“Эхлээд нэг их юм бодоогүй
Эхэндээ чи миний жирийн л найз…”
Энэ дуу ойрд хаа сайгүй эгшиглэх боллоо. Тэгээд нэг ийм бодол төрсөн юм. Анхандаа “жирийн найз”-ууд байж байгаад, амьдралаа холбосон хос хэд байдаг бол?
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд сайхан нөхөрлөл байх боломжтой хэдий ч, бид заримдаа найзыгаа илүү дотно харьцааг хүсээд байгаа нь илт байхад, мэддэггүй. Түүнээс бүр “Найзуудаасаа надад аятайхан эр танилцуулж өгөөч!” гэж хүсэх нь холгүй байдаг. Тэгвэл таны “жирийн найз” биш “жинхэнэ хайр” чинь байхыг хүсч буй эрийн 7 шинжийг задалъя.
1. Тэр тань луу маш тогтмол залгадаг.
Алив л дээ, бүсгүй минь. Ямар ч эр “жирийн найз” гэж боддог бүсгүй лүү гээ “хоолойг чинь л сонсох гэсэн юм” гэдэг шалтгаанаар залгадаггүй. Тушаал дэвшсэн, шагнал авсан тухайгаа ээжээсээ түрүүлж танд дуулгахгүй. Ихэвчлэн унтахынхаа өмнө тань руу утас цохьдог бол бүр ч ойлгомжтой. Тэр таньтай дотносохыг хүсдэг аж.
2. Тэр таньд хүүхэд нас, ирээдүйн зорилгынхоо талаар ярьдаг.
Эрчүүдийн хувьд энэ хоёр бол ТОП нууц л гэсэн үг. Баргийн бүсгүйд тэд багадаа уулын оройгоос цүнхэн дээрээ суугаад гулгадаг байсан тухайгаа ярихгүй. Эрэгтэй хүн жирийн найздаа ирээдүйд ямар байшинд амьдарч, хэдэн хүүхэдтэй болох талаараа ярьж байхыг нь сонссон уу? Тэд хэний дэргэд эмзэг, нандин талуудаа харуулахаа бодолцдог улс. Танд итгэл хүлээлгэж байгаа учраас, таныг амьдралынхаа нэг хэсэг болгохыг хүсч байгаадаа л тэд энэ бүхнийг нуулгүй ярьж байгаа юм.
3. Тэр таныг ээжтэйгээ танилцуулсан.
Юу ч бодолгүй гэрт нь яваад оччихсон чинь, түүний ээж таныг үл ялиг шинжсэн янзтай харж инээмсэглээд “Чиний талаар хүүгээсээ их дуулсаан” гэж хэлж байвал тэгээд л гүйцээ. Ээжүүд бүхнийг мэддэг юм. Хүүгийнхээ таньд сэтгэл алдраад байгааг ч мэдэж л байгаа.
4. Тэр таныг сонжсон харцаар хардаг.
Эр хүнийхээ төрөлхийн араншинг тэр хааш нь “нуухсан” билээ? Гэвч тэр таныг жирийн нэг найз төдийд үздэг байсан бол, гэнэ гэнэ өөдөөс чинь ширтээд гацчихгүй, үсээр чинь тоглож, гижигдэж, хоргоохгүй, даашинз өмсөөд ирэхэд чинь нүдээрээ доороос дээш гүйлгэж харахгүй л байх байсан.
5. Тэр найзуудтайгаа уулзахын оронд таньтай байхыг илүүд үздэг.
Таныг найз бүсгүйгээсээ өөрцгүйд үздэг учраас, дуудсан цагт чинь ирж хүргэж өгөн, найзуудтайгаа шар айраг ууж суухаас татгалзаад тань руу яардаг хэрэг.
6. Тэр таньтай учирсандаа баярладаг.
“Би ямар азаар чам шиг найзтай болоо вэ?” гэдэг үгийг хайрын хэл рүү “орчуулвал” “Би ямар азаар чам шиг сайхан бүсгүйтэй учраа вэ?” гэсэн үг. Таны ачаар олон зүйл дээр засарч, өөрчлөгдсөн тухайгаа хэлж байвал тэр таныг төгс эмэгтэй гэж үздэгийн шинж.
7. Тэр таны төрсөн өдрийг үргэлж санаж байдаг.
Тэгээд ямар нэг онцгой бэлэг барихаар урьдаас төлөвлөсөн байдаг бол та түүний сэтгэл зүрхэнд онцгой байр эзэлдэг эмэгтэй. Ихэнх хүмүүс эцэг эхийнхээ төрсөн өдрийг хүртэл “арай л гэж” санадаг нь нууц биш. Таны хорвоод мэндэлсэн өдрийг нэг сонсоод л тогтоочихсон бол тэр баярт мөчүүдийг чинь хамтдаа хуваалцахыг маш их хүсдэг юм байна.
Таны өдийг хүртэл хайсаар ирсэн халамжтай, үнэнч, сайн эр “дэргэд чинь байсныг мэдээгүй” өнгөрөөчих вий!