26 настай модель Мариса Папен нь шашны газруудад авахуулдаг шуугиан тарьсан зургуудаараа алдартай. Бельги бүсгүй Египет, Дани, Турк, Израилийн эртний сүмд бараг нүцгэнээрээ зураг авахуулж олны анхаарлыг татсан билээ. Тэгвэл Марисагийн энэ удаагийн зураг нь бүр ч илүү шуугиан тарьжээ.
Бүсгүй энэ сарын 16-нд Ватиканы төв талбайгаар нүцгэн явж зураг авахуулсан байна. Түүнийг болон зурагчин Жесси Уокерийг Италийн цагдаа нар баривчилжээ. Тэднийг дэг журам зөрчсөн гэж буруутган, байцаах зорилгоор 10 цаг саатуулсан байна.
Модель бүсгүйн зургуудын нэг нь хамгийн чухал католик сүмүүдийн нэг болох Гэгээн Петрийн сүмийн өмнө хоёр библи дээр сууж байгаагаар гарчээ.
Бүсгүй сүмийн ойролцоо нүцгэн зураг авахуулдаг үйлдлээ “Шашны байгууллагууд мөнгөний төлөө л ажилладаг. Сүмээс болж бие, сэтгэл санаагаараа хохирсон хүмүүсийн төлөө маш их харамсдаг. Сүмүүд бол утгагүй зүйл” гэж тайлбарлажээ.
О.САША