“Бүрэнхий”-гийн Белла шиг “бэртэж гэмтэх” дуртай, алхам тутамдаа өөрийгөө өвтгөж азгүйтэж явдаг бүсгүйчүүд бий юу? Би л лав өмнө нь яг түүн шиг байсан. “Бүтэлгүй” гэдэг үгийг байнга сонсдог, бүдэрч унахдаа гаргууд нэгэн байлаа. Гэхдээ 4 жилийн өмнөх зун би өөртөө шинэчлэл хийсэн юм. Түүний минь ч үр дүн гарсан. Намайг одоо үргэлж тохиолдлын аз, гэнэтийн сайхан явдал, инээд хөөр дагадаг. Намайг хараач! Би одоо “Хатагтай Аз” болсон.
Ямар нэгэн юмнаас үргэлж л цочиж, ичиж, нугдайж, нуугдаж явдаг, тэгээд жижиг сажиг бүтэлгүйтлийг өөртөө тасралтгүй татдаг байсан өөрийнхөө энэ бүхэнд хэрхэн төгсгөл тавьсан тухайгаа хуваалцая. (“Азын үнсэлт” дээр гардаг шиг үл таних залууг үнсээд л болчих юм биш гэдгийг сануулах хэрэгтэй юу?)
Биеийн хэлэмжээсээ сул дорой “дуу хоолой”-г арилга
Нүдний шилээ хамарныхаа тээр доор тохчихоод, мөрөө хавчисхийн жижигхэн жижигхэн алхалж явдаг, юм л болвол гараа энгэртээ зөрүүлчихдэг, хүмүүст дандаа шоглуулдаг ч инээмсэглэлээр хариу барьдаг бүсгүй байлаа би. Хүмүүсийн өмнө гарахаас “үхтлээ” айдаг мөртлөө, хүмүүсийн өмнө од болон гялалзахыг мөрөөддөг байсан юм. Шинэчлэл хийхийг хүсэх болсон өдрөө, гадаад төрх бол хамгийн амархан өөрчлөгдөж болох ганц зүйл гэдгийг анзаарсан. Тэгээд хамгийн түрүүнд дээр дурдсан бүх зуршлуудаасаа салахыг хичээж, биеэ чангалан, эрүүгээ өргөж явах боллоо. Өөрийгөө чухал хүн гэдгийг гадаад байдлаараа харуулсан тохиолдолд л бусад хүмүүс чамайг чухал гэдэгт итгэдэг гэдгийг тэгэхэд ойлгосон. Цээж тэнэгэр, харц дээгүүр алхдаг болсныхоо дараа хоёр дох алхам минь ойлгомжтой болж эхэлсэн.
Өөртөө итгэ
Биеийн хэлээ өөрчлөх нь тийм үр дүнтэй болно гэж би анхандаа санаагүй. “Ядаж л нуруугаа цэхэлчихье” гэсэн ганцхан бодол минь намайг азгүйтлээс аварч эхэлсэн юм. Өөртөө итгэх итгэл азгүйтэлтэй шууд холбогдохгүй ч, өөртөө итгэдэг хүнд бүтэлгүй явдал бараг л тохиолддоггүй. Яагаад гэвэл хий дэмий айдас л төлөвлөгдөөгүй азгүй явдлыг дууддаг. Харин өөртөө итгэдэггүй хүн ямар ч зүйлийг хийхээсээ өмнө далд ухамсраараа бүтэлгүйтэх хувилбрын тухай бодож, үл ялиг айдас тээдэг.
Тэр айдсаасаа болоод алхам тутамдаа цуцлагдах вий, муу хэлэгдэх вий, буруудах вий гэсэн өчүүхэн гутранги бодол өвөртлөөд, түүнийхээ биелэлийг хармагцаа дараа дараагийн удаад улам итгэлгүй болдог юм. Энэ явдал үргэлжилсээр байвал гарцаагүй чаддаг зүйлээ хийхдээ хүртэл ямар нэг барцадтай тулгарч, удирдлагадаа загнуулж, бусдын дунд өөрөө өөрийгөө бүдгэрүүлсээр л байх болно. Азгүйтэлд ороогддог л болохоос сайхан сэтгэлт, мэдлэг чадвартай бүсгүй чи өөрийгөө хангалттай зоригтой, хэнээс ч дутахааргүй гэдгийг ухамсарлаж, эхний хоёр алхмыг заавал хэрэгжүүлээрэй. Айж байгаа хүн өөрийнхөө бүх хүчин чадлыг дайчилж чаддаггүй.
Сорилтонд дурла
Эхний хоёр алхмыг хийсний дараа, чиний санасан бүхэн аяндаа саадгүй биелж эхлэхийг харах болно. Гэхдээ өөртөө хугацаа өгөхөө битгий мартаарай. Зөвхөн эхний хоёр алхмыг амьдралынхаа хэв маяг болгож, өөртөө нутагшуулахад хагас жил ч шаардагдаж магадгүй. Түнийхээ дараа өөрийгөө сорьсон зүйлсэд зориг гарган оролцож эхлэх нь чамайг айдсаасаа улам бүр тусгаарлагдаж, чадна болно бүтнэ гэсэн бүрэн дүүрэн итгэл үнэмшилтэй болоход тусална.
Миний бодит туршлага ч үүнийг батална. Өмнө нь бусадтай өрсөлдөхүйц хэмжээний сайн байж чадахгүй байх вий гэж айдаг байсан юм болгоноо бт эхнээс нь туршиж үзлээ. Эрэгтэй хүнд түрүүлж сээтэн хаяхаас эхэлсэн юмдаг. Эхлэл жижигхэн байх тусмаа, урам зориг их авдаг биз дээ? Чи шүлэг бичиж олон хүнд уншиж өгөхөөс, танихгүй хүнтэй яриа өрнүүлэхээс, хэний ч шийдвэрийг хүлээлгүйгээр шинэ санаагаа сайн дураараа төсөл болгож даргадаа танилцуулахаас, гудамжинд чанга хашгирахаас, усанд сэлж хүнтэй уралдахаас эхэлж болно. Ялсан ч, ялагдсан ч хамаагүй өөрийгөө өдөр бүр сориод л бай. Хэт том юмаар гараагаа эхэлчихвэл, магадгүй бүтэлгүйтсэнийх нь дараа өмнөхөөсөө ч дор байдалд орно. Тийм болохоор зүгээр л зугаацаж байна гэж бодоод янз бүрийн жижиг зүйлд оролцож, дуу хоолойгоо эргэн тойрондоо бага багаар түгээх гэж оролдоод үз. Чамд таалагдана даа.
Туршлагаасаа бусдад хуваалцах
Энэ гуравхан алхмыг хэрэгжүүлсний дараа чи азгүйтэл гэдэг үгийг бүр мартчихсан байх болно. Өмнө нь надад бүх нөхцөл бололцоо нь байгаа хирнээ л нэг л болж өгдөггүй байсан бол, жилийн дараа гэхэд би байгаа бүхнээ 100 хувь ашигладаг, өөрөө өөрийгөө хорьж хязгаарладаггүй, үзэл бодлоо шууд илэрхийлдэг, юуг ч чадахгүй гээд орхидоггүй, бодсон болгоноо гүйцэд биелүүлж байж санаа амардаг, өчүүхэн ч чичирсэн хоолойгүй өөртөө итгэлтэй эмэгтэй болсон байсан. Хэн нэгэнтэй санал бодол солилцохоороо няцаагдах вий гэж битүүхэн айдгаасаа болоод хуруугаа оролдож, харцаа зугтаалгадаг байснаа ч больсон. Хамгийн гол нь би азтай болсон. Яагаад гэвэл би юунаас ч айхаа больчихсон юм чинь. Юмыг дарданаар хардаг хүний, зам нь дандаа дардан байдаг. Гарц хайдаг хүнд гарц л харагддаг ч гэж хэлж болох байх.
Хэрэв миний өмнөх дүр төрх чиний одоогийнхтой адилхан бол, энэ зөвлөгөөг нэгхэн уншаад орхилгүй, хэвлэж аваасай гэж хүсч байна. Тэгээд хрэгжүүлснийхээ дараа Гоолингоодоо захидал бичиж туршлагаасаа хуваалцаарай. Сайхан зүйлийг хуваалцах тусам, улам сайхан зүйл ирдэг гэдгийг чи надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.