Цээж дүүрэн гомдол тээж, тулам дүүрэн тунирхал үүрч яваа хүн өөртөө шаналгаатай, ойр тойрныхондоо ч зүдэргээтэй байдаг. Гомдол, баяр хөөр хэзээ ч авчрахгүй, уйтгар гуниг, зовлон зүдүүрийг мөнхөд дагуулж явдаг. Гомдлыг удаан хадгалалгүй, дор дор нь тайлж байх хэрэгтэй. Дотроо хадгалсан гомдол биеийг тань бага багаар идэж өвчлүүлж эхэлдэг. Юу ч сайхан байхаа больж амьдралаас авах жижиг таашаалыг ч анзаарахаа болино. Хүн хаа хамаагүй хүмүүс, хавьтсан ойртсондоо гомдож тунирхаад байдаггүй. Хайрлаж хүндэтгэдэг, хамгаас ойр хүмүүстээ л униж туниж, дуугаа хураан дүнсийж эхэлдэг. Тунирхана гэдэг нь үзэн ядалт биш, өөрийгөө өрөвдөн хайрлуулахаар илгээсэн дохио, сэтгэл хөдлөлийн үйлдэл болдог. Униж туниж байгаа нь удвал ужгирч үзэн ядалт болж эхэлдэг. Гомдлын зузаан мөсийг хайр шингэсэн үгс, хайр энэрлийн уян зөөлөн үйлдэл уяраан хайлуулдаг учиртай. Хайртай хүмүүсээ гомдоохгүй байхыг хичээ, гомдоочихвол гомдолтой нь бүү удаа. Өөрт гомдол байвал түүнийгээ хөөн зайлуулж уучлах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.
Эх сурвалж http://www.info.mn