Би ганц бие байлаа. Гучин насаа даллах цагт нэгэн залуутай танилцав. Нүдэнд дулаахан, хувийн хэвшлийн газар ажилладаг, ер нь их боломжийн. Надад их сайн, бас халамжтай. Танилцаад хоёр сар орчим болоод тэр маань намайг ээжтэйгээ танилцуулахаар болов. Аав нь бурхан болоод удсан аж. Ингээд ирээдүйн хадам ээжтэйгээ танилцахаар очлоо. Сайхан нүдэнд дулаахан эгч угтлаа. Хоол цай гээд сүйд. Охин минь, бэр минь болчихов оо. Харин залуугийн маань ээжтэйгээ харьцаж буй нь нэг л хачин. Болох болохгүй юман дээр тувт дуугаа өндөрcгөөд загнаад байх юм. Бүр “Тэнэг юм уу” энэ тэр гээд л. Ээж нь хөөрхий минь инээгээд л сууна. Баахан дайлуулж цайлуулаад намайг явахад хацар дээр минь үнсээд нүдэнд нь нулимс хурчихсан “дахиад ирээрэй, ээждээ хань болоорой” хэмээв.
—Сэтгэл нэг л сонин болчихлоо. Залуу маань сэтгэл дүүрэн буй бололтой “Хайртай, хамт амьдарна, хуримаа тэгж хийнэ, ингэж зохицуулна” гээд тувт ярина. Би ээжийг нь л бодоод. Яагаад ч юм энэ залуу ээждээ их л дээрэлхүү мэт санагдсанаа нуух юун…
Гэртээ ирээд унтах гэсэн нойр хулжаад. Маргааш нь ээж аав хоёртойгоо цайлж суутал, ээж минь залууг минь сонирхон асуув. “Уг нь их гайгүй залуу, гэхдээ ээжтэйгээ их дээрэнгүй харьцдаг нь ажиглагдаад” гээд хэлчихвээ. Аав нилээн бодож сууснаа “Төрсөн ээждээ дээрэлхүү хандаж байвал миний охиныг дараа нь дарлах тэр хүнд ерөөсөө асуудал биш” гэж хэлээд дурамжхан босов. Ээж толгой сэгсэрч буй харагдав. Тэгээд би тэр залуугаас зайгаа авахаар шийдлээ. Янз бүрийн шалтаг заагаад уулзалгүй нилээн удав. Харин нөгөө залуу маань хормойдож зүүгдсэнгүй амархаан холдчихсон ш дээ.
Жилийн дараа Бат гэх залуутай танилцлаа. Цэргийн академид багшилдаг. Нилээн хэдэн сарын дараа хуримлалаа. Хөдөөнөөс ээж аав нь ирж, худ ураг бололцсон учир нэг сарын дотор хадмуудтайгаа дотносов. Миний хань гэж “Хоёр ээж” гээд л гүйсэн амьтан “Манай хоёр ээж” гэж ирээд л ярихад нь би жаахан жуумаганаж шоолохгүй юу. Тэгсэн “Яадгийн мөөмөнд дуртай юм чинь. Ээжийн мөөмнөөс чиний мөөмөнд шилжсэн. Тэгээд бас хөөрхөн жижигхэн мөөмнүүдтэй болно. Би мөөмтэй хүн бүрт хайртай. Тэгэхээр хоёр ээжийгээ насан туршид нь хайрлаж халамжилна” гээд хэлчихсэн чинь би мэлмэрүүлчихвээ.
Гурван жилийн дараа бид хөөрхөн охинтой болов. Аавын амь. Нөхөр маань ч хоёр ээж (том мөөмнүүд гээд нэрлэчихсэн ккк) гээд л гүйсэн хэвээрээ. Хааяа миний өмнөөс ээжийн ажлыг зохицуулчихсан явжийнөө. Ээж аав хоёр маань ч нөхөрт минь сэтгэл хангалуун.
Нэгэн өдөр охинтойгоо гaдаaлж яваад ээжтэйгээ ширүүн харьцдаг, бараг суух шахсан нөгөө залуутай тааралдав. Жаал хууч хөөрөлдөв. Дөрөвхөн жилд xоёр ч эхнэрээс салж. Ээж нь сайн уу гээд асуучихваа. Жилийн өмнө өөд болсон гэв. Тэр сайхан ээж арай л болоогүй байсан даа хэмээн намайг хэлэхэд “Жамаараа болсон хө. Ямар мөнхөд надтай зууралдах биш. Би ч бас гандан буурахгүй гайгүй хүүхэнтэй суучихнаа” гэчихжээ. Надад гайхуулаад байгаа юм уу хайшаа юм. Тэгснээ үл тоосон шинжтэй амандаа дуу аялан надаас холдлоо.
Ээждээ тэгж дээрэнгүй ханддаг байсан энэ залуу хоёрын хоёр хүүхнээс яаж салсан нь бараг нүдэнд харагдсан шүү.
Ийнхүү бодсоор охинтойгоо алхаж явтал нөхөр залгав.
“Найз нь ажлаасаа эрт ирсэн. Чинийхээ мөөмийг санаад ккк. Ажил дээрээ нэг л их дектатуртай багш. Амьдрал дээрээ том жижиг мөөмнүүдээ бурхан шиг шүтчихсэн нялх юм шүү дээ. Ха, Ха, Ха” гэж ирээд л инээж өгөв ш дээ.
Миний ч инээд хүрээд нөхрөө хайрлаж “ЭХИЙГЭЭ ХАЙРЛАЖ ЧАДАХГҮЙ ЭР ХҮН ЭХНЭРЭЭ ХАЙРЛАХ УУ” хэмээн аавын хэлсэн үг чихэнд цуурайтсаар, сонсогдсоор, бас сургамжилсаар…