Дундговь аймгаас нийслэлд ирж, УАДБЧ-д дагалдан хөгжимчнөөр ороод удаагүй, нэрд гараагүй залуу тухайн үед алдар нь ид түгэж, “Мөнгөн хазаарын чимээ” номоо хэвлүүлээд байсан Төрийн шагналт, яруу найрагч Б.Явуухулангийн “Туулын урсгал шөнөдөө сайхан” шүлэгт ая хийж, чуулгынхаа дуучин Д.Түмэндэмбэрэлээр дуулуулсан нь амжилттай болж, сонсогчоос талархал хүлээжээ. Тэр хүн бол Д.Баттөмөр. Тэрбээр удалгүй Улаан-Үдийн Соёлын ажилтны сургуульд суралцахаар явав. Анхны бүтээл нь амжилттай болсонд урамшиж, зориг орсон, дууны ая зохиох ажилд ид хорхойссон залуу хөгжмийн зохиолч сонины тасархайгаас Б.Явуухулангийн “Дуу минь дуу минь” хэмээх шүлгийг олж уншсан дороо төгөлдөр хуурын ард суув. “Уран бүтээлчдийн ярьдгаар аялгуугаа өөртөө авч явсан тэр шүлэгт аялгуу тааруулах гэж зовоогүй. “Дуу минь дуу минь”-ийн өөрөө урссан” гэж хөгжмийн зохиолч дурссан. Дуугаа хэнээр дуулуулах билээ гэж эргэлзэлгүйгээр Д.Түмэндэмбэрэлийг сонгосон нь алдсангүй.
Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл уг дууг ард түмний сэтгэл зүрхэнд шингэтэл дуулсан билээ. Д.Баттөмөрийг амралтаараа нутагтаа ирээд байтал “Дуу минь дуу минь”-ийн шүлгийг нооттой нь “Утга зохиол, урлаг” сонинд хэвлэе гээд, төвийн том сонинд гарах гэж байгаа дууг заавал батлуулах ёстой гэсэн шаардлага тавьсан нь яруу найрагч Б.Явуухулан, хөгжмийн зохиолч Баттөмөр хоёрыг уулзуулжээ. Энэ тухай урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр “Дууны үг, нооттойгоо “Утга зохиол, урлаг” сонинд хэвлэгдэнэ гэдэг ховор завшаан байлаа. Миний сайных биш, Б.Явуухулан гуайн л хүч байхгүй юу. Харин дуугаа батлуулах гэж хөглөсөн дөө. Дууны ноотоо Хөгжмийн зохиолчдын холбоогоор тамгалуулж, үгийг нь Зохиолчдын хорооны бичээчээр машиндуулж, хэрэндээ л бэлдээд Зохиолчдын хороонд очтол “Яруу найргийн хэлтэс рүү ор” гэв. Тэнд Б.Явуухулан гуай сууж байна. Шүлгийг нь өөрөөр нь батлуулъя гэлтэй биш “Шүлгийг тань номноос аваад ая хийсэн” гээд учир явдлаа хэлтэл ерөөсөө дуугардаггүй. Нэлээд сууж байтал “Уух уу” гэх шиг болов. Улаан-Үдийн Хөгжмийн дээд сургуулийн оюутан болчихсон, зүгээр ч үгүй, шар айраг балгаад үзчихсэн байсан үе хэдий ч эв эрүүл ажлаа хийгээд сууж байгаа хүн тэгж хэлэхээр чихэндээ итгэсэнгүй. Буруу сонссон юм болов уу гэж бодтол Явуу шилэн аягаа арчиж арчиж, шүүгээнээсээ гадаадын архи гаргаад аягаллаа. Шил архи хувааж уухдаа Явуу “Би “Дуу минь дуу минь”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” хоёртоо их хайртай. Чи хачин хүүхэд шүү, надтай уулздаггүй” гэж л дуугарсан. Би өөрөөс нь асуулгүй шүлгийг нь аваад дуу болгочихсон хүн, юугаа хэлэх вэ. Өөр юм ярилгүй таг дуугүй сууж шилтэй архиа уучихаад хамт гарлаа. Тэгтэл халаасанд бүхэл 25 төгрөг байгаа нь санаанд оров. “Явуу ах аа, дөрөвдүгээр дэлгүүр орох уу” гэтэл зөвшөөрч байгаа бололтой дэлгүүр рүү зүглэлээ. Архи 26 төгрөг хэдэн мөнгөний үнэтэй байсан санагдана. Төгрөг хэдэн мөнгө дутаад байдаг, “Дэлгүүрт ороод хэлэх үү, одоо хэлэх үү” гэж бодож байгаад “Явуу ах аа, надад 25 төгрөг л байна” гэтэл түрийвчнээсээ таван төгрөг гаргаад өглөө. Архиа аваад хариултаа яах вэ гэдэг асуудал бас гарлаа. Өгөх гэтэл санаа зовоод болдоггүй. Тэгж явсаар гэрт нь очиж, нөгөө архиа уусан даа.
Явуу намайг “Сайн хүүхэд” гэж магтаад “Гургалдайн цэцэрлэгт буутай орж болохгүй” гэдэг шүлэг өгч билээ. Ингэж “Дуу минь дуу минь”-ээ батлуулж, сонинд нийтлүүлэх, радиод бичүүлэх эрхтэй болсон. Энэ дуу 1969 онд олны хүртээл болсон. Б.Явуухулан үнэхээр цэгцтэй шүлэгтэй. Өөрөө энэ шүлэгт минь ая хийгээсэй гэж бодож бичдэггүй байх. Гэхдээ тэр хүний шүлэгт ая хийхэд аялгуу ар араасаа урсдаг юм. Би Явуугийн “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” зэрэг олон шүлэгт ая хийсэн” гэж хуучилсан.
Дуу минь дуу минь
Дуу минь дуу минь дуртайхан дуу минь
Дуулим талын минь уянгатайхан дуу минь
Эцгийнхээ гэрт эгшиглэхийг нь сонслуу
Эмнэгхэн залуудаа сэтгэлээ уяраалуу
Дуу минь дуу минь дуртайхан дуу минь
Ай даа дуу минь, адтайхан дуу минь
Аглаг талын минь аялгуутайхан дуу минь
Амрагхан чамдаа аяланхан өглүү
Алагхан зүрхийг нь уяраан татлуу
Ай даа дуу минь, адтайхан дуу минь
Дуу минь дуу минь дуртайхан дуу минь
Дуулим талын минь уянгатайхан дуу минь
Хоёулаа болоод хослонхон дууллуу
Хонгорхон нутгаа хайрланхан дууллуу
Дуу минь дуу минь дуртайхан дуу минь
Ээ дээ дуу минь, энхрийхэн дуу минь
Ээрэм талын минь эгшигтэйхэн дуу минь
Эх орны минь уянгасан билүү
Эцгийн минь хуурын эгшигсэн билүү
Ээ дээ дуу минь энхрийхэн дуу минь
mongolnews.mn