Улаанбаатарт “Zara”-ийн салбар дэлгүүр байхгүй ч гэлээ жижиглэн худалдаа буюу хувь хүмүүс оруулж ирдэг цөөнгүй “тохиолдол” бий. Тэдний нэгээр нь ээлжит сонжоогоо хийхээр ортол худалдагч охин дэлгүүрийнхээ үйлчлүүлэгчид “Италийн бренд. Ориг “Zara” шүү” хэмээн итгэлтэй нь аргагүй ярьж байх нь тэр.
“Испанийх ш дээ” гэж залруулмаар санагдсан ч хэлээ хазаад өнгөрөв. Оронд нь “Zara”-ийн тухай дэлгэрэнгүй нийтлэл бичвэл илүү олон хүн мэдэж авах юм байна гэж санасан хэрэг л дээ. Магадгүй өнөөх худалдагч охин ч гэсэн олоод уншчих юм бил үү?
Хэт гангалж чаддаггүй, бас олон хувцастай байхад дурладаг над шиг хэрэглэгчид энгийн бөгөөд хямд үнэтэй “Zara” бараг л төгс шийдэл гэж хэлж болно. Харин үүнийг загвар зохион бүтээгч найз маань үргэлж шүүмжлэх бөгөөд “Zara”-г алдартай брендүүдийн шууд хуулбарлагч хэмээн үздэг. Үнэхээр ч тэгж хэлж болно л доо. “Zara” улирлаар бус долоо хоногоор загваруудаа шинэчилдэг ба худалдаанд гараад хоёр долоо хоноход гүйлгээгүй бол даруй тухайн загварыг эгнээнээсээ хасдаг. Залуус аа, санах гээд үз дээ? “Zara”-ийн талаарх мэдээ эсвэл рекламыг зурагтаар, сонингоор харж байсан уу? Шинэ коллекц гарлаа гэхэд Милан, Парис, Нью-Йоркт загварын шоугаар танилцуулдаг гэж үү? Үгүй ээ, яасан ч үгүй. Яагаад гэвэл “Zara” бараг сурталчилгаа хийдэггүйгээрээ л өөрсдийгөө “сурталчилдаг” уламжлалтай газар юм. Форбес сэтгүүлээс шалгаруулдаг “Дэлхийн хамгийн хүчирхэг бренд”-ийн 52-т жагсдаг хувцасны сүлжээ дэлгүүр ч гэлээ тэд сурталчилгаанд орлогынхоо дөнгөж 0,3%-ийг л зардаг. Шинэ загваруудаа зөвхөн вебсайт, 21 сая дагагчтай фейсбүүктээ танилцуулдаг “Zara” тэгвэл мөнгөө хааш нь зарцуулдаг юм бэ гээд асуу л даа. Дэлгүүрийнхээ тоог нэмэхэд. Одоогийн байдлаар дэлхий даяар 1827 сүлжээ дэлгүүр бий агаад 2013 онд л гэхэд шинээр 110-ыг нээж. Олон дэлгүүртэй байх тусам бараагаа их зарна. Ойлгомжтой. Энэ л энгийн зарчим “Zara”-г эзэмшдэг “Inditex” группийн эзэн Амансио Ортега Гаёнатай холбоотой.
Испанийн хамгийн том хувцасны сүлжээ дэлгүүрийг “төрүүлсэн” Артейксо бол Испанийн жирийн л нэг, загасчдаар дүүрсэн жижигхэн суурин. Амансио Ортега төмөр замын ажилчны хүү байсан бөгөөд өсч том болоод “Gala” хэмээх цамцны дэлгүүрт ажиллаж эхэлсэн байна. Эхнэр Росалиа Мера нь гэртээ хэрхэн унтлагын болон дотуур хувцас хийж байгааг харж урам зориг орсон Амансио 1975 онд “Zara”-ийн анхны дэлгүүрээ нээжээ. Анх дэлгүүртээ хос хоёр “Zorba” хэмээх нэр өгсөн ч хажууханд нь яг ийм нэртэй уушийн газар байсан аж. Ингээд газрын эзэд ярилцсаны үндсэнд яалт ч үгүй хожуу гарснаараа хувцасны “Zorba” нэрээ “Zara” болгож өөрчилсөн байна.
“Fast fashion” буюу түргэн эргэлттэй бүтээгдэхүүн борлуулах зарчимтайгаар 10 жил ажиллахад “Inditex” групп болтлоо хөл дээрээ зогсож чадав. Тус группт “Zara”-аас гадна “Massimo Dutti”, “Bershka”, “Oysho”, “Pull and Bear”, “Stradivarius”, “Tempe”, “Uterque”, “Zara Home” зэрэг дээрхтэй адил зарчимтай 6200 гаран сүлжээ дэлгүүр харьяалагддаг билээ. Компанийхаа 60%-ийг эзэмшдэг Амансио хөрөнгөнийхөө хэмжээгээр дэлхийд гуравт бичигддэг ч бусад тэрбумтангуудтай харьцуулахад тун энгийн нэгэн юм. Аль хэдийн алдарт хүрсэн ч 1999 оныг хүртэл түүний зураг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн удаагүй байв. Өдөр болгон нэг л кафе руугаа кофе уухаар явдаг ба ажилчидтайгаа хамт гуанзанд хооллоно. Зангиа зүүхээс яаж ийж байгаад л татгалзан цагаан цамц, саарал өмдтэй ажилдаа ирдэг аж.
Дундаж үнэтэй Испанийн хувцасны сүлжээ дэлгүүрээр аливаа үйлчлүүлэгч жилд гурван удаа зочилдог бол “Zara”-д энэ тоо 17 болж өсдөг. Судлаачид үүнийг “Fast fashion”-ийн зарчимтай холбож тайлбарладаг ч “Zara” угаас л авмаар сэтгэгдэл төрүүлдэгт гол учир нь орших шиг санагддаг юм. Массыг хэрэглэгчээ болгодог, яг ижилхэн зорилготой брэндийн дэлгүүрүүд хажууд нь байхад л “Zara”-аас тор шажигнуулсаар гарч ирдэг өөрийгөө яах вэ?