“Цус сорогч” киноны гол дүрийн жүжигчид амьдрал дээр ч хосууд гэдгээ баталсан. Гэтэл саяхан тэдний харилцаанд асуудал үүссэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болжээ. Өөрөөр хэлбэл “Цус сорогч” киноны гол дүрийн бүсгүй болох Кристен Стюарт нь “Цасан гоо ба анчин” киноны найруулагч Роберт Сандерстай дотно харьцаагаар папарацийн дуранд өртсөн явдал ажээ. Өдгөө Роберт Сандерс нь 41 настай бөгөөд эхнэр хоёр хүүхэдтэй юм байна. Энэ үйлдэл нь олны дунд нилээн шуугиан тариад байгаа учир тэрээр эхнэрээсээ уучлалт гуйж, хорвоо ертөнц дээр өөрийнх нь хувьд эхнэр хүүхдүүдээс нь илүү чухал зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Түүний эхнэр “Vogue” сэтгүүлд моделиэр ажилладаг бөгөөд “Цасан гоо ба анчин” кинонд Стюартын ээжийн дүрийг бүтээжээ.