“Хоёулаа больё” энэ үгийг чи хэзээ хамгийн сүүлд хайртдаа хэлсэн бэ? Хэзээ хэлснээ санаж байгааг чинь мөрийцөхөд ч бэлэн байна. Яагаад гэвэл чи энэ үгийг бараг түүнтэй ам зөрөх болгондоо л хэрэглэдэг.
Чин сэтгэлээсээ хүсэж байгаагаасаа үл хамааран зүгээр л түүнийг айлгахын тулд энэ үгийг хэрэглэдэг. Чи үнэхээр л төгсгөл тавихыг хүссэн юм гэж үү?
Яг үнэндээ бол чи дотроо тэс өөр бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл төгсгөл тавихыг хүсээгүй ч тэр чамайг гуйгаад ирнэ гэдгийг мэдэж байгаа учраас. Ингээд дуусгая, болъё, салъя гэдэг үгийг хамаагүй бүү хэрэглэ. Ингэж хэлснээр түүнийг шийтгэж байгаа мэт санагдавч эцэстээ энэ нь та хоёрын дунд том ангал бий болох шалтгаан болдог.
Эхэндээ хайрт чинь тэгж хэлэх бүрт чинь аргадаж, уучлалт гуйж, өөрийг чинь тайвшруулахын тулд чадах бүхнээ хийх болно. Хоёр, гурав, дөрөв дэхээ гээд хэдэн ч удаа энэ байдал давтагдаж болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт чиний тавихыг хүссэн төгсгөлийг тэр өөрөө хүлээн зөвшөөрөөд бүр мөсөн алга болж мэдэх юм. Ихэнх эмэгтэйчүүд энэ л үед гэнэт ухаарсан юм шиг би яах гэж тэгж хэлэв ээ хэмээн харамсаж, утсаа дуугарахыг харуулдсаар суудаг. Үнэндээ өөрөө ч жинхнээсээ энэ зүйлийг хүсээгүй байдаг. Зүгээр л түүнийг айлгах гэж, хашраах гэж төгсгөл тавих үгсийг хэрэглэдэг.
Гэтэл хайр гэдэг зүйл хамтдаа хоёр биенээ ойлголцож, хайрлалцахыг хэлдэг болохоос биш, хэн нэгнийгээ алдаа гаргах үед сэтгэлийг нь гархлуулах үг хэлж, хаяад зугтахын нэр биш юм. Эхэндээ тэр чамд үнэхээр хайртай болохоор энэ “зугаталт”-ыг чинь тогтоон барихыг хичээнэ. Цааш цаашдаа энэ байдал давтагдах бүрт түүний чамайг гэх итгэл нь алдарч энэ хүн хэзээ ч хамаагүй намайг хаяад явж чадах хүн юм байна гэсэн бодол төрөх болно. Гэтэл эрчүүд биднээс тэс өөр бодолтой байдаг. Ямар нэг асуудал тулагарахад хамтдаа туулж гарахыг хүсдэг.
Шаазан аягаа хагалчихаад буцаагаад нааж болно. Гэхдээ түүний эвлүүлсэн мөр нь хэзээ ч арилдаггүй. Хайр сэтгэл үүнтэй яг ижил. Зөвхөн хайр сэтгэлийн асуудал ч гэлтгүй найз нөхдийн харилцаан дээр ч энэ байдал ажиглагддаг. Харилцаандаа төгсгөл тавиад буцаад эвлэрч болох ч гэсэн тэр нь яг урьдных шигээ сайхан байж чаддаггүй. “Би энэ хүнд хэрэггүй юм байна. Надгүйгээр энэ хүн амьдарч чадах юм байна” гэсэн бодол тухайн хүний толгойд аль хэдийн суучихсан байдаг болохоор эргэлзээ төрж эхэлдэг гэсэн үг.
Хэрвээ чиний сонгосон хүн чинь үнэхээр л чиний жинхэнэ хайрын эзэн мөн бол өчүүхэн шалтгаанаар асуудлыг бүү дэвэргэ. Заавал төгсгөл бий болгодог үгсийг хэлж түүнийг хашраах хэрэггүй!