“MNTM” шоуны шүүгчид нь оролцогчидтойгоо зургийн талбай дээр хамт ажилладаг нь онцлог Э.Энхболд
“MNTM” шоуны хоёрдугаар улиралд 400 гаруй охид, бүсгүйчүүд өрсөлдсөнөөс анхны дугаарт шилдэг 22 оролцогч сорил, үндсэн зураг авалтын даалгавраар өрсөлдөн 16 оролцогч дараагийн шатанд тунан үлдсэн. “Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлэгт Монгол, Буриад, Өвөрмонголын оролцогчид өрсөлдөж байгаагаараа онцлог. Бямба гариг бүр “Боловсрол” телевизээр үзэгчдэд хүрч эхэлсэн шоуны хоёр дахь дугаар шилдэг 16 оролцогчийн дунд өрнөлөө.
-“Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэллээ. Мэргэжлийн загвар өмсөгчийн хувьд шүүгчийн бүрэлдэхүүнд ороод ямар асуудлыг голчлон анхаарч байна вэ?
-”Next top model” бол дэлхийн загварын том шоу нэвтрүүлэг. Монголд энэ шоу албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ нэр хүндтэй шоунд шүүгчээр ажиллах санал ирснийг миний хувьд нэр төрийн хэрэг гэж хүлээж авсан.
Би загварын салбарт ажиллаж байгаа модель хүн учраас надад бүх зүйл нь илүү ойрхон байсан л даа. Хүмүүс загварын зураг авалтыг бэлэн болсон гэрэл зургаар хардаг бол модель хүн энэ зураг авалтын ард ямар том баг хэрхэн ажилладаг вэ гэдгийг ямар ч зургийг хараад ойлгодог. Түүнчлэн тухайн бүтээлийг сайн гаргана гэдэг тэнд ажиллаж байгаа уран бүтээлчдийн ур чадвараас шалтгаалдаг. Манай “Боловсрол” телевизийн баг хамт олон өмнө нь дэлхийн томоохон шоуг албан ёсны эрхтэйгээр хийж үзсэн. Ийм туршлагатай хамт олонтой хамтарч ажиллахад таатай байна. “Боловсрол” телевизийн уран бүтээлчид загварын салбарт хоёр дахь жилдээ шоу нэвтрүүлэг хийж байгаа гэдэг утгаараа илүү туршлагатай болсон. Эхний дугаараа хийсний дараа ““Боловсрол”-ынхонтой уулзаж ярилцахад загварын салбар бол харагдаж байгаа шигээ биш, үнэхээр хэцүү юм. “Next top model” бол чанга, амаргүй, ажиллагаа ихтэй юм байна” гэж ярьж байсан. Энэ удаад бол өөр. Хоёр дахь жилдээ шоу эхэлж байна, амжилттай ч явж байгаа.
-Энэ жилийн шоуны оролцогчид зөвхөн Монголоос биш, хөрш хоёр орноос ирсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Миний хувьд энэ удаагийн шоунд сэтгэл хангалуун байгаа нэг зүйл бол оролцогчид нь юм. Өөртөө итгэлтэй, модель болъё гэсэн хүсэл, тэмүүлэлтэй 400 гаруй охид, бүсгүйчүүд ирж шалгаруулалтад оролцсон. Шалгаруулалтад ирсэн бүх оролцогчид хандаад хэлэхэд, та бүхэн бүгд сайн байсан шүү. Магадгүй илүү хичээгээд дараа жил манай шоунд оролцохоор дахин үзээд алдаарай гэж хэлье. Энэ жилийн шоуны хамгийн гол онцлог бол яах аргагүй монгол туургатны хэмжээнд зохион байгуулагдаж байгаа нь юм. Үнэхээр бахархууштай. Хятад, Монгол, Оросыг холбосон “Торгоны зам” гэж том төсөл явж байгаа. Энэ төслийн аялал жуулчлалын төсөлтэй манай шоу уялдаж зохион байгуулагдаж байгаа. Үүний хүрээнд буриад, монгол, өвөрмонгол оролцогчидтой, гурван орны албан ёсны анхны том загварын шоу нэвтрүүлэг гэж би хувьдаа ойлгож яваа. Өмнө нь хувь хүмүүс болон төрийн бус байгууллагууд сайн дураараа нэгдэн Монгол туургатны олон арга хэмжээг хийж ирсэн. Гэхдээ манай шоуны онцлог бол албан ёсоор дэлхийн контентыг хийн, түүнийг нь хөрш ОХУ, БНХАУ хүлээн зөвшөөрч хоёр улсын үзэгчдэд зэрэг хүрч байгаа. Өвөрмонгол болоод Буриадын оролцогчид манай нэвтрүүлгийг чимж, шигтгээ болж байгаа.
-Шүүгч нар зөвхөн ширээний ард суугаад шүүх биш шоу нэвтрүүлгийн турш оролцогчидтой хамтран ажиллаж, ярилцаж байгаа. Шоуны онцлог нь ч энэ байх?
-Тийм шүү, ”Mongolia’s next top model” шоуны бас нэгэн давуу тал бол шүүгч ширээний ард, өндөр дээрээс “Чи болж байна, болохгүй байна” гэж шүүдэггүй. Шүүгчид оролцогч нартайгаа зургийн талбар дээр ментор хийж ажиллаж байгаа. Энэ бол миний хувьд маш олзуурхууштай тал. Учир нь шүүгчид бэлэн болсон зургийг хараад шүүх биш, харин тэр зураг авалтад өөрөө хамтдаа оролцон, зөвлөж ажилладаг. Ингэхээр оролцогчдынхоо зөвхөн ур чадвараас гадна, ертөнцийг үзэх үзэл, зорилго, тэмүүлэл, өөрийгөө дайчилж байгаа байдал, харилцааны чадвар зэргийг мэдэрч болдог. Ингэснээрээ бид бүхэн дараагийн хүлээн зөвшөөрөгдсөн топ моделийг шалгаруулахад улам дөхөм болно.
-Та загварын салбарт чамгүй олон ажиллалаа. Энэ шоу олон улсад бол эрэгтэй моделийг хольж оруулдаг тохиолдлууд бий. Магадгүй залуусын зүгээс “Эрэгтэй модель хэзээ оруулах бол…” гэсэн хүлээлт байна уу?
-Би эрэгтэй моделиудын төлөөлөл. Загварын салбарт 13 жил ажиллаж байна. Тэр дундаа залуучууд надаас маш их зөвлөгөө авдаг. Магадгүй тэд надаас тодорхой хэмжээнд үлгэр дууриал авдаг байх гэж хувьдаа ойлгодог. Шоуны нэгдүгээр улиралд хамтран ажиллах санал авч байсан ч хувийн ажил давхацсан учраас ажиллаж чадаагүй. “Mongolia’s next top model” шоу анх яригдаж эхэлсэн цагаас загварын салбарт ажилладаг, ажиллах хүсэлтэй залуус, эрэгтэй моделиуд хэзээ оруулах вэ гэж асууж байсан. Одоо ч энэ хүлээлт хэвээрээ. Бид ормоор байна, багтаа энэ саналыг дамжуулж хэлээрэй гэдэг хүсэлтийг хэлж байгаа. Магадгүй дараа жил эрэгтэй, эмэгтэй моделиуд хамтдаа оролцон өрсөлдөхийг үгүйсгэхгүй юм.
-Шоуны туршид оролцогчид нэг дор хамтдаа амьдран, загварын ертөнцөөр амьсгалах бололцоог олгодог. Модель болох вакум, эрчимжүүлсэн сургалтыг ингэж явуулж буйгаараа шоуны оролцогчдын дундах өрсөлдөөнийг хурцалж байгаа болов уу?
-Оролцогч нар маань “Нүхт” дэх хотхонд вакумжуулсан орчинд хамтдаа амьдарч, бие биеэсээ суралцан дотносдог. Энэ бол шоу нэвтрүүлгийн маань нэг том агуулга нь. Одоо дэлхий дээр модель гэдэг ажил маш нэр хүндтэй болсон. Үнэхээр ч модель болох гэж байгаа бол Монголын зах зээлээс заавал хальж гарах хэрэгтэй. Тэгж байж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэн эх орноо гадаадад таниулдаг. Гадаадад моделийн чиглэлээр гэрээ байгуулан ажиллахад хагас цэрэгжилтийн байдалтай, өглөө товлосон цагт бэлэн байж, өдөржин шөнөжин зураг авалтад ордог гээд моделийн ажил бол амаргүй. Тиймээс манай нэвтрүүлгийн гол агуулга бол жинхэнэ модель хүн ямар байх вэ гээд ур чадвараас гадна хувийн зохион байгуулалт, багаар ажиллах чадвар, дектатур, загварын амьдралд дасгах тэр бүхий л сургалт энэ гэрт явагдаж, мэдрүүлж байгаа гэж хувьдаа ойлгож байгаа.
-Өөртэй тань уулзаж ярихаар цаг товлоход СУИС дээр хичээлтэй байна гэсэн болохоор хувийн ажил албыг тань сонирхохгүй байж чадсангүй. Нууц биш бол эргээд сурч байгаа байх нь ээ?
-Миний хувьд сонин сайхан ихтэй байна. “Mongolia’s next top mode-2” шоуны шүүгчээр ажиллаж байгааг хүн бүхэн мэдчихлээ. Мөн оюутан болсон. СУИС-д дуурийн дуучнаар магистрын ангид сурч байна. Мэдээж сурахын хажуугаар ажлаа хийж байгаа. “Говь” компанитай байгуулсан гэрээ есдүгээр сард дууссан. Сүүлийн есөн жил “Говь” компанитай хамтран ажилласан учраас миний загварын карьерийн том түлхэц болон ажил амьдралтай маань салшгүй холбоотой. Тиймээс тэд дахин гэрээгээ сунгаж ажиллах хүсэлт ирүүлсэн учраас удахгүй “Говь” брэндээрээ уулзах нь ээ.
Манай “O’Couture” брэнд маш амжилттай явж байгаа. Бид үйлдвэрээ өргөжүүлэн хүний нөөцөө зузаатгасан. Үндэсний үйлдвэрлэгч хүний хувьд эх орондоо нэмүү өртөгтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүнийг ажил, амьдралтай болгох зорилготой. Мэдээж монгол хүний ур, ухаан шингэсэн бүтээгдэхүүнийг брэнд болгож олон улсад таниулан сурталчлах өрнүүн их хүсэл тэмүүлэлтэй явна. Өвөрмонголд брэндийн дэлгүүрээ нээсэн. Энэ хүрээндээ “Mongolian Brands Boutique” гээд шинэ брэндийн концепц дэлгүүрийг нээлээ. Ирэх жил салбар дэлгүүрүүдээ нээхээр төлөвлөөд ажил ихтэй л байна.
Eagle.mn