Эгч, болон эмэгтэй дүүтэй хүмүүс илүү оптимистик байдаг гэдгийг сүүлд гарсан судалгааны дүн баталжээ. Де Монтфонтын Их сургууль, Улстерийн Их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар эгчтэй, эмэгтэй дүүтэй байх нь хүнийг илүү аз жаргалтай, баяр хөөртэй, мөн оптимистик буюу өөдрөг нэгэн болгодог гэсэн дүн гарчээ. 17-25 насны 571 залуусыг оролцуулсан уг судалгааны дүнд эгчтэй өссөн хүмүүс илүү аз жаргалтай, өөдрөг сэтгэлгээтэй байжээ. Оролцогчдыг сэтгэцийн эрүүл мэнд, эерэг бодол, өөдрөг үзэл зэргийг нь үнэлэх сэтгэлзүйн асуулга авах замаар судалгааг хийж, дүнг нь нэгтгэжээ.
Үр дүнд нь эгчтэй, эмэгтэй дүүтэй оролцогчдийн сэтгэцийн эрүүл мэнд илүү сайн буюу тогтвортой, сэтгэлгээнийх нь цар хүрээ илүү өргөн, нээлттэй, харилцан ойлголцох тал дээр бусдаасаа илүү байсан аж.
Судалгааг явуулахад тусалсан профессор Тони Кассиди хэлэхдээ “Эгч нар гэр бүлдээ илүү нээлттэй харилцаа холбоо, нөхөрлөлийг хөхүүлэн дэмжигч байдаг. Гэхдээ ах дүүс, эгч дүүсийн хувьд жаахан өөр, өөр байдаг. Сэтгэлзүйн илэрхийлэл нь сэтгэлзүйн эрүүл мэндийн сайн сайхан байдал бөгөөд эгч нар үүнийг ах нараас, эрэгтэй дүү нараас илүү хөгжүүлж өгдөг онцлогтой нь судалгааны дүнд харагдсан. Хөвгүүд нь ямар нэгэн зүйлийг ярихгүй байх хандлагатай шүү дээ. Ах дүүсийн хувьд аливааг дэлгэж ярихгүй байх нь чимээгүйн хуйвалдааны шинжтэй байдаг бол эгч дүүс үүний эсрэг хандлагатай байдаг” гэжээ.
Доктор Тони Кассиди охидтой, хөвгүүдтэй эцэг эхчүүд дээрх судалгааны дүнг анхааралдаа авч хөвгүүдтэйгээ харьцахдаа ашиглах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Охид, эгч дүүс хэн нэгэндээ бэрхшээл тохиолдоход сэтгэл санаагаар дэмжиж, цаашид хэрхэх талаар ярилцаж урам зориг өгч, дэмждэг. Тэгвэл хөвгүүдээ хүмүүжүүлэхдээ охидын энэ зан, харилцааны онцлогийг олгож төлөвшүүлэх хэрэгтэй хэмээн сануулжээ.
Eagle.mn