Өмнөд Солонгосын энтертаймэнт салбарын хамгийн жижиг зах зээлээс гаралтай, удаан хугацааны турш хэцүү бэрхийг туулж, амжилтад хүрсэн түүхтэй хөвгүүдийн хамтлаг бол BTS юм. Авьяаслаг залуус 2018 онд уран бүтээл, ашиг орлогынхоо оргил амжилтыг үзүүлж, улсынхаа эдийн засагт 3.6 тэрбум ам.доллароруулсан болохыг “Хьюндэй” судалгааны төв танилцууллаа.
Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй BTS хамтлагийн Өмнөд Солонгосын эдийн засагт авчирсан дээрх орлого нь дундаж хэмжээний 26 компанийн ашиг орлоготой тэнцэх аж.
2018 он BTS-ийн хувьд гайхамшиг дүүрэн байлаа. Тэдний амжилтыг дурьдаад дуусашгүй. BTS энэ онд”Billboard” хөгжмийн наадмаас хоёр ч шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг болсон. Мөн оны эхээр АНУ-ын шилдэг цомгийн жагсаалтад багтсан анхны K-pop уран бүтээлчид гэж нэрлэгдсэн. Өнгөрсөн аравдугаар сард “Time” сэтгүүл тэднийг онцолж, нүүр хуудсандаа урьсан билээ.
2017 онд Өмнөд Солонгост аялсан гадаадын 13 жуулчин тутмын нэг нь BTS хамтлагийн нөлөөгөөр тус улсыг зорьж ирсэн гэсэн байдаг ажээ. Энэ амжилтын нөлөөгөөр дэлхий дахинд Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүн, брэндийн нэр хүнд өссөн болохыг судлаачид ярьдаг. Тоогоор илэрхийлбэл, бүтээгдэхүүний борлуулалтад түлхэц болох нөлөө нь жилийн 4.1 их наяд вон ($3.6 тэрбум) гэж гарсан байна. 2017 онд Өмнөд Солонгост ирсэн жуулчдын 7 хувь нь буюу 800,000 хүн зөвхөн BTS хамтлагийн нөлөөгөөр ирсэн гэх тооцоолол мөн байна. Бэлэн хувцас, косметик, хоол хүнс гээд нийт 1 тэрбум ам.долларын экспорт ч энэ хамтлагийн нэр нөлөөтэй шууд холбоотой гэнэ.
BTS нэр хүндээ энэ хэвээр хадгалж чадвал ирэх 10 жилийн хугацаанд 41.8 их наяд воны хөрөнгө оруулалтыг эх орныхоо эдийн засагт нэмэрлэнэ гэж “Хьюндэй” судалгааны төв тооцоолжээ.