Жил бүр загварлаг эмэгтэйчүүдийг дулаахан байлгахын тулд дунджаар 50 тэрбум туулай, 50 сая булга, дөрвөн сая үнэг зөөлөн, дулаан үстэйнхээ төлөө амиа золиослодог. Тэднийг зориудаар фермийн нөхцөлд үржүүлж, эцэст нь хүзүүг нь мушгих, хийгээр хордуулах, тогонд цохиулах гээд аль болох хямд зардлаар гоё сайхан арьсыг нь сэвтээж, муутгахгүй байх аргаар амийг нь тасалдаг. Ингэж тэжээсэн амьтад торон дотор маш их стресстдэг гэнэ. Эдгээр амьтад торон дотор үхлээ хүлээн суухдаа өөриййгөө гэмтээх, хазах, үсээ зулгаах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Угаас байгальд эрх чөлөөтэй байх ёстой амьтдыг үйлдвэрлэгчид зөвхөн нэг өвлийн гоёл болгохын төлөө тэжээдэг гэсэн үг. Хэн нэгний биеийг арьсаараа гоёхын тулд л энэ хорвоод төрөх нь нэгэн амьд биеийн хувьд байж боломжгүй хэрцгий хувь тавилан юм.
Ярайтал эгнүүлэн өрсөн жижигхэн торон дотор үхлээ хүлээж суугаа тэдэнд өөрийгөө гэмтээх, хазах, үсээ зулгаах зэрэг амьтанд илэрч болох стрессийн бүх хэлбэр мэдэгддэг гэнэ. Харин онгон зэрлэг байгалиас барьсан үслэг амьтад өлсөх, цангах зэргээр удаанаар тарчилж үхдэг. Энэ бүгд ердөө л чамирхаж, дэгжирхэх дуртай хэн нэгний өвлийн гоёлыг бэлтгэхийн тулд гаргаж буй яргалал юм. Амьтны эрхийг хамгаалах байгууллага, дэмжигчид үүнийг ан амьтдын эсрэг терроризм гэж нэрлэдэг.Монгол эмэгтэйчүүдийн хувьд ч ялгаагүй. Амьтны эрхийг хамгаалагч нараас байнга шүүмжлэл сонссоор ирсэн үслэг эдлэлийн хэрэглээг Британи, Нидерланд, Австри зэрэг улсууд үслэг эдлэлийн хэрэглээг бүрмөсөн хориглосон байна. Гэсэн ч дэлхийн үслэг эдлэлийн зах зээлд жилд дунджаар 40 тэрбум ам.доллар эргэлддэг гэх тооцоо бий.
Ганган сорлог үсээ чамд би гайхуулаагүй юмсан
Гаслуулан байж өвчиж авахын учир юунд вэ?
Ганцхан өвлийг давах дулаан хувцас чамд мундахгүй биз
Гараа цустан байж арьсыг минь нөмрөхийн учир юунд вэ?
Хээнцэр ганганы хэргэм хүртэх гэж
Хэдэн амьтыг тамлан хороох вэ?
Хичнээн чи гаднаасаа дулаан харагдавч
Хүйтэн сэтгэл чинь дотроосоо чамайг хайрахгүй байна уу?
Гуч хүрсэн хүүхдээ манцуйтайгаар нь боддог хэрнээ
Гуравхан сартай зулзагыг минь амьдаар нь шулахын учир юу вэ?
Гунигт бодолд автахдаа сэтгэлтэй гэдгээ мэдэрдэг байж
Гасалж зовох амьтдыг хараад юу ч мэдрэхгүй байна гэж үү?
Амь хоргодох газрыг минь аваад байшин барьчихсан
Ам хүргэх усанд минь алтаа угаагаад бохирлочихсон
Авч болох бүхнээ л хүртэж байгаа юм байж
Арьсыг минь харин бидэнд үлдээгээч
Тансаг шубанд нүдээ унагаахаасаа өмнө
Тамлуулж үхсэн миний дүрийг сэтгэлдээ нэг буулгаарай