Нүдний хүндэтгэлийн нэр нь мэлмий. Нүд эрчим хүчний хувьсуур болж, түүнийг авах, өгөх хэрэгсэл болдог эрхтэн.
– Бөлцгөр нүдтэй хүн эрчтэй, удаан ажилладаг болохоороо сүлд хүчээ их үрдэг. Өв тэгш хүмүүсийн нүд зүүнээсээ баруун нь том, эм хүнийх баруунаасаа зүүн нь том байдаг.
– Баруун талынх нь арга, зүүн нь билиг чанарынх. Мэдрэмж сайтай, угаасаа манлайлах авьяастай, эрхэмсэг хүмүүс том нүдтэй байдаг. Аньсага нь үрчлээ ихтэй бол эрх мэдэлтэй явах тэмүүлэлтэйн шинж юм.
– Хэтэрхий дүрэлгэр нүдтэй хүн мөрөөдөмтгий, залхуу, хааяа дэгсдүүлэх талтай. Хар нүдтэй хүн сэргэлэн, цовоо, сониуч байхаас гадна уран үгтэй байх нь элбэг.
– Сэрэмжтэй явахгүй бол хуншгүй загнах, нөхрийг залилахаас ч буцахгүй хүмүүсийн нүд дүгрэг, тогтворгүй байх нь элбэг.
– Уртавтар нүдтэй хүн ухаалаг, онигор хөнхөр нүдтэн хэрсүү, хааяа залирхаг. Ухархай уруугаа лав шигдсэн хөнхөр нүдтэй хүн хирийн юманд итгэх нь бага, хардамтгай, бүтэл муутайдуу байна.
– Цамаан хүний нүдний хоёр булан соотон байдаг. Хялар нүдтэй эр хүн зоримог, эм хүн мулгуудуу. Нүдний цагаан нь шаргалтсан, хөхөлбөртсөн, нулимс цийлгэнэсэн, булан нь улайсан байвал сэтгэл санаа доройтсоных.
– Нүдний холбогч цагаан судалгүй бол энхрий, өр нимгэн, тачаангуйн шинж. Солонгон бүрхэвчний дээр буюу доор нь цагаан судал харагдаж байвал хатуу ширүүн авиртайнх.
– Хар гэгддэг маш бараан, хүрэн, ногоон нүдтэй бол найдвартай, үнэнч, амьдрах тэнхэл ихтэй. Амьдрах тэнхэл муутай хүмүүсийн нүдний солонгон бүрхэвч шар байдгаас гадна цайвар байна.
– Угийн мэдрэмж ихтэй, сайн санаатай, уриалагхан, санасандаа хүрдэг хүмүүсийн нүд цэнхэр байдаг бол цайвар, хүрэн нүдтэй хүн харахад ширүүн төрхтэй боловч тайван, энхрий, өрөвчхөн, хайхрамж муутайдуу байх нь буй.
– Хөхөлбөр, ялангуяа гялалзсан хар нүдтэй хүн хатан зориг, эрч хүч, ажилсаг шинжийг бадраадаг. Уриалагхан, их сайхан сэтгэлтэй, шударга хүн орог саарал нүдтэй байдаг.
– Нөхцөл байдал өөрчлөгдөхийг хурдан мэдэрч хариулдаг, бэрхшээлийг туулж чаддаг, сониуч, хүсвэл хэнийг ч атугай илбэдэж дөнгөдөг хүмүүс бас орог саарал нүдтэй байдаг. Нүдний өнгө үзэл бодол зэргээсээ болоод солигдох нь буй.
– Дээд зовхи нь бөлцгөр нүдтэй хүн амиа бодсон, бусдыг хайрлаж ивээх нь байтугай өрөөлөөс бүхнийг хүртэж байх санаатай.
– Доод зовхи нь дээдэхээсээ бөлцгөр бол хүнд сэтгэл харамгүй ханддаг, өөрөө ч бусдын жаргал, зовлонг хуваалцаж явдаг.
https://www.dglproject.com/index.php/r/1033