Төрөхийн өмнөх өрөөнд жирэмсэн ээжүүд хэд дэх төрөлт болох, хэдэн настай вэ гээд л бяцхан яриа өрнүүлэв. 25-тай анхны төрөлт гэхэд минь нэгэн залуухан ээж гайхан “Хүүе та чинь хаагуур юу хийж явсан юм бэ? Дөнгөж анхных гэж үү гээд л” нүд нь орой дээрээ гарах шахан асууж байсныг би тодхон санадаг юм. Харин тэр залуухан ээжийн хувьд 18-тай хоёр дахь төрөлт нь гэнэ. Харин түүний хажууд 16-тай анхны төрөлт гээд жаахан охин ч байлаа.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 15-24 насны 10 эмэгтэй ес нь жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар мэдлэгтэй гэсэн боловч жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хэрэглээ 18.2 хувь гарсан байна./ҮСХ, НҮБХС, 2013/
Мөн 15-19 насны охидын төрөлтийн төвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг хоёр дахин өсч, 2016 онд 33.1 хувь хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Хоёр дахиа төрж буй ээж бол их туршлагатай тийм ийм, тэгээрэй гээд л бидэнд зөвлөнө. Харин анхны төрөлт гэх 16-тай охиныг ээжүүд өхөөрдөн, зарим нь яаж хоёр яс сална даа жаахан амьтан хэмээн өрөвдөх. Түүн дээр нөхөр нь өдөр бүр ирэх бөгөөд 10 жилийн сурагч гэнэ. Жирэмсэн болсноо мэдээд үр хөндүүлэх талаар бодож үзсэн. Азаар хоёр талын ээж аавууд нь зөвшөөрсөн тул хүүхдээ төрүүлэхээр болсон тухайгаа ч ярьж байж билээ.
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд бүртгэгдсэн нийт үр хөндөлтийн 23 хувийг 15-24 насныхан эзэлж байна гэсэн судалгаа бий. Энэ бүх тоо баримтын гол буруутан нь хүүхдүүд биш гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тухайлбал, Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-г Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлтэй зан үйлүүд их байгаа нь тодорхойлогдсон./2013 онд/
Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгааг бусад үндэсний хэмжээнд хийсэн судалгаануудын дүн харуулж байгаа аж.
Эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал суларсан, эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д оруулахаа больсон нь өсвөр насныхны жирэмслэлт ихсэх нэг шалтгаан болж байна гэж үзэж байна. Харин энэ бүх асуудлыг нийгмийн буруу гэх эцэг эхчүүд ч цөөнгүй байлаа.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны иргэн:
“Бидний үед нийгэм сайхан байжээ. Одоогийнх шиг гар утас, интернет байсангүй. 10-н жилд байхад чинь юун хүүхэдтэй болох. Бараг нэг нэгэнрүүгээ эгцэлж харж чадахгүй ичиж, захианд л хайрын үгээ бичдэг байсан. Харин одоо бол хамаа замбараагүй болжээ. Хүүхдүүддээ зааж, зөвлөхөөр таны үе чинь ондоо байсан. Бидний үе өөрчлөгдсөн шүү дээ аав минь гээд л ам таглах юм” хэмээлээ.
Мэдээж цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгтэй адил нийгэм, улс орон хөгжихийн хэрээр бүх зүйл хувьсан өөрчлөгдөнө. Гэхдээ дэлхий ертөнцийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхлаа гээд ирээдүй хойч үеэ хохироож, тэднийг өнгөрсөндөө харамсахааргүй ухаалаг сонголт хийж амьдрахад нь эцэг эхийн л үүрэг чухал. Тиймээс хүүхдээ бага балчир цагаас нь эхлэн зөв хүмүүжүүлж, гол нь нээлттэй, чөлөөтэй, ухаалгаар ярилцах нь илүү үр дүнтэй хэмээн юм мэддэг хүмүүс зөвлөөд байна.
Ингээд өсвөр насны хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаарх бяцхан зөвлөгөөг хүргэе.
11-12 нас /хүүхэдтэйгээ ярилц/
Хүүхдийн бэлгийн бойжилт энэ насанд явагдаж эхэлдэг. Иймээс ч өсвөр насныхан нэг л учраа олохоо больчихдог. Энэ үедээ хүүхдүүд асар их зүйлийг сурч, бас мартдаг байна. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс байнга шийдвэр гаргадгаа одооноос болих хэрэгтэй. Үүний оронд асуудлын талаар ярилцаж, олон өнцгөөс тайлбарлаж өгөн, шийдвэрээ бие даан гаргахад туслахыг зөвлөж байна. Хүүхдэдээ халуун дулаан үг хэлж, дэмжиж нь тэдний тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг гэнэ. Тиймээс ийм үед нь хүүхдэдээ урмын үг хэлж, магтаж байгаарай. Австралийн Мельбурн их сургуулийн эрдэмтэд 16 настай 188 хүүхдийн дунд судалгаа хийжээ. Тус судалгаагаар 12 настай байхад нь ээжүүд нь эелдэг харьцдаг байсан хүүхдүүд, уурлаж, зэмлэдэг ээжтэй хүүхдүүдээс сэтгэл гутрах, хувиа хичээх нь бага бөгөөд өөрийгөө илүү жолоодож чаддаг болсон нь тогтоогдсон байна.
13-14 нас /ямар хүүхэдтэй нөхөрлөж байгааг нь анзаар/
Энэ үед хүүхдүүд найзуудынхаа үзэл бодолд их анхаарал хандуулж, түүнд хүчтэй реакц үзүүлж эхэлдэг. Нөгөө талаар энэ үедээ хүүхдүүд бүрэн төлөвшиж эхлээгүй байдаг тул бодлогогүй үг, үйлдлээрээ найзууд, гэр бүлийнхнээ гомдоох нь бий. Тэд энэ асуудлаас болж маш их стресстэх бөгөөд хаалга савах, амархан уйлах, уурлах, түгших зэрэг сэтгэлийн хөдлөл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ үедээ хүүхдүүд их эмзэг болдог. Энэ насанд тархины хамгийн эмзэг хэсэг боловсорч байдаг тул стресстсэн үедээ ямар үйлдэл гаргах нь хүүхдийн насан туршийн зуршил болон үлддэг. Түүнчлэн стрессээс үүдсэн насанд хүрэгчдийн сэтгэцийн эмгэгийн 50 хувь нь энэ насанд суурь тавигддаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ муухай аашинд хүлээцтэй хандаж, тэдэнтэй эвлэгхэн харьцахаас гадна хэрхэн өөрийгөө тайвшруулах аргыг зааж өгөх хэрэгтэйг сэтгэл зүйчид зөвлөж байна. Үүнээс гадна эцэг эхчүүд хүүхдээ ямар хүүхэдтэй нөхөрлөж байгааг ажиглах хэрэгтэй. Хүүхдээ ижил сонирхолтой, хүмүүжилтэй хүүхэдтэй найзлуулах нь чухал. Учир нь зарим “найзууд” хүүхдийг гомдоож, гоочлох зэрэг муу нөлөө үзүүлж болзошгүй.
15-16 нас /загнаж, буруутгахаа хойш нь тавь/
Энэ насны хүүхдийн тархинд өөртөө сэтгэл хангалуун байх даавар боловсорч эхэлдэг аж. Тиймээс тэд аюулаас айхаа больж, эрсдэлд дуртай болдог талаар Нидерландын Лейден их сургуулийн профессорууд тогтоожээ. Үүний улмаас 15-16 настай хүүхдүүд тэд гэрээсээ зугтах нь их байдаг аж. Жил бүр 100 мянган хүүхэд гэрээсээ зугтдаг. Өсвөр насныхан найздаа итгэж, хамаг нууцаа ярьдаг төдийгүй хамтдаа муу зүйлс хийх нь ч бий. Тиймээс тэдэнд найзтай болох, удаан нөхөрлөх хэрэгцээ байдаг. Хэрвээ та урьд нь хүүхдэдээ тийм ч их анхаарал халамж тавьж, ярилцаж байгаагүй бол одоо ч оройтоогүй байна. Судалгаагаар эцэг эхтэйгээ дотно 15 болон түүнээс доош настай хүүхдүүд эрсдэлтэй алхам бага хийдэг нь тогтоогджээ. Тиймээс та хүүхдээ хүндэлж, тулгараад байгаа асуудлыг нь хамтдаа даван туулаарай. Мэдээж, загнах, буруутгахаа хойш нь тавих хэрэгтэй.
17-18 нас /амьдралын нарийн зүйлсийг ойлгоход нь тусал/
Энэ насанд хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар өөрчлөгдөж, хөгждөг. Заримынх нь IQ төвшин нэмэгддэг бол багаасаа ой ухаан сайтай байсан хүүхдүүд бүр ч ухаалаг болдог гэнэ. Энэ насандаа хүүхдүүд бусдыг мэдэрч, хүний зовлонг ойлгох чадвартай болдог. Гэхдээ одоо ч хүмүүсийн зан араншин, хандлагын учрыг олохгүй байх нь бий. Жишээлбэл, харилцан ярианы дундуур найз нь яагаад гэнэт сэдэв өөрчилсөн, том хүмүүс яагаад сонин авирладаг зэргийг ойлгож чаддаггүй гэнэ. Тиймээс та энэ насны хүүхэдтэй бол амьдралын нарийн зүйлсийг ойлгоход нь туслаарай.
Тус зөвлөгөөний эх сурвалж: NY Times