Хүрэхэд хэцүү оргил бий
Зүтгэсээр дуусах зам буй
Хүлээхэд хэцүү амлалт бий
Хууртсаар дуусах итгэл бий
Ойлгоход хэцүү ааш бий
Ойлгож чадвал хайрлах нь бий
Олоход хэцүү нууц бий
Олсон хойноо уйлах нь бий
Хадгалахад хэцүү ариун бий
Хадгалсаар үхэх үнэнч бий
Хайрлахад хэцүү үе бий
Хатамжилсаар үлдэх сонголт бий
Уухад цээртэй сархад бий
Уусан хойноо хордох нь бий
Нөхцөхөд цөвтэй амраг бий
Нөхцсөн хойноо гэмших нь бий
Уучилж боломгүй урвалт бий
Уучилсан хойноо харамсах нь бий
Тэвчихэд хэцүү мунхаг бий
Тэвчсээр хохирох амьдрал бий
Нөхөрлөхөд хэцүү сонирхол бий
Нөхөрлөсөн хойноо харамсах нь бий
Босоход ч хэцүү цаг бий
Боссон хойноо алхах нь бий
Мартахад хэцүү гэм бий
Давтсаар яваад эцэслэх нь бий
Буцахад хэцүү зам бий
Буруудсаар яваад төгсөх нь бий
Засахад хэцүү алдаа бий
Зассан хойноо болдогийг ойлгох
Сурахад хэцүү ном бий
Сурсан хойноо чаддаггаа мэдэх
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.07.14-нд