Нью-Йорк, Парис, Милан, Португалын загварын долоо хоногт амжилттай оролцож, эх орондоо ирээд байгаа загвар өмсөгч Ж.Энэрэлтэй ярилцаж, түүний дотоод ертөнцөд зочиллоо.
-Юун түрүүнд дэлхийн загварын тавцанд гарсан чамд баяр хүргэе. Томоохон загварын шоунуудад оролцоод ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Удахгүй Лондоны загварын долоо хоногт алхахаар явна. Нью-Йорк, Парис, Милан, Португал, Лондоны гээд таван өөр орны загварын агентлагтай гэрээтэй ажиллаж байна. Гэрээгээ саяхан байгуулсан. Ерөнхийдөө гурван жилийн хугацаатай. Аль аль тал нь цуцлахгүй бол цаашаа сунгагдана.
Хамгийн анх Нью-Йоркт болсон “Mersedes benz” загварын долоо хоногт оролцохоор “Монгол брэнд”-ийн нүүр царай болж явсан. Тэнд байхдаа моделуудыг олж нээдэг хүнтэй танилцсан маань маш азтай тохиол болсон. Ингээд нэг жилийн дараа тэр хүнээр дамжуулан Нью-Йоркийн загварын агентлагтай гэрээ байгуулж, дэлхийн загварын тайзнаа гарсан юм.
Миний эцсийн зорилго ямар нэг бүтээл туурвиад нас эцэслэх
Хамгийн анхны тайз Нью-Йоркт болсон “Helles” брэндийн шоу байсан. Тайзан дээр гараад алхаж байхдаа “Би алхчихлаа, чадлаа шүү дээ” гэж бодоод, уйлмаар ч юм шиг санагдаж, сэтгэл маш их хөдөлсөн. Ер нь тайз болгон шинэ мэдрэмж төрүүлдэг.
-Загварынхан монгол модель гэхээр ямар хандлагаар хүлээж авдаг вэ?
-Ази ч гэсэн би бусад орны азиудаас арай өөр харагддаг. Хятад, Солонгос моделууд ерөнхийдөө цагаан царайтай, онигор нүдтэй талдаа. Харин би давхраатай, бор арьстай. Бас алхаагаараа ялгардаг. Зарим агентлагийнхан хэтэрхий таазаа хаялж байна гэдэг бол нөгөө нэг нь “Ямар гоё алхдаг юм бэ, хаана сурсан юм бэ” гэж асуудаг. Үүгээрээ л ялгардаг байх даа.
-Дэлхийн загварын шоунуудаас хамгийн мартахааргүй гүн сэтгэгдэл төрүүлсэн тайз хаанахых байсан бэ?
-Шоуг эхлүүлж, бас хааж байсан тайз мартагдахааргүй дурсамжтай. Загварын шоуг эхлүүлэх модел тухайн шоуны өнгө төрхийг харуулах хариуцлагатай үүрэг хүлээдэг. Дизайнерууд ихэвчлэн хүчтэй, эсвэл шинэ содон дүр төрхийг сонгож, шоугаа эхлүүлдэг. Нью-Йоркт нэг шоуг нээж байсан бол Португалын загварын долоо хоногийг хааж, парадыг нь эхлүүлсэн. Энэ л хамгийн дурсамжтай байсан даа.
-Яагаад загвар өмсөгч болохоор шийдсэн юм бэ. Энэ ажлыг хийхэд ямар урам зориг авдаг вэ?
-Би багадаа эршүүд хүүхэд байсан. Ээж дандаа л “Үсээ самнаач, хумс хуруугаа янзлаач” гэж загнана. Намайг эмэгтэйлэг болгох гээд ээж “Торго” салонд явуулсан юм. Тухайн үед манай ээж надаас хол байдаг байв. Надад эмэгтэй хүний үлгэр дуурайл үзүүлж чадахгүй болохоороо тийш явуулахаар шийдсэн байх. “Торго”-ын дамжааг төгсөөд “Гоёл” наадамд орсон.
Нэг их удаагүй Хятад руу сургуульд сурахаар яваад Монголдоо эргэж ирснийхээ дараа “Face of Mongolia” тэмцээнд оролцож, түрүүлсэн. Эндээс миний загварын ертөнцөд ажллах гараа маань эхэлсэн. Ингээд дуучин Д.Болдын клипэнд тоглож, “Говь” компанийн нүүр царай болж, сүүлд нь Сингапур руу явсан. Хүн хийх ёстой, байх ёстой газраа мэдэрдэг дээ. Энэ л миний хийх зүйл байна гэж мэдэрсэн учраас би загвар өмсөгч болохоор шийдсэн. Манай аав морин хийл тоглодог, урлагийн хүн. Тэр талаараа аавтайгаа адилхан гэж өөрийгөө боддог. Ямар нэг зүйлд баригдах дургүй. Хүний амьдрал цаанаасаа зурагдсан байдаг шүү дээ.
-Ээжтэйгээ хамт өсөөгүй юм байна гэж ойлголоо. Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу?
-Би хотод төрж, өссөн. Манай ээж намайг 19 настайдаа төрүүлсэн. Тухайн үед ээж маань хичээл сургуультай байсан учир би эмээ дээрээ өссөн гэхэд болно. Намайг нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн нэгдүгээр ангид сурч байхад ээж Замын-Үүдэд гаалийн байцаагчаар ажилладаг байлаа. Хоёрдугаар ангиасаа ээж дээрээ очиж, гурван жил орчим хамт амьдарсан. Тэгээд буцаж хотод ирээд, зургадугаар ангиасаа Плехановын нэрэмжит дунд сургуульд орсон. Ер нь сургууль их олон сольжээ, одоо бодоход.
Аравдугаар ангийнхаа дундаас Хятад руу явж, нэг жил сураад буцаад 24 дүгээр сургуульдаа ирж, төгссөн. Тухайн үед ахындаа буюу ээжийн дүүгийн хамт 13 дугаар хороололд хоёулхнаа амьдардаг байлаа. Ах маш их ажилтай. Намайг унтаж байх хойгуур гэртээ ирнэ. Би өглөө унтаж байхад нь хичээлдээ явчихна. Энэ үеэс биеэ дааж сурсан. 12 настай байсан байх. Ээж надад мөнгө явуулна. Түүнийг нь би өөрөө зохицуулаад амьдарчихдаг байсан. Хичээлээ тараад найз нартайгаа дэмий тэнэж байгаад гэртээ ирнэ. Гэртээ ирээд Оросын ТНТ сувгийг их үздэг байжээ.
Цаашдын зорилгын тухайд гадаадад карьераа дээшлүүлэх. Тэнд би одоогоор шинэ хүн. Тиймээс бүх зүйлийг дахиад эхнээс нь эхэлж байна.-Дэмий тэнэдэг байсан гэхээр хичээлдээ бага анхаардаг байсан хэрэг үү. Сурлагадаа хэр байсан бэ?
-Долдугаар ангид орохоосоо өмнө би дуугүй, даруухан нэгэн байлаа. Плехановт орохдоо тайрмал богино үстэй байв. Манай ангийнхан намайг жижигхэн үстэй, жижигхээн охин гэж ярина. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй гээд л. Тэгсэн мөртлөө математикийн хичээл дээр самбарын өмнө байнга гарчихна. Тооны хичээлдээ маш дуртай. Ер нь нэг их хичээдэггүй ч хичээлдээ сайн хүүхэд байсан шүү. Тиймдээ ч 10 жилээ онц дүнтэй төгссөн.
-Нууц биш бол нэг загварын шоунд оролцоод хэдий хэмжээний мөнгө авдаг вэ?
-Аль ч улсад ашгийн 30 хувийг агентлаг, үлдсэн хувийг нь загвар өмсөгчид өөрсдөө авдаг. Гэхдээ Францын татвар нэлээд өндөр. Бараг 40 хувийн татвар авдаг болохоор ердөө 30 хувь нь л үлдэнэ. Тиймээс Францад загвар өмсөхөд энэ талаараа жаахан хэцүү. Европт нэг загварын шоу 800-1500 евро байдаг. Нью-Йоркт 500 ам.доллараас эхэлнэ. Брэнд нь томрох тусам үнэ нь өсдөг. Тэгэхээр гадаадад моделоор сайн ажиллавал мөнгө олох боломжтой.
-Мөнгө амьдралыг аз жаргалтай болгох гол хүчин зүйл мөн үү?
-Мэдээж өөрийн дуртай ажлаа хийгээд, ахиу мөнгө олохыг хэн ч хүснэ. Зорилгодоо хүрчих юм бол их мөнгө олно. Мөнгөнд дургүй хүн гэж байхгүй. Энэ зуунд бүх зүйлийг мөнгөөр авч, хэмжиж байна шүү дээ.
-Mongolia’s next top model тэмцээнд оролцох бодол байв уу?
-Надад санал ирсэн. Яг Парис явахаар төлөвлөсөн байсан үе. Тэгээд ч Нью-Йоркт алхчихаад жоохон хүүхдүүдтэй өрсөлдөөд байх утгагүй санагдсан.
-Хүн нэг л амьдарна. Энэ амьдралдаа гундуу явахыг хүсэх хүн цөөн. Чиний хувьд амьдралын утга учир гэж юү вэ. Цаашдын зорилго?
-Миний эцсийн зорилго ямар нэг бүтээл туурвиад нас эцэслэх. Ямартай ч хүүхэд гаргачихлаа. Үр удам маань үлдэж байна. Харин одоо оюуны талаас ямар нэг зүйл хийхийг мөрөөдөж байгаа. Магадгүй хөгширсөн хойноо өөрийн намтраар ном туурвих байх. Мөн кино урлагийн салбарт ажиллана гэж боддог. Цаашдын зорилгын тухайд гадаадад карьераа дээшлүүлэх. Тэнд би одоогоор шинэ хүн. Тиймээс бүх зүйлийг дахиад эхнээс нь эхэлж байна. Иймд гадаад дахь карьераа шинээр босгоно, амжилтад хүрнэ гэсэн зорилго тээж байна даа. Хөл тавьчихсан учир ухрах зам, шантрах эрх байхгүй. Оргилд нь гарч байж санаа минь амарна.
-Ажиглаад байхад чиний дотоод ертөнц нэг л өөр юм. Өөртэйгөө хэр их зөрчилддөг вэ?
-Тийм ээ, үнэн. Өөртэйгөө маш их ярьдаг. Заримдаа үүнээсээ болоод бухимдах үе цөөнгүй. Өөрөөсөө маш их зүйл хүсчихдэг. Түүндээ хүрч чадахгүй болохоор өөрийгөө үзэн ядах тохиолдол цөөнгүй. Гэхдээ хүн ямар ч зүйлд шантрахгүй, урагшаа давших ёстой гэж боддог. Би Сингапурт очоод өөрийгөө амжилт олохгүйг мэдсэн. Ингээд Европ руу гарна гэж бодсоор бүх зүйл бүтчихсэн. Тиймээс бодлын хүч их чухал. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй.
Энэ л миний хийх зүйл байна гэж мэдэрсэн учраас би загвар өмсөгч болохоор шийдсэн
-Хайр дурлалын тухай ярья. “A sound” хамтлагийн гитарчин Б.Чойжилсүрэнтэй гэр бүл болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Хайр дурлалын тухай яримааргүй байна. Хол байгаад тэр үү, бидний үзэл бодол өөрчлөгдөж, нэг нэгэнтэйгээ ойлголцохоо больсон гэх үү дээ. Анх түүнтэй танилцаж байхдаа би өөрийгөө хэн бэ гэдгийг бүрэн дүүрэн олоогүй байсан. Харин одоо хувь хүн болж, өөрийн гэсэн үзэл бодол, ёс суртахуунтай болсон. Үүнд мэдээж амбийц, карьер нөлөөлж байгаа байх. Өмнө нь би дандаа буулт хийдэг байсан юм. Эмэгтэй хүний хувьд насаараа буулт хийж амьдарна гэж юү байх вэ дээ. Тиймээс хоёр тийш болж байгаа.
-Хэр их шартай вэ?
-Би шарыг өөрийгөө илүү байлгах, өөртэйгөө өрсөлдөх хөшүүрэг гэж ойлгодог. Түүнээс биш, шартай гээд хүн хорлоод явж болохгүй. Хүн тэр зан чанараараа өөрийгөө шүүмжилж, босгож, бас бахархаж, бардаж чаддаг байх ёстой. Хэн нэгнээр дутахгүй байж, өөртөө найз нь болж чадвал хүчирхэг нэгэн болно. Хүүхдээ ч гэсэн тийм хүн болоосой гэж хүсдэг.
-Яг өөр шигээ юү?
-Би өөрийгөө тийм миа гар гэж боддоггүй. Тэгэхээр сонирхолд нь хязгаар тавихгүй. Багаас нь сонирхсон зүйлд нь явуулахыг бодож байна. Хүн нэг юмны түлхүүрийг олчихвол аяндаа болчихдог шүү дээ.
-Амьдралын хэрэгцээ юм хойно хүн бүр л байртай, машинтай болохыг хүсдэг. Чиний хувьд амьдрал хэр байна даа?
-Одоохондоо тиймэрхүү зүйлийг босгож чадаагүй л байна. Гэхдээ ойрын төлөвлөгөөнд багтсан. Хүүхэдтэй болсон болохоор тэр зүйлүүд байх ёстой. Миний хувьд яг одоо үүр цайхын өмнөх үе. Тун удахгүй бүх зүйл сайхан болох юм шиг санагдаж, итгэж байгаа. -Ярилцсанд баярлалаа. Миний эцсийн зорилго ямар нэг бүтээл туурвиад нас эцэслэх
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ