-Камертон-2 шоунд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ шоунд оролцож байгаадаа маш их баяртай байгаа. Шоунаас би багаар ажиллах, цаг барих гэх мэт маш их зүйлийг сурсаар байгаа.
-Анх оролцох сэдэл хэрхэн төрөв?
-Өөрийгөө сорих, өөрийгөө өөр талаас нь харуулах, хувь хүн талаасаа өөрчлөлт хийх, 150 сая төгрөгийн продюссерын гэрээ, 5-рт Монголд хэзээ ч болж байгаагүй төслийн уралдаан болохоор орохоор шийдсэн.
-Урьд нь ямар ямар тэмцээн уралдаанд оролцож байсан бэ?
-XX зууны шилдэг дуунууд, Coke’n beat, Monsters наадмуудад оролцож байсан.
-Хэзээнээс дуулж эхлэв?
-10 жилдээ урлагийн үзлэгээр дуулж байхыг минь МУСГЗ, хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх гуай сонсоод өөрийнхөө дуунуудыг дуул гэсэн санал тавьсан. Ингээд “Цэнхэр залаа” уран бүтээлийн нэгдэлдээ авахаар болсон юм. Тэнд л миний дуулах үндсэн суурь тавигдсан.
-Дуурийн чиглэлээр суралцдаг хүний хувьд поп чиглэлээр дуулахад ямар байна?
-Дуучин хүн бол хөрвөх чадвартай байх ёстой. Тэр ч үүднээсээ тэмцээн уралдаанд их оролцдог. Дуурийн чиглэлээр сурдаг учраас “вокал” хоолой тавиулдаг. Энэ нь поп дуу дуулахад хүндрэлтэй. Гэхдээ одоо дуулж сурч байна.
-Яагаад дуурийн дуулаачийн ангийг сонгож суралцах болов?
-Энэ мэргэжлийг сонгосондоо их баяртай байдаг. Хэр баргийн хүн сураад байдаг мэргэжил биш л дээ. Миний хувьд хоолойгоо задалъя, дэлхийн сонгодгийг суръя гэж бодож сонгосон.
-Чиний бодлоор дуурийн дуулаач хүн ямар байх ёстой вэ?
-Маш их мэдлэгтэй, анхаарал сайтай, урлагт сэтгэл зүрхээ зориулж чаддаг байх ёстой.
-Шоуны хамгийн хэцүү нь хэддүгээр шат байсан бэ?
-Миний урьд нь оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн хүнд бөгөөд хамгийн шударга тэмцээн. Энэ тэмцээний нэг ч шат надад амар хялбар байгаагүй. Би дотроо яаж сайн дуулах вэ гэж байнга шаналдаг. Бүх шат маань хүнд байхын хэрээр намайг өөрчилж чадсан.
–Тэмцээний хамгийн сайхан шат?
-3-р шат бол маш гоё байсан. Энэ шатнаас би багаар ажиллах, цаг барих, аливаад сэтгэлээсээ хандах гэх мэт маш олон зүйлийг мэдэж авсан. Мөн болоогүй байна даа гэж өөрийгөө голох сэтгэл төрүүлсэн. Энэ дашрамд багийнхандаа хайртай шүү гэж хэлье.
-Энэ тэмцээнд ялахын тулд өөрийгөө хэрхэн бэлдэж байна вэ?
-Сэтгэл санаагаа маш өндөр байлгаж, дуундаа бүх сэтгэл зүрхээ зориулна гэж бодож байна.
-Бусад оролцогчдоос ялгарах өөрийн чинь давуу тал?
-Би өөртөө их итгэлтэй. Ямар ч нөхцөлд худлаа баг зүүдэггүй. Хүнтэй сайхан харьцдаг. Хүний үгийг хүлээн авч өөртөө хэрэгжүүлж чаддаг.
-Дуулахаас өөр ямар авьяастай вэ?
-Бүжиглэх, жүжиглэх. Хүүхэд байхдаа ангийнхантайгаа хамтарч “Хүүхдийн төлөө газар”-аас зохион байгуулдаг байсан “Халзан тавхай” хүүхдийн жүжгийн тэмцээнд мэдрэл муутай эмчийн дүрийг бүтээж II байр эзэлж байлаа.
-Хүүхэд насныхаа хамгийн хөгжилтэй дурсамжаас хуваалцаач?
-Арван жилд байхдаа хоолойны дасгал уншиж байсан чинь хүүхдүүд шагайгаад л яваад байсан. Тэр үед би аймар нарийхан хоолойтой байсан юм. Манай хөдөлмөрийн багш ангиар шагайгаад “Өө Нямдэлгэр ээ, чи байсан юм уу? Би охин дуугараад байна л гэж бодож байсан юм. Ямар балиар янаг хоолойтой юм бэ” гэж хэлж байсан /инээв/.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Манайх дөрвүүлээ. Аав, ээж дүүтэйгээ амьдардаг.
-Гэр бүлээс олгосон хамгийн том хүмүүжил.
-Миний гэр бүл намайг багаасаа биеэ даахыг зааж сургасан.
-Танай удамд дуулдаг хүн байдаг уу?
-Дуучин Лосолын Болдбаатар миний нагац ах.
-Найз охинтой юу?
-Байхгүй.
-Ямар охид таалагддаг вэ?
-Хөөрхөн, цэвэрхэн байгаагаараа л байдаг охид. Гэхдээ Монголын бүх охид хөөрхөн.
-Анхны хайртайгаа учирсан уу?
-Учирсан. Сонин мэдрэмж байдаг юм байна лээ.
-Анх яаж танилцаж байсан бэ?
-Бид хоёр жилийн өмнө утсаар танилцаж байсан. Надаас нэгээр дүү.
-Болзоонд хэр их явж байна вэ?
-Урьд нь болзоонд явдаг байсан. Одоо тэмцээндээ оролцоод завгүй байгаа.
-Охидтой танилцахдаа хэрэглэдэг арга ?
-Анхны сэтгэгдлээ маш сайхан төрүүлдэг. Анх очиж мэндэлж, нэрээ хэлээд хаана сурдгийг нь асуудаг. Дараа нь хөгжилтэй яриа үүсгэдэг дээ.
-Топ худлаа хэлдэг үг?
-Найз нь яг одоо очиж явна.
-Өөрийгөө хөөрхөн гэж боддог уу?
– Надад муухай юм байхгүй болохоор хөөрхөн л гэж боддог. Бас хүмүүс намайг муухай гэж хэлж байгаагүй.
-Шивээсний тухайд асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Зүүн гаран дээрх шивээсний маань Монгол гэсэн дармал бичиг арай дуусаагүй. Шилэн дээрээ соёмбо шивээстэй.
-Шүтдэг хамтлаг дуучин?
-Дуучдаас Ариунаа, Алтаа, Сарантуяа, Болд. Камертон, Никитон, Харанга, Сүнс, Найм дахь гариг хамтлаг. Харин гадаадаас Адель, Мэрайя Кэрри.
-Хэтийн зорилго?
-Хүмүүсийн сэтгэл зүрхийг татсан маш алдартай дуучин болох хүсэлтэй.
http://camerton2.zindaa.mn/