Таны хайрт та хоёрын дунд үл ойлголцох хана боссон бол яах вэ. Бүх юм өнгөрсөн үү, эсвэл засаж залруулж болох уу. Хүн болгон арван хуруу тэгш биш. Таны хань ч мөн адил. Гэхдээ муу тал нь хэт давамгайлсан бол түүнтэй эвлэрч болохгүй. Энд хэн нэгнээс сонссон амьдралын “багахан заль” туслахгүй. Харин судлаачдын хүлээн зөвшөөрсөн хамгийн шилдэг арга болох “шок”-ын арга тусална. Та гэр бүлийн харьцаанаас болж гутарч гунин “Юу ч хийсэн байдал өөрчлөгдөх биш” гэж бодож болохгүй. Ил гаргаагүй уур хилэн, бууж өгөмтгий, өөрийгөө дорд үзсэн байдал энэ бүхний шалтгаан болж байна. Та нөхөртөө эсэргүүцэл үзүүлэхээс айж, бүх бурууг өөртөө авдаг. Үүний хамгийн муу нь юу вэ гэвэл эрт орой хэзээ нэгэн цагт тэр таныг бүх зүйлд буруутгаж эхэлдэг. Тэр өөрөө сексийг хүсэхгүй бол таныг онцгүй харагдаж байна, ажил дээрээ алдаа гаргасан ч таныг өглөө эрт сэрээгээгүйгээс боллоо гэсээр сүүлдээ бүр ямар ч асуудал тохиолдсон бүх бурууг танд тохдог болно. Ингээд л таныг хүндлэх, хайрлах сэтгэл нь үгүй болж зодож эхэлнэ. Энэ үед та бас л ийм байх ёстой мэтээр хүлээн авдаг болсон байна. Ингээд нөхөр чинь ч, та ч өөрийгөө хүндлэхээ байж түүний зөв гэдэгт итгэж эхэлнэ. Хэрвээ та өөрийгөө яг ийм байдалд орсныг мэдэрч эхэлбэл аль болох хурдан хөдлөх хэрэгтэй. Танд зөвлөх гээд байгаа “шок”-ын арга гэдэг нь таны хүлцэнгүй даруу байдалд эвлэрсэн нөхөртөө цохилт болохоор түүний муу зан чанарыг нь дарах гэнэтийн шийдвэр гаргаж, зоригтой алхам хийхийг хэлж байгаа юм. Энэ аргын хамгийн чухал нь ингэж байж чадахгүй гэдгээ л маш сайн ойлгуулах явдал юм. Хамгийн гол нь түүнд бүү бууж өг, тэр үүнийг чинь хайрын илрэл гэж ойлгохгүй харин зөвшөөрөл мэт хүлээн авна. Та өөрийн амьдралын нэг хэвийн аймшигт өдрүүдийг дуусгавар болгоё гэвэл энэ аргыг заавал туршаад үзээрэй. Гэвч заримдаа энэ арга ч тус болохгүй байж мэднэ. Тэр хуучин хэвээр таныг зовоосоор байвал та түүнийг аврахаасаа нэгэнт өнгөрчээ. Тэгэхээр амиа бод. Өөрийгөө сэтгэлийн хямралд орж, цөхрөхөөс аврах ганцхан алхам л үлдлээ.