Хүмүүс боломжийнхоо хэрээр үнэтэй эсвэл арай хямд эд зүйлс цуглуулах сонирхолтой байдаг. Би ч мөн цуглуулгатай нэгэн. Гэвч цуглуулга маань дэндүү даруухан.
Тэнд дунд сургуульд сурч байх үеийн минь латин хэлний хичээл дээрээ бичиж байсан гунигт амьдралын мөрүүд бий… Мөн хэдийнэ хуучирч, шинээр солих болсон хатаасан хэдэн цэцэг байгаа…
Ингээд бодохоор надад ер нь элэгдэж, хуучирсан нэг муу хантаазнаас өөр эд зүйл гэх юм бараг л үгүй мэт…
За, өнөөх чинь энэ байна. Өнгөө алдаж, урагдсан эд дээ. Томоос том толботой, нэг ч товч үгүй, зах нь сэмэрсэн, бас тамхины цогонд түлэгдсэн, ийм л нэг хантааз. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, хантаазны арын бүс, түүн дээр байрлах арал. Богиносгож, нэлээд болхидуу оёсон бүс, бас шүдээрээ л чангалдаг байсан болов уу гэмээр арал.
Үүнийг харсан хэнд ч хувцасны эзэн өдөр бүр турсаар сүүлдээ хантаазны ч хэрэггүй болсон болов уу гэх бодол юун түрүүнд төрмөөр гээч.
Өнөөдөр л гэхэд надад бага зэрэг түвэг удаад буй энэ даавууг хэн нэгэнд дуртайяа өгөхөд бэлэн байгаагаа нуух юун. Хог цуглуулаад байх шүүгээ надад үгүйгээс гадна өөрийн эд зүйлсийн хамт нэг муу хантаазны хэлтэрхий байлгахыг хүсэхгүй байна. Нэгэн цагт би үүнийг өөрийнх нь өртгөөс хавьгүй өндөр үнээр худалдан авч билээ. Хэрэв цаад хүн тохиролцож чаддаг байсансан бол би илүү ихийг ч төлөхөөр байлаа. Хүн амьдралдаа уйтгар гунигийг нь сануулах эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай байх үе байдаг л юм санж.
Гэвч уг уйтгар гуниг миний дотор биш хөршийн маань байранд нүүрлэсэн байсан юм. Би цонхны цаанаас өдөр бүр тэдний нэг өрөө рүү хараад байж болохоор байв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд тэднийд гурван хүн амьдардаг байлаа. Байрны эзэн эхнэр, нөхөр, мөн хувцасны шүүгээний цаана байрлах модон хайрцган дээр унтдаг зарц эмэгтэй. Оюун санаа минь намайг хуураагүй бол долоодугаар сар гэхэд гэрийн эзэд хоёулахнаа үлдсэн. Учир нь, зарц эмэгтэй өөрт нь жилийн гурван рублийн цалин өгч, өдөр бүр хооллож чадах гэр бүл рүү нүүсэн байж.
Харин аравдугаар сард гэрийн эзэгтэй ганцаархнаа хоцорсон. Гэхдээ яг ч ганцаархнаа гэж хэлж болохгүй. Учир нь, байранд нь түүнтэй хамт хоёр ор, ширээ, хувцасны шүүгээ зэрэг олон эд зүйл байсан. Гэвч арваннэгдүгээр сарын эхээр гэрийн эзэгтэй нөхрөөсөө үлдсэн бүх зүйлийг дуудлага худалдаагаар зарж орхисон юм. Тэрээр өөртөө зөвхөн надад буй энэхүү хантаазыг л үлдээсэн байж билээ.
Тун удалгүй арваннэгдүгээр сарын сүүлээр гэрийн эзэгтэй хоосон байрандаа хуучин эд зүйлсийн наймаачинг дуудаж өөрийнхөө шүхрийг хоёр злотоор, нөхрийнхөө хуучирсан муу хантаазыг дөчин грошоор зарсан юм. Дараа нь байрныхаа хаалгыг түгжиж, гадаа талбайгаар тайван гэгч нь алхаад хашааны хаалганы дэргэдэх харуулд түлхүүрээ өгөнгөө хөнгөн цасанд хучигдсан байрныхаа цонхыг нэгэнтээ хараад хашааны цаагуур орон алга болсон сон.
Харин хуучин эд зүйлсийн наймаачин байшингийн өмнөх талбай дээр ганцаар зогсож харагдсан. Тэрээр том нөмрөгнийхөө захыг дээш нь босгоод, дөнгөж сая худалдаж авсан шүхрээ сугандаа хавчуулж, даарснаасаа болж улайсан гараа хантаазаар ороосон байв.
Чингээд:
– Наймаа байна шүү, ноёд, хатагтай нар аа… Наймаа байна! хэмээн орилох аж.
Би түүнийг дуудлаа.
– Сайхан сэтгэлт ноёнтон минь, танд зарах зүйл байгаа юм уу? хэмээн тэр нааш ирэнгээ асууж байна.
– Үгүй дээ. Би чамаас юм худалдаж авъя.
– Тэгэлгүй яахав. Эрхэм ээ, та шүхэр авахгүй биз?… гэж жүүд худалдаачин асууж байна.
Наймаачин эр гартаа буй хантаазыг газар унаган, мөрөн дээрх цасаа гөвөөд, шүхрээ дэлгэхээр хүчилж эхлэв.
– Файн, гэж хэлээд – Энэ цасанд ийм л шүхэр яг тохирно… Сайхан сэтгэлт эрхэм та торгон шүхэр хоёрыг ч авч болно гэдгийг би мэдэж байна. Гэхдээ тэр чинь зун цагт л тохиромжтой байдаг юм…
– Хантаазаа хэдээр өгөх юм бэ? хэмээн би асуув.
– Ямар хантааз? гээд наймаачин эр өмсөж байгааг нь асуугаагүй байлтай хэмээн гайхсан янзтай харснаа гэнэт өнөөх хуучин хантаазыг санаад газраас шүүрэн авлаа.
– Энэ хантааз уу? Эрхэмсэг ноёнтоон, та энэ хантаазыг сонирхоо юу? хэмээн нэлээд эргэлзсэн байдалтай асууж байна. – Сайхан сэтгэлт эрхэм та үүгээр яах гэсэн юм бэ?
– Наадхыгаа хэдээр зарах вэ?
Жүүд худалдаачны нүд нь гэрэлтэж, унжсан хамрынх нь үзүүр улам улайгаад явчихав.
– Та надад нэг рубль л өгчих! хэмээгээд өнөөх хантаазны хамаг л давуу талыг надад харуулах гэсэн мэт дэлгэн барилаа.
– Би чамд хагас рубль өгье.
– Хагас рубль гэнэ ээ?… Ийм хувцсыг уу?… Байж боломжгүй юм!
– Би ганц ч грош нэмж өгч чадахгүй шүү.
– Сайхан сэтгэлт ноёнтон даажигнаж байгаа байлгүй дээ хэмээгээд жүүд эр мөрөн дээр минь алгадсанаа, – Та өөрөө ийм хувцас хэр үнэтэйг мэдэж байгаа шүү дээ. Энэ чинь хүүхдийн хувцас биш, насанд хүрсэн хүний хувцас…
– Хагас рублиэр зарахгүй юм бол цаашаа явж үз. Илүү үнэ би хэлж чадахгүй.
– Ноёнтон минь, битгий уурла! Би үүнийг ердөө хагас рублиэр өгч чадахгүй. Гэхдээ таны бодлыг сонсмоор байна. Үүний жинхэнэ өртгийг та юу гэж үнэлж байна? Би таныг сонсъё. Нуулгүй хэлэхэд үнийг нь би бага зэрэг нэммээр л байна. Гэхдээ таны хүслээр болог.
– Энэ хантааз тавин грошийн л үнэ хүрнэ. Харин би чамд хагас рубль өгье гэж байна.
– Хагас рубль! … За, яахав. Хагас рублиэр ав, ав хэмээн хэлээд миний гар дээр мөнөөх хантаазыг тавив. – Би л жаахан алдана биз. Гол нь би тантай санал зөрмөөргүй байна… Энэ салхийг дээ! гээд тэрбээр цонхны тавцан дээрх бөөгнөрсөн цас руу гараараа чичлээ.
Намайг мөнгөө тоолж өгөх үед худалдаачин ямар нэгэн зүйлийг гэнэт санасан нь илт, миний гарнаас хантаазыг шүүрч аваад халааснуудыг нь тэмтэрч эхлэв.
– Чи юугаа хайгаад байгаа юм бэ?
– Би энд ямар нэгэн юмаа мартчихсан байж магадгүй! хэмээн тэр хамгийн энгийн дуугаар хариулаад, хантаазыг надад эргүүлэн сарвайхдаа:
– Та ядаж арван грош нэмэхсэн болов уу! гэв.
– За, больж үз! гэж би хэлээд хаалгаа онгойлгохоор эргэлээ.
– Таниас хичээнгүйлэн гуйя!… Гэрт маань тун дажгүй үстэй хүрэм байгаа, гэнгээ тэрбээр намайг дагаж, үүдний босго давалгүйгээр хаалгаар толгойгоо цухуйлган:
– Эрхэмсэг ноёнтоон, та хонины бяслаг авчруулах уу? гэж асууж билээ.
Хаалга хаагдлаа… Хэдэн минутын дараа гадаа “Наймаа байна шүү! Наймаа байна!…” хэмээн орилж эхэлсэн бөгөөд намайг цонхоороо харах агшинд тэрбээр өөдөөс минь найрсгаар инээмсэглэн үл ялиг толгойгоо хөдөлгөн мэхийж үзэгдэнэ.
Гадаа харанхуйлтал цас хүчтэй орж байв. Би худалдаж авсан хантаазаа ширээн дээр тавиад, хашааны хаалгаар гарч хаашаа ч юм мэдэхгүй явж одсон хөөрхий хатагтайн тухай, манай хажууханд харагдах цасанд хучигдсан цонхтой түүний хоосон байр, бас хантаазны эзний тухай бодолд автан хэсэг суулаа.
Ердөө гуравхан сарын өмнө есдүгээр сарын яг ийм нэгэн өдөр тэд хоорондоо хэрхэн ярилцахыг би сонсож байсансан. Тавдугаар сард нэг удаа хатагтай ямар нэгэн дуу аялж, харин нөхөр нь сэтгүүл уншингаа инээмсэглэж суусан. Гэтэл одоо…
Манай чулуун байшинд тэднийх дөрөвдүгээр сарын эхээр нүүж ирсэн юм. Тэд өглөө нэлээн эрт босож, гялалзтал арчсан данхан дахь цайгаа хувааж уугаад гэрээсээ хамтдаа гардаг байсан. Эхнэр нь хичээлээ заах гэж, харин нөхөр нь ажил руугаа явдагсан.
Нөхөр нь жирийн нэг алба хаагч байсан бөгөөд хэлтсийн дарга нарынхаа өөдөөс яг л Таатрыг бишрэн ширтэх аялагч мэт хүндэтгэн хардаг тийм л ажилтан байв. Гэлээ гээд тэрбээр бүтэн өдөржингөө шаргуу ажиллах ёстой байлаа. Би түүнийг шөнө дунд ширээний бүүдгэр гэрлээ асаан сууж байхыг нь нэлээд олон удаа харж байсан санагдана.
Эхнэр нь ихэвчлэн нөхрийнхөө хажууд суун юм нэхэж харагддагсан. Хааяа хийж байгаа зүйлээ орхиод нөхөртөө хандаж:
– Одоо болно доо. Унтаж амар, гэж хэлнэ.
– Чи өөрөө хэзээ унтах юм бэ?
– Би юу?… Хэдхэн мөр нэхээд л дууслаа.
– Тэгвэл би ч бас хэдхэн мөр бичээдхэе…
Тэд дахиад л толгойгоо бөхийлгөн тус тусын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Хэдэн хором өнгөрсний дараа эхнэр нь:
– Хэвтэж амар! Унт! гэнэ.
Заримдаа түүний энэ үгний хариуд цаг маань шөнийн нэг болж буйг заадаг байж билээ.
Тэд залуу л хүмүүс байсан. Тийм ч царайлаг биш, гэхдээ тийм ч муухай царайтай биш. Энгийн л хүмүүс. Миний санаж байгаагаар нөхөр нь махлаг, эхнэр нь нөхрөөсөө үл ялиг туранхайвтар биетэй байв. Гэхдээ би нөхрийг нь жирийн алба хаагч гэхэд арай л тарган байсан гэж хэлнэ шүү.
Бүтэн сайн өдөр үд орчмын үед тэд хамтдаа хөтлөлцөн гарч, салхинд зугаалах бөгөөд гэртээ нэлээд орой ирдэг байлаа. Өдрийн хоолоо бодвол гадуур иддэг байсан биз. Нэг удаа би тэдэнтэй цэцэрлэгт хүрээлэнгийн гол хаалганы дэргэд тааралдаж билээ. Тэд хоёр аяга цэвэр ус, дээр нь хоёр том жигнэмэг авч харагдсан. Тэдний оронд хотын хамгийн даруу оршин суугч ч зэргэлдээх цайны газар цай ууж, гахайн халуун мах, талхтай хамт идэх байсан болов уу.
Гэвч үнэндээ сэтгэл санаагаа өөдрөг байлгахад ядуу хүмүүст тийм ч их зүйл хэрэггүй ажээ. Бага зэрэг идэх юм, их ажил бас эрүүл бие. Бусад нь яаж ийж байгаад л болдог бололтой.
Миний мэдэхийн л хөршүүдэд маань хоол хүнс дутагддаггүй байсан. Үгүй дээ л тэд хийх ажил ихтэй байсан. Харин эрүүл мэндийн тухайд тийм ч сайнгүй байв.
Долоон сарын үед байх, нөхөр нь ханиад хүрсэн санагдана. Гэхдээ нэлээд хүнд өвдсөн байв. Хамгийн хачирхалтай нь, яагаад ч юм бүү мэд, түүний хамраас маш их цус гарч, удалгүй ухаан алдаж унасан юмдаг.
Шөнө болсон байлаа. Эхнэр нь нөхрийгөө орон дээр нь хэвтүүлчихээд гадаа гарч, харуулын эхнэрийг гуйж гэртээ оруулангаа өөрөө эмч дуудахаар гүйж билээ. Таван эмчийн гэрийг мэдэж байсан ч тэрээр нэгийг нь л олж чадсан. Тэгэхдээ бүр түүнтэй санамсаргүйгээр гудамжинд таарсан гээч.
Эмч гудамжны бүүдгэр гэрэлд бүсгүйг хараад хамгийн түрүүнд түүнийг тайвшруулах нь чухал болохыг олж мэджээ. Учир нь, эмэгтэй хэсэг гуйвснаа нэлээд сульдсан байдалтайгаар газар сөхрөн унасан юм. Тэгээд ч харанхуй шөнө гудамжинд хөлсний морин тэрэг байхгүй учир хөөрхий ядартлаа гүйх шаардлагатай болсон хэрэг. Эмч бүсгүйн гараас өргөн босгоод, түүнд чухам юунаас болж цус алдсаныг шууд хэлэхэд бэрх тухай тайлбарлаж өгөв.
– Цус хаанаас ч гоожиж болно. Улаан хоолойноос, гэдэснээс мөн хамарнаас. Уушгинаас маш ховор тохиолдолд цус гарч болно.
Тэгээд ч хэрвээ үргэлж эрүүл, өмнө нь огт ханиалгадаггүй байсан бол…
– Заримдаа ханиалгадаг байсан! хэмээн бүсгүй амьсгаагаа даран байж хариуллаа.
– Заримдаа гэнэ ээ? Гэхдээ санаа зоволтгүй. Зүгээр ханиад хүрсэн ч байж болно.
– Тийм ээ… Ханиад л хүрсэн байх! гэж бүсгүй эмчийн хэлснийг чанга гэгч нь давтан хэлэв.
– Өмнө нь хатгаа авч байгаагүй биз дээ?
– Авч байсан! хэмээгээд бүсгүй зогтуслаа. Энэ удаа түүний хөл бага зэрэг чичирсэн юм.
– Тийм байж. Гэхдээ нэлээд эрт биз дээ? гэж асуунгаа эмч бүсгүйг түшиж авлаа.
– Тийм ээ. Маш эрт, хэмээн яаран хариулаад эмэгтэй – Өнгөрсөн өвөл хэмээв.
– Хагас жилийн өмнө.
– Үгүй ээ, үгүй… Шинэ жил гарахаас өмнө… Маш эрт!
– Тийм бий! Ямар харанхуй гудамж вэ? Дээрээс нь энэ үүлнүүд тэнгэр харанхуйлаад…
Тэд байшинд орлоо. Бүсгүй харуулаас түгшин байж юу болсон тухай асуугаад онцын зүйл болоогүйг мэдэж авав. Харуулын эхнэр ч түүнд одоохондоо бүх зүйл хэвийн, өвчтөн зүүрмэглэж байгаа тухай хэллээ.
Эмч өвчтөнг болгоомжтойгоор сэрээж, үзлэгээ хийж дуусгаад санаа зовох зүйлгүй хэмээн тайлбарлав.
– Би ч бас санаа зовох зүйл биш гэж хэлсэн юм аа хэмээн өвчтөн хариуллаа.
– За, ашгүй гэж эхнэр нь санаа алдаад, нөхрийнхөө сульдсан гарыг атгангаа – Цус ямар ч шалтгаанаар гарч болно гэж би мэдэж авсан. Чиний хамраас цус гоожсон… Чи ийм тарган шүү дээ. Бас дээр нь үргэлж суугаа ажилтай. Сайн хөдөлж байх хэрэгтэй… Тийм ээ, эмч ээ? Түүнд хөдөлгөөн хэрэгтэй, тийм биз?
– Тэгэлгүй яахав! Хөдөлгөөн маш чухал. Гэхдээ таны нөхөр хэдэн өдөр хэвтэх хэрэгтэй байна. Та хоёр хөдөө явах боломжтой юу?
– Боломжгүй… хэмээн бүсгүй гунигтайгаар бувтнав.
– Зүгээр дээ. Тэгэхээр Варшавтаа үлдэж болно. Би эргэж, тойрч байя. Энэ хооронд та хэвтэж амрах хэрэгтэй. Хэрвээ дахиад цус гарвал…
– Юу гэсэн бэ, эрхэм ээ? гэж эхнэр нь сандрангуй асуулаа.
– Зүгээр дээ. Нөхөр тань сайн амарвал энэ нь эдгэрчихнэ…
– Энэ гэж… Хамран доторх нь уу? хэмээн аргадангуй асуув.
– Тийм ээ, хамран доторх нь. Та сайн ойлголоо. Одоо сайхан амарцгаа. Бусдыг нь Бурханд даатга. Баяртай.
Эмчийн хэлсэн үг сүүлийн хэдэн цагийн турш бачуураад байсан дотрыг нь онгойлгож, бүсгүйн сэтгэл уужрах шиг болов.
– Тийм ээ, айх зүйл биш байж! гэж инээмсэглээд нулимсаа арчин нөхрийнхөө хэвтэж буй орны дэргэд сөхрөн сууж, гарыг нь зөөлөн үнсэнэ.
– Сүртэй зүйл биш ээ гээд байхад даа хэмээн зөөлхөн хэлээд нөхөр нь бас инээмсэглэв. – Дайны талбар дээр шархдсан цэргийн цус хичнээн их урссан ч дараа нь эрүүл саруул болчихсон л явж байдаг биз дээ…
– Одоо юу ч битгий ярь! хэмээн бүсгүй нөхрөө тайвшруулав.
Гадаа гудамжинд үүр цайж харагдана. Зуны шөнө ямар богинохон байдаг билээ дээ.
Өвчин санасныг бодвол маш удаан илаарших ажээ. Нөхөр нь ажил руугаа явахаа больсон нь тийм ч хүндрэлтэй зүйл биш байв. Хөлсний ажилчин учраас түүнд чөлөө авах ч шаардлага гарсангүй. Хүссэн үедээ л ажилдаа эргэн орох боломжтой байлаа.
Нөхөр нь гэртээ суухаас өөр аргагүйд хүрсэн тул эхнэр нь долоо хоногт арай ахиу цагаар хичээл зааж, гэр орондоо хэрэгтэй зүйлсээ авч дөнгөнө. Чингэхдээ бүсгүй гэрээсээ өглөө найман цагт гарч яваад өдөр нэг цагийн үед эргэн ирж, нөхөртөө хоолыг нь хийж өгөөд дараа нь дахиад л хэдэн цагаар ажилладаг болов.
Харин оройг тэд хамтдаа өнгөрөөнө. Эхнэр нь харин өмнөхөөсөө арай их зүйл оёж суудаг болсон юм.
Наймдугаар сарын сүүлчээр эхнэр нь эмчтэй гудамжинд таарч билээ. Тэд хамтдаа маш удаан алхсан. Эцэст нь бүсгүй эмчийн гараас бариад:
– Гэлээ ч та манайх руу ирж байгаа ч дээ. Магадгүй, Бурхан ч туслах юм бил үү. Нөхөр маань таныг ирсний дараа маш их тайтгардаг шүү дээ хэмээн гуйв.
Эмч бүсгүйн гэрт очно гэж амлаад явсан аж. Эхнэр нь тэр орой гэртээ уйлчихсан орж ирсэн юм. Нөхөр нь ч өөрийгөө хүчлэн удаан сууснаасаа болоод нэлээд уцаартай, эргэлзсэн байдалтай байх ажээ. Тэрбээр өөрийг нь хичнээн их бөөцийллөө ч удахгүй үхнэ хэмээн хайрт ханьдаа хэлдэг болов. Эцэст нь тэр эхнэрээсээ ийн асуужээ:
– Эмч намайг хэдхэн сар л амьдарна гэж чамд хэлээгүй юу?
Энэ үгэнд эхнэр нь цочих шиг болов.
– Чи юу яриад байгаа юм бэ? Хаанаасаа ийм бодол толгойд чинь орж ирдэг байна аа?
Өвчтөн бухимдаж байлаа.
– Над руу хүрээд ир. Энд! хэмээн огцом хэлээд, эхнэрийнхээ гарнаас шүүрэн авч, Миний нүд рүү хар. Тэгээд надад хэл. Эмч чамд тэгж хэлээгүй юу? гээд халуу төөнөсөн харцаар эхнэрийнхээ нүд рүү эгцлэн ширтжээ. Асар их нууц хадгалсан хэрэм цайз ч энэхүү харцанд нурж унахаар байв.
Гэтэл эхнэрийнх нь царайны өнгө хачин тайван байх ажээ. Тэрээр өөдөөс нь ширтэх зэрлэг харцыг зөөлрүүлэн инээмсэглээд,
– Эмч хэлэхдээ, айх зүйл байхгүй. Гол нь чамайг сайн амрах хэрэгтэй л гэсэн, гэхэд нөхөр нь түүний гарыг тавиад, биеэ чичрүүлэн инээж эхэлснээ, гараараа дохиж:
– Харж байна уу, намайг ямар сандруу болохыг? Надад яагаад ч юм бэ, бүү мэд, эмч өөрөө эргэлзээд байна гэсэн бодол орж ирээд байсан. Гэхдээ… Чи надад итгүүлж чадлаа… Одоо би тайвширлаа…
Нөхөр нь өдгөө улам хөгжилтэйгээр инээмсэглэх ажээ. Харин иймэрхүү сэжиглэсэн байдал түүний царайд дахиж тодроогүй юм. Эхнэрийнх нь зөөлөн, тайван харц өвчтөний хувьд маш том баталгаа болж байлаа.
Тэгээд ч ер нь яасан гэж эхнэртээ уурлах ёстой гэж? Үнэндээ ханиад л байсан. Гэвч заримдаа удаан сууснаас болоод ч тэгсэн үү, хамраас нь цус гарна. Халуурах үе ч байв. Яг ч халуун гэхэд хэцүү, нэг тийм бие зарайх тохиолдлууд бол байсаар л…
Ерөнхийдөө өвчтөн улам л эрүүл чийрэг болж байгаа мэт байв. Яагаад ч юм, холын аялалд гарах хүсэл түүнд маш ихээр төрөх болжээ. Гэвч түүнд хүч чадал л дутна. Заримдаа орондоо яаралгүй, түр зуурын сульдалт нь үгүй болбол гадагш гарахад бэлэн байхаар хувцаслаад сандал дээрээ суун өнждөг байлаа.
Гэвч түүний санааг нэг л зүйл зовооно.
Нэгэн өдөр тэрбээр хантаазаа өмсөхдөө өөрт нь үл ялиг томдох болсныг анзаарсан юм.
– Би ийм турчихсан гэж үү? гэж тэрбээр шивнэлээ.
– Мэдээж, чи бага зэрэг турсан байж таарна шүү дээ хэмээн эхнэр нь тайлбарлаад – Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү гэв.
Нөхөр нь энэ удаа эхнэрээ сайн гэгч ажиглажээ. Эхнэр нь хийж байгаа зүйлээсээ нүдээ огт салгасангүй. Үгүй дээ, энэ удаагийн тайван байдал амжилт олсонгүй… Гэвч эхнэр нь нөхрийнхөө биеийг өмнөхөөсөө дээрдсэн гэж мэдэж байгаа учир санаагаа чилээхгүй байлаа.
Есдүгээр сарын эхээр халуурч байгаа юм шиг бие эвгүйрхсэн байдал нь улам ихсэж, өвчтөн бүтэн өдөржингөө тайван бус байдаг болов.
– Тэнэг юм! хэмээн тэр өөртөө хэлнэ. Зун дуусаж, намар болж байхад эрүүл хүн ч сэтгэл санааны хувьд хямралтай болж болох шүү дээ. Гадаа бүх зүйл л өөрчлөгдөж байна… Харин миний хантааз яагаад өдөр ирэх тусам надад томдох болсныг би ойлгохгүй юм. Миний бие аймшигтайгаар турж байгаа юм байна даа… Гэхдээ бие минь бүрэн эрүүл болоогүй байхад арга ч үгүй байх…
Эхнэр нь нөхрийнхөө ийн ярихыг тун анхааралтай сонссон бөгөөд түүнтэй санал нийлж байлаа. Өвчтөн өглөө бүр босоод эхнэрийнхээ туслалцаагүйгээр нэг ч хувцсаа авч чаддаггүй ч цэвэрхэн хувцаслаад сууна. Харин гадуур хүрэмний оронд нөмрөг нөмөрдөгсөн.
– Сонин юм аа гэж тэрбээр толинд харангаа хэллээ. Надад ямар ч хүч байхгүй байгаа нь үнэхээр сонин шүү. Гэтэл намайг хар даа!
– Мэдээж, царайг яаж ч хувиргаж болно шүү дээ хэмээн эхнэр нь хажуугаас хошуу нэмэв.
– Тийм л дээ. Гэхдээ би тураад байна.
– Чамд тэгж санагдаж байна уу? гэж эхнэр нь их л гайхсан янзтай асуулаа.
Нөхөр нь бага зэрэг бодлогоширсноо:
– Магадгүй, чиний зөв байх… Тийм байлаа ч… Сүүлийн хэдэн өдөр миний энэ хантааз нэг л…
– Тайвширч үз дээ хэмээн эхнэр нь түүний үгийг таслаад, – Чи мэдээж таргалаагүй шүү дээ гэв.
– Хэн мэдлээ. Энэ хантаазаар бол…
– Тэгэхээр чиний тамир тэнхээ чамд эргээд ирсэн байх учиртай биш үү?
– Аанха. Чи мэдээж намайг нүд ирмэхийн зуур л эрүүл болчихоосой гэж хүсэж байгаа. Үгүй ядахдаа би хувцсаа өөрөө өмсчихдөг болмоор байна. Өөрийнхөө биеийг арай гэж захирдаг болохоороо тэгсгээд тэнхээ орчихно… Ингэхэд чи наад шүүгээнийхээ цаана юу хийгээд байгаа юм бэ? гэж тэрбээр гэнэт асуужээ.
– Юу ч биш ээ. Энэ хайрцганд гар нүүрийн алчуур байх ёстой. Гэхдээ цэвэрхэн эсэхийг нь мэдэхгүй юм.
– Битгий тэгж их хүчлээч дээ. Чиний дууны өнгө хүртэл өөрчлөгдсөн сонсогдож байна… Наадах чинь хүнд хайрцаг шүү дээ…
Үнэхээр ч модон хайрцаг хүнд байсан бололтой, эхнэрийнх нь царай үл ялиг ягаарсан байлаа. Гэвч өнөөх л тайван хэвээрээ.
Энэ цагаас хойш өвчтөн өөрийн хантаазанд хамаг анхаарлаа төвлөрүүлэх болов. Хэдхэн өдөр өнгөрөхөд л тэрбээр эхнэрээ дуудан:
– За, хар. Чи өөрөө харсан шүү дээ. Өчигдөрхөн энэ хантааз надад нэг хуруу томдож байсан. Гэтэл одоо миний биед яг таарч байна. Тэгэхээр би таргалаад байгаа юм байна хэмээж билээ.
Мөн нэг өдөр өвчтөн туйлын ихээр баярлачихсан сууж байв. Хичээлээсээ орж ирсэн эхнэртэйгээ тэрбээр нүдээ гялалзуулан байж мэндлээд, сэтгэл нь хөдлөсөн байдалтай ярьж гарлаа.
– Намайг сайн сонс. Би чамд нэг нууцаа дэлгэе… Би энэ хантаазаар чамайг жаахан хуурсан юм. Чиний сэтгэлийг зовоохгүйн тулд би өдөр бүр хантаазныхаа арын бүсийг чангалчихдаг байсан юм. Тийм учраас л хантааз бариу болоод байсан хэрэг… Ингэсээр өчигдөр би энэ бүсний арлыг эцэст нь тултал чангалсан. Удахгүй чамд баригдах нь л гэж би айж байлаа… Гэтэл өнөөдөр… Чи намайг сонсож байна уу? Гэтэл би өнөөдөр, чамд тангараглая, энэ бүсийг чангалахын оронд харин ч сулрууллаа… Өчигдөрхөн надад бага зэрэг томдож байсан бол өнөөдөр барьж байна… Тэгэхээр би одоо өөрийгөө эрүүл болно гэдэгт итгэж байна… Би өөрөө итгэж байна!… Эмч хүссэнээ л бодно биз…
Ийн удаан ярьснаасаа болоод тэрбээр ор руугаа дөхөх хэрэгтэй болов. Гэвч бүсээ чангалахгүйгээр мах сууж, тэнхээ орж буй хүний хувьд хэвтэх биш харин эхнэрийнхээ тэвэрт орон дээрээ хойш налан суулаа…
– Гэтэл, гэтэл! гэж шивнээд цааш нь – Ийм юм болно гэж яаж мэдэх билээ?… Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш хантааз минь бариу болоод байна гэж би чамайг хуурч байсан бол өнөөдөр үнэхээр бариу болчихсон байхыг нь харлаа… Тийм шүү, тийм!…
Ийнхүү тэд биесээ тэврэн оройжингоо хамт сууцгаасан. Өвчтөний сэтгэл өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хөдлөсөн байв.
– Бурхан минь! хэмээн хэлээд тэрбээр эхнэрийнхээ гарыг үнсэнэ. – Би өөрийгөө ингээд л туран турсаар дуусах нь гэж бодож байлаа шүү дээ. Сүүлийн хоёр сарын дотор өнөөдөр л би анх удаагаа өөрийгөө эдгэнэ гэдэгт итгэж байна.
Учир нь, өвчтэй хүний дэргэд бүгд л худлаа хэлдэг. Эхнэр бол бүр ч ихээр худлаа хэлнэ. Харин хантааз, хантааз хэзээ ч чамайг хуурахгүй!…
Өнөөдөр энэ хантаазыг харвал ард нь байх бүсэн дээр хоёр хүн ажиллаж байсныг та анзаарна. Эхнэрээ тайвшруулахын тулд өдөр бүр бүснийхээ арлыг татаж, чангалдаг нөхөр, бас нөхөртөө итгэл найдвар төрүүлэхийн тулд өдөр бүр уг бүсийг хасаж, оёдог эхнэр.
“Хэзээ нэгэн цагт тэд хоёул хантаазны нууцыг бие биедээ хэлэх болов уу…” гэж бодонгоо би цонхоор тэнгэр өөд ширтлээ.
Тэнгэрт нар алга. Харин цас л маш хүчтэй орж байлаа. Гадаа үнэхээр хүйтэн байх шиг. Булшинд байгаа хүмүүний үлдэгдэл ч даарахаар тийм хүйтэн байна.
Гэхдээ энэ гүн үүлсийн цаана нар байхгүй гэж хэн хэлэх юм бэ?…
Үгийн тайлбар:
Тавин грош – 50 грош 25 копейктэй тэнцэнэ. Харин хагас рубль 50 копейктэй тэнцэнэ.
Злот- Польшийн мөнгөн тэмдэгт. 1 злот 100 гроштой тэнцүү.
Файн – жүүд хэлээр “Зүйтэй” гэсэн үг.
Болеслав Прүс Эх сурвалж www.wikimon.mn