Дэлхийд би цайвар ягаан туяа татуулан ирсэн, тэр туяаныхаа хүчинд бусдыг ч таних нүдтэй болсон
Эхийн минь хэвлий улаан шаргал байв… унахад минь тоссон гар хөрслөг тосон бор байв…
Хөх цэнхэр гэгээ сормуусыг минь нэвтэлсэн, хөхөмдөг цайвар агаар амьсгалыг минь жигдэлсэн
Тунгалаг цагаан сүү хоолойг минь норгосон, туяаран шаргалтах нар зулайг минь үнэрлэсэн
Өнгөний хаад намайг тосож авсан болохоор өөрөө би ертөнцийг олон дүрээр ширтдэг…
Ногоолин туниртах өвс хөлийг минь илбэн эрхлүүлж, номин цэнхэр тэнгэр харааг минь булаан ухааныг минь цэгцэлсэн
Гялалзан цайрах одод сарны сүүдэрт нуугддаггүй шиг гэгэлзэн буй сэтгэл минь өнгөний бараанд гандахгүй
Цаг хугацаа зүрхийг минь час улаанаар дүрэлзүүлж, уруул минь үзэм ягаанруу дөхсөн ч
Гар минь үнэрт саарлыг илбэж, чих минь хар цагааныг дуулавч
Өнгө өнгөөрөө л үзэсгэлэнтэй энэ л гариг дээр би өөрийн өнгөө олоод үдлэн амьдарч явна…цаашид ч амьдарсаар байна
Үхэхэд сүнс минь хүртэл цагаан цайвар болно…өнгөний хаад намайг үүрд орхихгүй нь сайхан
Х.ДУЛАМСҮРЭН