Жей Ло, Шакира хоёр гайхалтай үзүүлбэр үзүүлж, фенүүд нь шагшин магтаж байна. Хамгийн сонирхолтой нь 2 бүсгүй ийм супер тоглолт хийснийхээ төлөө ямар ч шан хөлс аваагүй. NFL буюу Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооноос 2 дуучинд төлбөр төлөөгүй гэдгээ мэдэгджээ. Мэдээж хөрөнгө мөнгөтэй томоохон уран бүтээлчид мөн боловч, үнэ хөлсгүй ажиллаад байх нь өөрөө зохимжгүй шийдвэр мэт.
Тэгвэл Шакира, Женнифер Лопез нар өнгөрсөн Ням гарагт цэнгэлдэхэд цугласан 60,000 хүн болон телевизийн дэлгэц, интернетээр хэдэн сая хүнийг байлдан дагуулсныхаа шагналыг зүй ёсоор хүлээн авчээ. Учир юу вэ гэвээс супербоулын тоглолтыг Fox TV-ээр шууд дамжуулахтай зэрэгцэн АНУ-д Шакира, Жей Ло нарын тэр үдэш дуулсан дуунуудын дижитал борлуулалт 1013 хувиар өсчээ. Зөвхөн Ням гарагт л гэхэд 16,000 удаа дижитал download худалдан авалт хийгдсэн байна. Мөн Spotify дээр Женниферийн дуунуудын татан авалт 335 хувиар, Шакирагийнх 230 хувиар өсчээ.
Түүнчлэн Супербоул дээр дуулна гэдэг өөрөө маш том нэр хүндийн хэрэг, ихэвчлэн NFL буюу Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооноос уран бүтээлчдэд санал тавьж урьдаг. Энэ үдэш ая дуугаар хүргэснээр илүү олон сая хүнд хоногшуулалт хийх, хуучны дуунуудаа сэргээн дуулах, нэр хүндээ нэмэгдүүлэх, эргээд олны анхааралд очих зэрэг олон давуу талтай. Тэр бүгдийг асар их мөнгө дагалддаг гэдэг нь ойлгомжтой. Ямартай ч 2 дуучин бүсгүй Супербоулд үнэ төлбөргүй дуулснаар нэр хүндээ бүр ч өсгөж, санхүүгийн хувьд ч ихээхэн ашиг орлоготой ажиллаж эхэллээ.