэмжлэгчдэд “тэвчих чадвар” биш “тасралтгүй үргэлжлүүлэх чадвар” юм.
Өөрийгөө юмыг тэсэж тэвчихдээ гаргууд сайн атал яагаад болж байгаа юм байхгүй байгаа юм бол хэмээн бухимддаг эмэгтэйчүүд тэсвэр тэвчээр гэдэг үгийн утгыг жинхэнэ утгаар нь ойлгож мэдэхгүй байх шиг санагддаг.
Шинэ зүйл эхэлж байснаас ямар нэгэн бэрхшээл зовлонтой тулгараад ч хамаагүй одоогийн байгаа байдлаа тэвчих нь дээр гэж үздэг тэд тэвчилтийн гарамгай мастерууд юм. Гэтэл та хүсч байгаа зүйлээ бүгдийг нь бүрдүүлж амьдрахыг хүсч байгаа бол мэдээж “шантрашгүй байх” гэдэг чадвараа нэмэгдүүлэх ёстой. Тэгэхийн тулд яах ёстой вэ?
Амжилт бүтээл шаталсан хэлбэрээр явагддаг:
Та өөрийгөө юу ч хийж чадахгүй амьтан гэж бодон гутранги үзэлд автсан байгаа юм биш биз?
Сурталчилгааны ажил гоё санагдаж эхэлтэл хүнтэй харьцах чадвар муу, зар сурталчилгааны эх бэлтгэх ажил нь арай боломжийн санагдаад эхэлсэн чинь хүний сэтгэл татах гойд юмгүй, нэг л болж өгөхгүй байгаад байгаа юм биш биз?
Бас цаг хугацаа өнгөрөөд л байхад өсөж дэвжсэн юмгүй бахь байдгаараа байгаа өөрийгөө хараад ёстой ямар ч юманд авъяас алга хэмээн зүрх алдаж байгаа юм биш биз?
Гэхдээ ямар нэгэн юманд сонирхол чинь татагдаж л байгаа бол чи тэр ажилд авъяастай байна гэсэн үг. Асуудлын гол нь юманд хичнээн тэсвэр тэвчээртэй, хичээл зүтгэлтэй хандаж байна вэ гэдэгт байгаа юм. Тэсвэр тэвчээр гэдэг бол ажилдаа амжилт гаргах тусам бага багаар бий болж байдаг зүйл билээ.
Үйлдвэрлэлийн дизайн гэдэг мэргэжлийг эзэмшсэн Ж багаасаа хүсч байсан гэр ахуйн барааны дизайнераар ажиллах боллоо. Гэтэл ажилд орсоныхоо дараа анхны загвараа бүтээсэн тэр нь гологдож, нилээд хэдэн сар өнгөрчихөөд байхад нэг ч загвар нь бүтээгдэхүүн болж гарч чадсангүй. Өөрийгөө дизайнер гэж хүмүүст танилцуулж хэлэхээсээ ичдэг боллоо. Хэрэндээ л хичээл зүтгэлтэй байсан Ж бүсгүй сэтгэлээр унаж эхлэв. Нэг хэсэгтээ би ер нь мэргэжлээ зөв сонгож чадсан юмуу гэж эргэлзэж байгаад нэг найзынхаа ажлын амжилтыг хараад өөрийгөө дайчлахаар шийдэн нэгэн соёлын төвд азийн урлагийн талаар цуврал семенарт суух боллоо. Анхны хичээл дээрээ тасалгааны цэцгийн хайчилбар хийж сурч эхэлсэн боловч тэр нь санаснаас хавьгүй хэцүү байсан болоод ч тэр үү олигтой болж өгөхгүй байлаа.
Багшаараа дахин дахин хэлүүлж байгаа Ж өөртэйгээ яг ижил хугацаанд суралцаж эхэлсэн хүн багшаас өндөр үнэлгээ авч байгааг хараад багагүй цохилтонд орлоо. Нэр дээрээ урлагийн дизайнер гэгдэх Ж бүсгүй өөртөө итгэх итгэлгүй болж эхэллээ. Тэр шөнөөс эхлээд Ж бүсгүй гэртээ хуучин сонингийн цаасаар хайчилбар хийх дасгалийг цөхрөлтгүй хийж эхлэв. Гэтэл хичнээн дасгал сургууль хийлээ гээд нэг их дээрдэж байгаа юм байхгүй байх шиг санагдаж байлаа. Хор шар нь хөдөлж шаргуу хичээж зүтгэсээр байсан нэгэн өдөр тэдний ангид орж ирсэн багшийн харц Ж-гийн хайчилбар дээр туслаа. Тэр багш бүсгүйн хайчилсан хайчилбарыг бусдад өргөж харуулаад ингэж хэлэв. “Үүнийг харцгаа. Хайчилбарыг ингэж хийдэг юм. Энэ хоёр эсгүүрийн хоорондох зай яг тохирсон байгаа биз дээ? Би өнөөг хүртэл хайчилбарын хичээл заахдаа ингэж сайн хайчилсан бүтээл анх удаа л олж харлаа.”
Ж бүсгүй хүн ямар нэгэн юманд хичээл зүтгэлтэй хандвал заавал амжилт гаргадаг юм байна гэдгийг анх удаа өөр дээрээ туршиж мэдлээ. Тиймээс өөрийн мартсан байсан нэг үнэнийг байнга санаж явах боллоо. Энэ нь юу вэ гэвэл шаргуу бас тасралтгүй хичээж зүтгээд байвал нэг өдөр унтаад босоод ирэхэд чадвар нь эрс нэмэгдсэн байдаг ба энэ нь амжилтанд хүрэх нэгэн шат дамжлага гэгч байлаа. Бага байхдаа төгөлдөр хуур дарж сурахдаа ч мөн ийм маягаар сурсан, усанд сэлж сурахдаа ч энэ л дарааллаар сурсан билээ. Бүсгүй багшаасаа магтаал сонсох тэр мөчид өөрийгөө жинхэнэ дизайнер болох тэр мөч холгүй байгаа юм байна хэмээн бодох болж, ямар нэгэн зүйлд сатааралгүй үргэлжлүүлэн хичээн зүтгэх болжээ.
Үнэхээр удсан ч үгүй Ж-гийн бүтээсэн загвар бүтээгдэхүүн болж худалдаанд гарч эхлэв. Тэрээр одоо нэр хүндтэй том компаний дизайнерийн үүргийг амжилттай гүйцэтгэж байна.
Чадвар өсөн нэмэгдсээр амжилт болон хувирч байгааг графикаар үзүүлье гэвэл дээд талдаа сумтай шулуун зураас биш шат хэлбэртэй байдаг. Хичээж зүтгэж байгаагийн хэрээр үр дүн нь газар дээрээ мэдрэгддэг бус “нэгэн өдөр гэнэт” нэг шат ахиж бидэнд харагддаг. Жижиг амжилт ч болов гаргаж үзээгүй хүмүүс энэ зүй тогтолыг мэддэггүй учраас шатны босоо зураасны яг өмнөхөн зорилгоосоо няцаж орхидог билээ.
Бүх амжилт ингэж “нэг өдөр гэнэт” бий болдог мэт харагддаг учир үүнийг сайн мэдэхгүй хүмүүс “амьдрал гэдэг азын сугалаа шиг сохор зүйл” гэсэн буруу бөгөөд өрөөсгөл ойлголттой явдаг билээ. Нэг өдөр хувьцааны үнэ өсч үлэмж хэмжээний өв хөрөнгөтэй болсон хүн удаан хугацааны турш хувьцааны зах зээлийн зүй тогтол, урсгалыг судалж, суралцсаны үндсэн дээр үүнийг хийж чадсан байдаг бөгөөд, кино нь хит болж маш их мөнгө олсон найруулагч өмнө нь “амжилт олохооргүй” киног бүтээж бүх хөрөнгөө үрэн таран хийн барин нийгэм ямар зүйлийг хүсэн хүлээж байгааг яс махаараа мэдэрсэн нэгэн байдаг байна.
Аз гэдэг зүйл гарцаагүй байдаг. Харин удаан хугацааны нөр их хичээл зүтгэлийн ачаар “шатны оройд” гарч чаддаг цөөн тооны хүмүүс л тэр азыг алдалгүй барьж авч чаддаг. Тиймээс та тэр цөөн тооны хүмүүсийн нэг болох ёстой.
“Хатуу, чанга, айхтар” гэж хэлүүлэхдээ эмэгтэйчүүд дургүй байдаг. Шуудхан хэлэхэд өөрийнхөө хүсч байгаа зүйлээ бүгдийг нь өөрийн болгож чадаад одоо тайван сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүдийн дунд зөөлөн, сул дорой эмэгтэй байдаггүй. Харин сул дорой юм шиг царай гаргадаг.