“Sports Illustrated” сэтгүүл өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Флоридад усны хувцасны үзүүлбэр зохион байгуулсан билээ. Сэтгүүлийн шалгаруулалтад тэнцэж тайзан дээр гарахаар болсон 16 бүсгүйн дунд 32 настай модель Мара Мартин багтжээ. Тэрбээр өмнө нь тайзан дээр гарч байгаагүй аж. Бүсгүй таван сартай охиноо хөхүүлэнгээ үзүүлбэр үзүүлжээ. Эргэн тойрны дуу чимээнээс хамгаалж охинд чихэвч зүүлгэсэн нь моделийн үзүүлбэрийг гайхалтай харагдуулж байсан аж. Олон нийтийн газар хүүхдээ хөхүүлж болдогийг харуулсан Марад олон хүн талархаж, нялх хүүхэдтэй ээжүүдийг дэмжлээ гэж урамшуулжээ.
“Хүмүүсийн дэргэд хүүхдээ хөхүүлэх нь хэвийн зүйл” гэж ээжүүд бичиж байгаа бол зарим хүн “гудамж, олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх нь зохимжгүй”, “энэ бол хувийнх нь хэрэг”, “тайз бол хүүхэд хөхүүлэх газар биш” гэх зэргээр модель бүсгүйг цахимаар дарамталж байгаа аж. Залуу ээжийг түүний найз Саманта өмөөрч “Мара өдөржингөө хүүхдээ тэвэрч өндөр өсгийт дээр зогссон. Манай багийнхан түүний охиныг хайрлаж, шоу эхэлсэн хойно маш их өлсч байсан хүүхдээ тэврэн тайз руу гарахыг санал болгосон” гэжээ.