Яг хэзээнээс эхлээд чи түүнийг арай өөр нүдээр хардаг болсон бэ? Урьд нь түүнд дурласан залуугийнхаа тухай ам хуурайгүй ярьж, ямар өнгийн будаг хумсанд чинь гоё харагдаж байгааг асуудаг л байсан даа. Гэхдээ одоо бол өөр. Түүнийг харах тоолондоо “Энэ л миний залуу байх ёстой” гэж бодож байгаа бол эхлээд ямар шалтгаанаас гэдгийг нь тодруулцгаая.
Тэр найз охинтой болсон:Хэрвээ түүнийг шинэхэн найз охиндоо хэрхэн хандаж, ямархан халуухан байгааг нь хараад л тэр чинийх байх ёстой юм шиг санагдсан бол энэ мэдрэмж түр зуурынх ч байж мэднэ. Учир нь үргэлж дэргэд чинь байсан найзаа өөр хэн нэгэнд зүгээр ч үгүй, сайхан хандаад байхаар өмчлөх сэтгэл чинь түүнийг харамлаж байж болох юм. Тиймээс найз охингүй болсных нь дараа ч гэсэн түүнийг хүссэн хэвээр байх уу гэдгийг сайтар эргэцүүлж, цаг хугацааг хүлээх хэрэгтэй.
Чи найз залуугаасаа салсан: Хуучин найз залуу чинь чамд тохирох нэгэн биш гэдгийг мэдсэнийхээ дараа сайн найз чинь л “Яг болно” гэж харагдаад байгаа бол түүнд энэ мэдээг дуулгахаасаа өмнө дахиад нэг бодож үзэхийг зөвлөж байна. Та хоёр нийлвэл, бие биендээ шатам халуунаар дурлаж чадах уу гэдгийг өөрөөсөө асуугаарай? Цаг хугацааны нөхцөл байдлаас болоод үүрдийн үнэнч нөхөрлөлөө алдаж мэдэх юм биш байгаа? Хэрвээ түүнтэй халуухан секс хийж байгаагаар нүдэнд чинь зогсоо зайгүй төсөөлөгдөөд байгаа бол ч өөр хэрэг л дээ.
Эргэн тойрныхон чинь шахдаг: Та хоёр найзууд байгаад удаж байгаа учраас бараг бүхий л арга хэмжээ, уулзалт цуглаанд хамт явдаг. Харин эргэн тойрныхон чинь “Та хоёр суу, ёстой хөөрхөн харагдана”, “Өө, би та хоёрыг хосууд гэж бодсон ш дээ, тэгж л харагдаж байна лээ дээ”, “Тэр л чамайг яг хайрлаж чадах байх аа” гэх мэтчилэн “зөөлөн” шахалт үзүүлээд байх үед гаднаа инээмсэглээд “За, үгүй дээ” гэсэн мөртлөө дотроо “Нээрээ…” гэж бодсон уу? Хүмүүст та хоёр яг тохирох хүмүүс шиг харагдаж болох ч үнэхээр тийм эсэхийг зөвхөн өөрсдөө л тодорхойлно. Тиймээс хүмүүсийн шахалтаар “Тэр миний залуу байх ёстой” гэж бодох тийм ч эрүүл шийд биш.
Түүнтэй харилцаагүй удсан: Үргэлж дэргэд чинь байж, хэрэгтэй үед сэтгэл тайтгаруулахаар ирдэг байсан найз чинь хол газар явсан, эсвэл уулзаагүй удах үед түүнтэй байхыг хүсэх мэдрэмж бол энгийн л үзэгдэл. Хамгийн гол нь төрж буй мэдрэмж чинь хайр уу, эсвэл зүгээр л үгүйлэх сэтгэл үү гэдгийг танихаар оролдоорой.
Сүүлийн үеийн түүний хандлага: Гэнэтхэн л тэр чамд арай өөр хандаад, төрсөн өдрөөр чинь Спонж бобын подволк биш баглаа дүүрэн улаан сарнай бэлэглэх болсноос хойш зүрх чинь хөдөлгөөнд орж эхэлсэн бол охин минь, та хоёрын дунд үнэхээр нэг зүйл үүсжээ гэсэн үг. Магадгүй тэр ч гэсэн чамайг харах бүртээ “Тэр л миний охин байх ёстой” гэж бодож байгаа байж болно шүү дээ. Бат бөх хайрын үндэс бие биенээ ойлгох үнэнч нөхөрлөлөөс үндэстэй. Харин та хоёрын нөхөрлөл хайр сэтгэл болох нь уу, эсвэл үүрд тэр хэвээрээ үлдэх нь үү гэдгийг таних хэрэгтэй. Яагаад гэвэл дээрх дөрвөн зүйлээс хамгийн боломжтой, та хоёрыг хосууд байх ёстой гэдгийг батлах шинж бол түүний эерэг хандлага юм.
Хэрвээ та хоёр чиний бодож байгаа шиг нэгэндээ зориулагдсан хүмүүс бол заавал нийлж л таараа. Зөвхөн сексийн хүсэл эсвэл өмчлөх сэтгэлээс болж жинхэнэ найзаа алдаад хэрэггүй. Бүхнийг цаг хугацаа харуулаад өгнө. Бурхан нэг замаар хөтлөлцөж явах ёстой хүмүүсийг хичнээн салаа замаар алхууллаа ч эргээд гарыг нь олж өгдөг юм. Тиймээс амжилт охин минь!