Дэлхийн хамгийн баян клубийн супер довтлогч Марио Балотеллигийн ээж Рөүз Барвуах хүүгээсээ мөнгө авахгүйгээр өөрийн хөдөлмөрөөр амьжиргаагаа залгуулдаг ажээ. Түүнийг нэлээд ядуу тарчиг амьдарч байгааг “Телеграф” сонинд бичсэн байна.
“Манчестер сити” клубийн довтлогч маань долоо хоногт 120 мянган фунт стерлингийн цалин авдаг. Өөрөөр хэлбэл, цагт 714.2 фунт стерлинг гэсэн үг. Харин түүний ээж цагийн 6.08 фунт стерлингийн цалинтай оффисын цэвэрлэгчийн ажил хийдэг аж.
Хатагтай Рөүз Барвуах өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Манчестер хотод хүүгийнхээ ойролцоо нүүж очсон байна. Тэрбээр умгар байшинд амьдардаг бөгөөд “11” дугаарын нийтийн автобусанд сууж ажил руугаа явдаг.
Харин Марио Балотелли гурван сая фунт стерлингийн үнэтэй байшинд амьдарч, 120 мянган фунт стерлингийн үнэтэй “Bentley Continental GT” автомашин хөлөглөдөг. “Телеграф” сонинд бичсэнээр баян хөлбөмбөгч хүү нь заримдаа ээжийнхээ умгар байшинд зочилдог.
Гана гаралтай Рөүз Барвуах 1992 онд Марио Балотеллиг Италийн Францеско, Сильлвиа нарт өргүүлжээ. Италийн шигшээ багийн “супер” Марио төрсөн ээждээ тийм ч сайн ханддаггүй. Чухал шаардлагатай үед л тусалдаг гэж “Манчестер сити” клубт элсэхээс өмнө хэвлэлүүдэд бичиж байв.