Эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх арга хэлбэрээр нь тухайн хүүхдийг ирээдүйд ямар зан араншинтай болохыг нь тодорхойлж болдог гэнэ. Өөрсдийнхөө аль төрөлд нь хамаарагдах эцэг эх гэдгээ сонжих уу бүсгүйчүүдээ?
Хатуу эцэг эх: Хүүхдээ буруу хэрэг хийсэн тохиолдолд шийтгэж, хүйтэн хөндий харилцдаг. Ваар хагалсан охиноо харанхуй өрөөнд хэдэн цагаар байлгаж шийтгэсэн ч санаа зовдоггүй. Манай Гоолингоогийн найз бүсгүйчүүд дунд ийм хүн бараг байхгүй гэдэгт итгэлтэй байна.
Өршөөдөг эцэг эх: Ваар хагалсан охиндоо “Миний охин дахиад ингэж болохгүй шүү за, яагаад гэвэл энэ чинь аавынх нь хамгийн хайртай ваар байхгүй юу” гэх мэтчилэн шийтгэхгүй ч, учирлан тайлбарладаг бол өршөөдөг эцэг эхийн тоонд орно. Дээрх эцэг эх хүүхдийнхээ ямар ч хүслийг эсэргүүцдэггүй бөгөөд бүгдийг аясаар нь, тохируулж хийх хандлагатай байдаг аж.
Эрх мэдлийн эцэг эх: Яг дээрийнх шиг тохиолдолд эрх мэдлийн эцэг эхүүд хүүхэддээ ингэж хандана. “Дахиад ингэж болохгүй шүү за. Нэгэнт аавынхаа хамгийн хайртай ваарыг хагалсан болохоор шийтгэл хүлээх ёстой. Хоёр цаг дуртай тоглоомоороо тоглож болохгүй шүү “ гэдэг гэнэ. Сэтгэл судлалын эрдэмтэд эл дөрвөн төрлийн эцэг эхээс хамгийн сайн хувилбарыг нь эрх мэдлийн эцэг эх гэж үздэг байна.
Тоодоггүй эцэг эх: Хоорондоо муудалцаж байгаа хүүхдүүддээ ганц үг хэлдэггүй эцэг эхийг энэ төрөлд хамааруулна. Хүүхэд нь сургууль дээрээ шатрын аварга, шилдэг уран уншлагын эзэн болсон ч тэд анхаарахгүй. Яагаад гэвэл эцэг эхийн үүргийг хүүхдээ зөвхөн хоол унд, хувцас хунараар дутаахгүй л байхад хангалттай гэж боддогоос тоодоггүй, хүүхдээ сонирхдоггүй эцэг эх болон хувирдаг байна.
Харин дээрх эцэг эхийн хүмүүжлийн арга хэлбэрүүд хүүхдийг ирээдүйд дараах зан араншинтай бие хүн болоход нөлөөлдөг байна.
Хатуу эцэг эхийн хүүхэд: Зөвхөн өөрийгөө л боддог, дотогшоогоо хүүхдийн ээж аав хатуу хүмүүс байх нь олонтаа. Эрэгтэй хүүхэд бол дайсагнасан, хүмүүст өс санах хандлагатай байдаг бол охин хүүхэд юу бодож байгаагаа чангахан ч хэлж зүрхлэхгүй бүрэг болдог байна.
Өршөөдөг эцэг эхийн хүүхэд: Ийм эцэг эхийн хүүхэд бусдаас хэт хамааралтай болох нь бий. Өөрөөр хэлбэл эцэг эхээсээ. Эсвэл бүхнийг өөрийнхөө үзэмжинд нийцүүлж байж сэтгэл амардаг, дураараа ч гэмээр зантай болдог байна.
Эрх мэдлийн эцэг эхийн хүүхэд: Биеэ даасан, өөртөө итгэлтэй, буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээхдээ дургүйцдэггүй, найзархаг, бусадтай хамтран ажиллах дуртай хүүхэд болон төлөвшдөг байна. Яагаад гэвэл тэд шийтгэл, хайр хоёрын ямар “амттай”-г аль алиныг нь мэддэг болж өссөн учраас шүү дээ.
Тоодоггүй эцэг эхийн хүүхэд: Багадаа хүнийг хайрлаж, хайрлуулахын сайхныг тийм ч их мэдрээгүй учраас сэтгэлийн хөдөлгөөнөө гаргах тал дээр асуудалтай хүмүүс байдаг гэнэ. Ийм хүүхэд өөрөө гэр бүл зохиохоороо яг аав ээжтэйгээ адилхан, нэг бол багадаа мэдрээгүй хайр халамжийг бусдад өгөхийг хүсэх тийм өгөөмөр хүн болдог гэжээ.
Дээрх нь 1980 онд буюу харьцангуй орчин үед гарсан судалгаа юм. Хүүхэд яг л цэвэр цаас шиг, дээр нь юу ч бичсэн дурайтал тод гарах ариун ертөнц. Үзгээ ямар өнгөтэй байлгахаа та хоёр өөрсдөө л шийднэ. Харин хүсэж хэлсэн зүйл нь зөв бичигдэж байна уу гэдгийг бид нар л эргэн эргэн анзаарч байх ёстой шүү бүсгүйчүүдээ!