Зурагтаар автомашины уралдаан үзээд ухаангүй суугаа ямар ч эр хүнээс “яагаад ийм уралдаанд хүүхнүүд ордоггүй юм бэ?” гэж асуугаад үзээрэй. Бүр таван настай нусгай жаал хүртэл “Эмэгтэй хүн ингэж давхиж чадахгүй” хэмээн ажиг ч үгүй хүүхнүүдийг дорд үзэж магадгүй. Гэтэл амьдрал дээр хүүхнүүд эрчүүдээс ч илүү давхиж чаддаг аж.
1885 онд Карл Бенц өөрийн бүтээсэн гурван дугуйтай моторт унаагаа туршиж зүрхлэхгүй нэлээд уджээ. Гэтэл их зохион бүтээгчийн эхнэр Берта нөхөртөө хэлэлгүйгээр тэр унаанд нь хүүхдүүдээ суулгаж аваад аавынх руугаа явсан гэдэг. Хожим энэ тухайгаа тэр өөрийн номондоо бичжээ.
Дэлхийд анх удаа Франц улсад замын хөдөлгөөний дүрмийг зохиосон бөгөөд уг дүрмийг зөрчин, гүйцэж түрүүлсэн анхны жолооч нь хатагтай де Наек гэгч бүсгүй байжээ. Эдүгээ автомашины дугуйг ямар хүн зохиосон талаар маргаантай байдаг бөгөөд 100 гаруй жилийн өмнө архелогичдийн булшнаас олсон баримтаар бол дугуйг эмэгтэй хүн зохиосон гэдэг. Гэвч эрэгтэй эрдэмтэд уг баримтыг олон нийтэд дэлгэлгүй нуун дарагдуулсаар иржээ.
Эмэгтэйчүүд хүн биш гэж үү
Дэлхийд нэрд гарсан эртний эмч нарыг нэрлэ гэхэд таны ой ухаанд дандаа л эрчүүд бодогддог биз. Гэтэл бүр эртний Грект эмэгтэй эмч нар байсныг түүх баталдаг. Шинжлэх ухаанд амжилт гаргаж, өөрсдийнх нь толгой дээр цахиур хагалахад эрэгтэй эрдэмтэд дургүйцэж байсан түүхтэй. Тийм хүүхнүүдийг элдвээр гоочлон, нэр хоч өгч, гэрлэх эр хүн ч олддоггүй, гадуурхаж байжээ. МЭ-ий 1500 онд эмэгтэй шулмын тухай судар эрчүүд бичиж “тачаангуй шунаг хүүхнүүд чөтгөртэй загас наадуулан, элдэв муу аргад суралцаж, хогийн шүүр хөлөглөн нисдэг” хэмээн бичиж байсан аж. Хэдхэн зуун жилийн өмнө эрэгтэй эрдэмтэд “Эмэгтэйчүүд хүн мөн үү, биш үү” гэсэн дүгнэлтэд хүрч байсан нь бүр хачирхмаар. Тийм мулгуу үзэл бодол нийгэмд давамгайлж байсан учир авьяас чадвартай олон сайхан бүсгүй гал тогоо сахин, насаа элээж иржээ. Өнөөдөр ч гэсэн “Эмэгтэйчүүдийн уураг тархины жин эрчүүдийнхээс бага учир сэтгэх чадвар нь дутмаг” гэсэн өрөөсгөл дүгнэлт нийгэмд байдаг.
Эмэгтэй хүнд их ухаан хэрэггүй юу?
Орчин үед “Хар арьстнууд төрөлхийн дүйнгэ. Хойд мөсөн туйлын иргэд сэтгэх чадвар нь илэрхий тааруу” гэж эрдэмтэд батлах нь бий. XVII зууны үеийн зарим гүн ухаантан “Эмэгтэй хүнтэй хүүхэд шиг л харилцаж бай. Тэдэнтэй тоглож, наадаж, хөгжилдөж, магтан урамшуулж, цагийг зугаатай өнгөрүүлж болно. Харин чухал эгзэгтэй асуудлаа зөвлөж, ярилцаж, тийм зүйлээр бүсгүй хүнд итгэж болохгүй. Ер нь эмэгтэй хүнд их ухаан хэрэггүй. Тоть шувуу хэдэн үгээ тод хэлдэг шиг л байхад боллоо” гэх зэргээр номолдог байжээ. Энэ нь бүсгүйчүүдийг хүн гэж үздэггүй байсны нэг баримт. Энэ бүхнийг бичсэн хүмүүс өөрсдөө эх хүнээс төрсөн л баймаар даа.
Анхны газрын зургийг эмэгтэй хүн зохиосон
Манай эриний 370 онд Александр хотод амьдарч байсан Гипотия хэмээх бүсгүй манай гариг, нар, сар, зарим оддын талаар хэд хэдэн шинжлэх ухааны бүтээл туурвижээ. Гэвч хөөрхий тэр бүсгүй амьдралдаа мөн ч их хавчигдаж, зовж явсан гэдэг. Тэр үед эрдмийн бүтээл байтугай, шүлэг бичдэг эмэгтэйг ч эрчүүд “гаж хүүхэн” хэмээн гэрлэдэггүй байжээ. Тэднийхээр бол эмэгтэй хүн гэдэг эрчүүдтэй эн зэрэгцэн ажиллах ёсгүй байж л дээ.
Платон, Аристотель зэрэг гүн ухаантнуудын бүтээлийг Гипотия хүүхэн тайлбарлаж, математик, одон орны ном бичиж, алгебрын бүтээл, конус огтлолцлын тухай Аполлоны сургаалийг тайлбарлаж явжээ. Түүний бүтээлийг хүмүүс хүлээн зөвшөөрч, Александр хотын музейд багшлах эрхийг олгож, бүсгүй ч өөрийн уран илтгэх чадварын хүчинд хотын улс төрийн амьдралд оролцох болжээ. Гэтэл өөрсдөөс нь илүү давж гарсан бүсгүйд эрчүүд дургүйцэж, тэр нь сүүлдээ үзэн ядалт болж хувираад Епископ ламтан Кириллийн турхирснаар 45 настай тэр сайхан эмэгтэйг хэт догширсон хүмүүсийн гараар мөч мөчөөр нь тасчин, амийг нь хөнөөсөн эмгэнэлт түүх бий.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд цөөн боловч эмэгтэй эрдэмтэд түмэн саад бэрхшээлийг даван тодорч байсан ч тэдний бүтээлийг санаатай дарж, нууж ирсэн гэдэг. Манай дэлхийн анхны газрын зургийг Германы нэгэн сүмийн гэлэнмаа Хильдегард Бингенская гэдэг эмэгтэй зохиосон гэдэг. Тэр эмэгтэй анагаах ухаан, геологийн ном бичиж, 230 төрлийн ургамал, 60 гаруй төрлийн модыг тодорхойлсон анхны нэвтэрхий толийг бүтээсэн байна.
Busgui.net