Монголын загварын ертөнцөд өөрийн загварын чиг хандлагыг бий болгоод зогсохгүй хамгийн шударга, өөрийн үзэл бодолдоо үнэнч бүсгүй бол дизайнер Н.Соёлмаа юм. Түүний бүсгүйчүүдэд өгөх загварын зөвлөгөөг хүргэж байна. Танд бага ч гэсэн өөрчлөлтийг авчрах байх.
Тэрээр Мода бол эрин үеийн өнгө төрхийг тодорхойлогч бөгөөд XXI зуунд тансаг хээнцэр хувцаслах нь нэр төрийн хэрэг болжээ. Өнөөдрийн хувцас загварын гол уриа: “Ая тух ба тавлаг байдал”. Хувцасны загвараас гадна даавуу материал маш их нөлөөтэй. XXI зуунд оёдлын машин бараг хэрэггүй болж даавууг наадаг, чанадаг, ууршуулдаг болно гэж шинийг санаачлагчид ярьж байна. Өвөлдөө дулаан, зундаа сэрүү татдаг, бактерийн эсрэг, эмчилгээний болон стресс тайлах хүртэл төрөл бүрийн даавуу материалыг хийгээд байна. Даавуунд ордог нэхмэлийн утсыг хөвөн, маалинга, ноос, ноолуур гэх мэт амьтны, байгалийн гаралтай түүхий эдээр хийх болж.
Хувцсыг сонгох, өмсөх чадвар
“Муухай эмэгтэй гэж байдаггүй, харин залхуу эмэгтэй гэж бий” гэдэг үг өнөөдөр “Муухай эмэгтэй гэж байдаггүй, харин эвгүй хувцастай эмэгтэй байдаг” гэдэг үгээр өөрчлөгдөөд байна. Хувцсыг сонгохдоо өөрийн нас, бие галбир, зан төлөв, ажил мэргэжилд тохируулахаас гадна хэзээ, хаана өмсөж, хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаа, мөн яаж угааж арчлах зэргээ ч бодолцох ёстой юм.
Орчин үеийн эмэгтэйчүүд өдөр нь ажлаа хийгээд орой нь харьж хувцасаа солиод театрт очих зав бараг гардаггүй. Иймд ялихгүй зүйлээр /хүзүүний алчуур, аксессуар гэх мэт/ өөрчлөгддөг хувцас өмсөх нь тохиромжтой. Ер нь орчин үеийн эмэгтэйн имиж зөвхөн хувцаслалт биш. Хамгийн наад зах нь бид бие биедээ магтаалын үг хэлэхдээ “Чи ямар гоё цамцтай юм бэ? гэж хэлэх биш “Чи энэ цамцтай их гоё харагдаж байна” гэж хэлэх нь зүйтэй.
Стиль сонгох дүрэм
Мэргэжилтнүүдийн судалгаагаар XXI зуунд эмэгтэйчүүд бизнесийн удирдлага, менежмент мөн улс төрд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Иймд цоо шинэ, ажил хэрэгч эмэгтэй хүний стиль шинээр гарч ирж байгаа юм. Энэхүү стилиэр орон бүхний дизай-нерүүд өөр өөрийн санаа бодлыг шингээсэн янз бүрийн загваруудыг зохиож байгаа билээ. Миний хувьд мэргэжлийн зүгээс зөвлөхөд сайн чанарын маш нимгэн даавуугаар хийсэн бага зэрэг кружева, жижиг хатгамалтай цамцыг (сорочка биш шүү) классик стилийн эрэгтэй хүний брюк, эрэгтэй гуталтай өмсөхөд ажил хэрэгч мөртлөө эмэгтэй хүний гоо сайханд болон орчин тойрны уур амьсгалд таатайгаар нөлөөлөх ажил хэрэгч эмэггэйн дүр төрхийг тодотгох загвар болно гэж бодож байна.
Өөрийгөө хажуугаас харж сур
Хувцсыг сонгохдоо бүх жижиг сажиг деталийг нэг бүрчлэн бодох ёстой. Ямар нэгэн жижиг гэхээр зүйлс бусдын нүдэнд өө сэв болон харагдах ёсгүй. Сүүлийн үеийн загварын платье өмсчихөөд хэт хямд аксессуар зүүх, хэтэрхий будмал төрхтэй байж болохгүй юм. Чиний ямар ч сурсан зан энэ бүхнийг зөвтгөхгүй шүү. Хаана ч, хэзээ ч хүмүүс “сүртэй сайхан юм алга л байна”, эсвэл “гоёх гэж ядсан амьтан” зэргээр янз бүрээр л дүгнэнэ. Тиймээс өөрийгөө дандаа хажуугаас нь харж сурах хэрэгтэй бөгөөд сайн, муу талаа байнга бодолцох хэрэгтэй. Эрчүүдийн хувьд энэ костюм миний биед хэр сууж, таарч байна гэдгээ бодохоос гадна цамцны ханцуй 1,5-2 см цухуйх сууж байхад өмдний шуумаг болон оймсны хооронд нүцгэн хөл гарахгүй байх ёстой зэрэг зүйлсийг сайн тооцоолох хэрэгтэй.
Зөвхөн мода биш…
Сонгосон дүр төрх, хувцас болон бусад зүйлс чинь чиний жинхэнэ “БИ”-д тохирч байх ёстой. Судалгаанаас үзэхэд нийгэмд хараахан онцгой байр суурь эзэлж чадаагүй хүмүүс хувцас загвар, моданы өөрчлөлтөд ихээхэн анхаарал тавьдаг гэнэ. Иймд өөрийн боломжоор өөрийн дүр төрх имижийг бүрдүүлэх нь чухал юм.
www.times.mn