“Яг түүн шиг 2” шоуны оролцогч Б.Халиун фэйсбүүк хуудсаар дамжуулан үзэгчидтэй дараах ярилцлагыг өрнүүлжээ.
Шоу талдаа ороод явж байна. Дараагийн шатанд баззердаад таарсан хүнээ хэр дууриаж байна. Бэлтгэл ямар шатанд байна?
Баззер бол надад их чанга байгаа. Эхний шатанд эрэгтэй хүн болсон. Дараагийн шатанд монгол эмэгтэй. Тэгээд дахиад нэг эмэгтэй болсон. Гэтэл дөрөвдүгээр шатанд эрэгтэй хүн таарчихлаа.
Бүсгүйчүүдийн хүсэмжит Энрике Иглесиас таарсан. Том хар мэнгэтэй, сайхан залуу байгаа. Ерөнхийдөө бэлдэж байгаа. Эмэгтэй хүн эрэгтэй хүн болно гэдэг аягүй хэцүү юм билээ. Яах вэ өмнө нь нэг удаа туршлага суучихсан. Одоо бүх юмаа бэлдээд явж байна.
Хоёрдугаар шатанд дуучин Сэрчмааг дууриагаад ялагч болсон. Ихэр мэт байсан гэж олон нийт ярьж байна. Ялагч болох сэтгэгдэл хэр байв?
Үнэхээр гоё юм билээ. Тухайн үедээ өөрөө сандраад л аягүй сонин байдалд орсон. Үнэхээр тэр уран бүтээлчтэй адилхан болох гэж хичээж, оролцож ялагч болсон учраас их гоё байсан.
Энэ шоунд оролцсоноор их дурсамжтай, сайхан явдал болж өнгөрч байгаагийн нэг нь хоёрдугаар шат байлаа. Тэгээд Сэрчмаа баззер таарангуут дотроо баярлаж байсан л даа. Монгол эмэгтэй, маск хийхгүй болчих байх гэж бодож байсан. Тэгээд нүүрээ будуулаад, кимоно өмсөөд гараад ирсэн чинь хүмүүс “Хөөх Сэлли явж байна. Ямар адилхан юм бэ” гэж байсан. Дотроо адилхан харагдаж байгаа юм байна даа, адилхан харагдаж байгаа юм чинь өөрөө хичээх хэрэгтэй юм байна гэж бодсон.
Сэрчмаагийн дуу тухайн цаг үедээ нэлээд хит болж байсан дуунуудаас “Эрх саран”-г яагаад онцолсон бэ гэвэл кимоно өмчихсөн, арай өөр стильтэй байсан.
Дуучин Сэрчмаатай ямар харилцаатай вэ гэдгийг хүмүүс их сонирхож байна. Нэг анги юм уу гэхчлэн яригдаад байгаа?
Сэрчмаа эгч бид хоёр нэг анги биш шүү дээ. Уран бүтээл тал дээр бол бие биенээ мэддэг. Кивид байхад урагшаа аягүй их тоглолтоор явдаг байсан. Тэр үед бол хамт явдаг байсан.
Фэйсбүүк дээр аягүй их хөөрхөн пост орсон байсан. Ихэр юм уу, эгч дүү юм уу, нэг анги уу гээд их юм бичсэн байсан. Шагналаа хуваана биздээ гэх мэт. Ерөнхийд нь хүмүүс харчихаад их төстэй байна гэсэн. Мэдээж шоун дээр ойролцоо болгох нүүр будалт хийсэн.
Ариана Гранд дээр нэг хөгжилтэй юм болсон. Ариана нүдээрээ тоглоод айлгүйтдэг шүү дээ. Поргон дээр тэрийг нь дууриагаад. Тэгсэн найруулагч стоп, “Чи яг Сэрчмаа харагдаад байна. Хэрэггүй юм байна боль” гэж хэлсэн.
Ер нь Та тайзан дээр гарч ирээгүй, уран бүтээл хийгээгүй нэлээд удлаа. Тайзан дээрээ эргэж гарч ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Үзэгчдийн өмнө гараагүй их удсан. Тайзан дээр бол гараад явж байсан. Энд тэнд хурим найр дээр, баяр ёслол дээр бид бас оролцож байсан. Манай хоёр бага нэлээд ойрхон гарсан шүү дээ. Тэгээд яалт ч үгүй цаг хугацааны хувьд боломжгүй байлаа.
Мэдээж тайзан дээр гараад, долоо хоног бүр үзэгчидтэйгээ уулзах үнэхээр сайхан байна.
Та гуравдугаар шатанд яагаад Арианагийн “Side to side” дууг сонгосон бэ?
Ариана бол сүүлийн үед үнэхээр маш хүчтэй гарч ирж байгаа, мундаг дуулдаг охин байгаа шүү дээ. Дэлхий даяар бүх уран бүтээлүүд нь хит болоод байгаа. “Side to side”-ийг яагаад сонгосон бэ гэхээр манай хүүхдүүд сонсох дуртай. Манай том хүү аймар дуртай. Ээжээ та энэ дууг дуулчих аа, манай ангийнхан ч аймар сонсдог гээд хэлсэн. Багууд маань ч дуулаад аялаад явж байдаг. Тэгээд тэр дууг шууд л сонссон л доо.
Яг үзүүлбэр дээрээ өөрийнх нь амьд тоглолтыг дууриасан. Спиннингтэй нэлээд чанга байсан л даа.
Гурван хүүхэдтэй гэхэд биеэ үнэхээр сайхан авч явж чадаж байна. Нууц нь юунд байна вэ?
Баярлалаа. Нууц гэх юм байхгүй. Янз бүрийн дасгал хийдэггүй, фитнесст явдаггүй.
Манай гурван хүүхэд чинь гурвуулаа хүү шүү дээ. Хүү төрүүлэхээр ээждээ гоо сайхан бэлэглэдэг гэж хүмүүс ярьдаг. Манай гурван хүү ээждээ гоо сайхан бэлэглэсэн юм байлгүй дээ. Манай том хүү 10 настай, дунд хүү 3 нас гарантай, бага маань ой гарантай жаахан байгаа.
Гурван хүүхэд, гэрийн эзэгтэйн ажлын хажуугаар шоунд оролцоод их ачаалалтай байгаа байх. Яаж зохицуулж байна?
Зохицуулахаас өөр аргагүй болсон. Шоунд оролцох шийдвэрээ гаргачихсан учраас яаж ийж байгаад л зохицуулж байна. Манай аав ээж нар их тусалж байгаа. Хоёр аав ээж ээлжилж хараад л яваад байгаа. Сая нэг хэсэг хүүхдүүдтэйгээ уулзаагүй их удсан.
Нөхөр маань үргэлж урам зориг, итгэл хайрлаж байгаа. Чи чадна аа ор ор гээд л байнга эрчилж хурцалж байгаа. Манай том хүү бас энэ шоунд ор гоё шоу гээд их дэмжсэн.
Нэг хөгжилтэй асуулт асууя. Холливудын оддоос 1 хүнтэй 24 цаг солигдоод, яг амьдралаар нь амьдар гэвэл хэнийг сонгох вэ? Яагаад?
Анжелино Жоли болъё гэж бодож байна. Учир нь тэр хүмүүнлэгийн сайн үйлсийн ажил их хийдэг. Ядуу буурай орнуудаар их явдаг. Даанч манай улсад ирдэггүй юм. Хэрвээ 24 цаг солигд гэвэл гялс эх орондоо ирээд, сайн хөрөнгө оруулалт хийгээд буцна даа.
Бас нэгэн хөгжилтэй асуулт. Та шоуны оролцогчдоос нэг хүнийг дагуулаад 7 хоног ойн байшинд амьдар гэвэл хэнийг сонгох вэ?
Ямар хэцүү асуулт вэ. Эмэгтэй хүн сонговол мод түлээ, гал түлэх гээд хэцүү. Эрэгтэй хүн гэхээр их хэцүү юм. С.Гантогоог авч явдаг юм уу. Ер нь С.Гантогоог авч яваад Солонгос хэл заалгачихъя. Тэгээд цоглог юм чинь хэзээ ч уйдахгүй.
Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байгаа вэ?
Ерөнхийдөө төлөвлөгөөндөө ороод түрүүчээсээ ажлууд эхэлчихсэн явж байгаа. Соло уран бүтээл хийнэ. Ханьтайгаа үргэлжлүүлээд дуэт дуунуудаа хийнэ. Одоохондоо нэвтрүүлэгт оролцож байгаа болохоор зав муутай байгаа.
Манай хүн төрийн алба хашиж байгаа. Миний хань үнэхээр мундаг аав. Бид хоёрын дунд иймээ тиймээ юм байдаггүй.
Яг түүн шиг шоуны финалын ялагч багагүй хэмжээний шагнал авахыг бид бүхэн мэдэж байгаа. Ялагч болвол шагналаа юунд зарцуулах вэ?
Нэлээд өндөр шагналын сантай байгаа. Мэдээж өөрийнхөө уран бүтээлд зарцуулна. Бодсон санасан зүйл бий. Бас тодорхой хэмжээг сайн үйлсийн аянд зарцуулна гэж бодож байна.
Бусад оролцогчдоос хэн нь хамгийн хүчтэй оролцогч санагдаж байна?
Ер нь бүгдээрээ л мундаг хичээж зүтгэж байгаа. Шоу бол дөнгөж эхэлж байна шүү дээ.
Өдөр бүр бид хамт уулзаад л, байнга бүх юман дээр хамт байгаад байхаар сүүлдээ бие биенээ санадаг болоод байгаа.
TIME.mn