Тэгвэл “Энэ жилийн гоёлын даашинзны трэнд загварууд энгийн, минималист тал руугаа байгаа” гэж загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал хэллээ. Өөрөөр хэлбэл, дараа дахин өмсөж болохоор даруухан хийцтэй гэж дизайнерууд тодотгож байгаа юм.
Түүнчлэн трэндийн жагсаалт руу хүч түрэн орж ирсэн гоёл бол цайвар буюу эмэгтэй хүний ялдам байдлыг илүүтэй тодотгосон зөөлөн, ууссан өнгөтэй пиджакны хослол. Энэ нь хэт албархуу хэв маягийг илэрхийлэх хэдий ч атлас, пластик, хамбан материалтайг нь сонгоод шинэ жилийн үдэшлэгтээ өмсөхөд эмээх зүйлгүй. Харин худалдан авалт хийхээсээ өмнө хэд, хэдэн зүйлийг анхаараарай.
Товч
Сонгосон хослолны товч чамин хийцтэй байхад л болно. Энэ нь ёслолын уур амьсгалыг илүү мэдрүүлж өгөх юм.
Туфль
Хэчнээн хээнцэр байгаад хослол л бол хослол. Жаахан албаны харагдаж мэднэ. Тиймээс гял цал, жижигхэн чимэглэлтэй туфль, сандаал сонгоорой. Сандаалны хувьд мөнгөлөг, алтлаг өнгөтэй байвал бүр ч дэгжин харагдаж, чамайг тодотгож өгнө.
Цүнх
Ганган хэрнээ жижигхэн хэмжээтэй цүнх бариарай. Үдшийн турш барьж явахаас төвөгшөөж байвал цэвэрхэн нарийхан оосортойг нь сонгоход л болно.
Мэдээж хээнцэр, бусдаас содон харагдахыг хүсдэг эмэгтэйчүүдийн хувьд дээрх сонголт байж боломгүй санагдах байх. Тэд нүсэр хормойтой, энгэр задгай, тансаг сонголт хийх нь дамжиггүй. Тэгвэл 2019 оны тансаг загварын даашинзыг гар чимэглэлгүйгээр төсөөлшгүй гэдгийг гойд анхааруулъя. Торго, тор, хатгамал, шигтгээ, цэцгэн чимэглэл… Галбирын хувьд энэ жил “X” буюу дэрвэгэр хормойтой байх нь. Харин өнгөний сонголтыг өөрт тань үлдээе. Биеийн харьцаа болоод өөрт зохицтой харагдахыг бодож сонголтоо хийнэ биз. Үүнийг анхаарахгүй бол хэчнээн үнэтэй даашинз өмсөөд ч шуудай нөмөрснөөс ялгагдахгүй гэдгийг санаарай.
Д.ЦЭЦЭГ
Үндэсний шуудан