УДЭТ-ын хамгийн царайлаг эмэгтэйчүүдийн нэг жүжигчин Д.Ганцэцэгийг “Жинжиймаа” хэмээх нэрээр нь илүү танина. Тэрээр 2000 онд СУИС-ыг улаан дипломтой төгссөн аж. Түүний бүтээж байсан хамгийн анхны дүр нь “Надаар тоглосон хайр” жүжиг байсан гэнэ. Түүнээс хойш эерэг, сөрөг олон ч дүрд тоглосон. Анх жүжигчин болохоор СУИС-д орж байх үед аав нь нас бараад удаагүй байсан бөгөөд тэр үед хамгийн хэцүү санагдаж байжээ. Одоо ч аавынхаа сэтгэл шингээн бичсэн “Таван хүүхдийнхээ дундах, амин хайртай охиндоо” гэж хаягласан захидлыг уншиж тайвшралыг олдог аж.
Хүний амьдралын хар бараан, гэрэл гэгээтэй бүхэн түүний амьдралд ч гэсэн тохиолдсон. Том хүүгээ хэвлийдээ тээж байхдаа “Сийлэн бөөр” кинонд тоглож байжээ. Харин бага хүү нь одоо гурван настай. Түүний амьдралын хамгийн гунигтай, хэцүү үе нь мэдээж ханыгаа алдах тэр мөч байсан. Хоёр сайхан хүүгийнх нь аавыг Батболд гэдэг байсан бөгөөд бизнес эрхэлдэг залуу байжээ. Багадаа “галзуу” хочтой байсан Ганцэцэг амьдралыг галзуу эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж байгаа.
www.times.mn