Бямба, ням гарагт үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж, ярих ярианы сэдэв болоод буй “Бүтэн амьдрал” киноны ерөнхий найруулагч Сувидын Баттулгыг түр хүлээлгэж цөөн асуултад хариулт авлаа.
-Киноныхоо зохиолыг хэрхэн сонгосон бэ?
-КBS телевизээр үзэгчдэд хүрч, өндөр хандалттай байсан Солонгосын олон ангит киног зохиолчоос нь албан ёсны зөвшөөрөл авч хийсэн. Мэдээж зохиолын үйл явдал, дүрүүдийн зарим харилцаа, хандлагыг Монголын орчин нөхцөлд тааруулан хөрвүүлсэн. Түүнээс шууд хуулбарласан зүйл биш. Ахуйн драм төрлийн кино учраас үзэгчдэд ойр, хүртээмжтэй байх талаас нь сонгосон.
-Гол дүрийн жүжигчдийг хэрхэн сонгосон бэ?
-Продюсер, найруулагчдын баг ярилцаад жүжигчдээ сонгож санал тавьсан. Жүжигчид маань зохиолоо уншаад маш сайхан хүлээж авсан. Багаа бүрдүүлээд урам зоригтойгоор ажлаа эхэлсэн.
-Киноны зураг авалтыг нэлээд олон газар хийсэн байсан?
-Кино зургийн зарим хэсгийг Хөвсгөл, Өмнөговь аймаг болон Туркийн Анталия хотод очиж хийсэн. Зураг авалтын ихэнхийг Улаанбаатар хотод авсан. Айл, гэрт өрнөж буй зургуудыг павилион засаж, тохижуулан авсан. Энэхүү кинонд 100 гаруй уран бүтээлчийн хөдөлмөр шингэсэн. Бид хагас жил зүтгэж байж 24 ангитай кино хийлээ.
-Цаашид олон ангит кино хийх бодол байна уу?
-Одоогоор хэд хэдэн уран бүтээлийн төсөл яригдаж байна. Үүн дотор олон ангит кино бий.
-Киног зөвшөөрөлгүй олон нийтэд цацах тохиолдол цөөнгүй гарсан. Оюуны өмчөө хэрхэн хамгаалж байна вэ?
-Кинонд маань хүмүүсийн ам нааштай байх шиг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хулгайн линк, пэйжүүд зөндөө байна. “Юнивишн”, “Номадиа пикчерс”-тэй хамтарч ажилласан. Хулгайгаар цацаж буй асуудал дээр “Номадиа”-гийнхан түлхүү анхаарч байгаа. Сошиалд цацагдсан ангиудыг устгах зэргээр тэмцэж байна. Мөн Оюуны өмчийн газар болон цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа байх. Би найруулагч учраас нарийн асуудлыг мэдэхгүй.
-Энэ бүтээл үзэгчдэд юуг ойлгуулаасай гэж хүсэж байна ?
-Энэ кино бүсгүй хүний амьдралын томоохон эгшнүүдийг харуулсан ахуйн драм. Зохиол тэр дундаа кино зохиол хүний амьдралд байдаг, адармаатай үйл явдлуудыг сийрүүлсэн эгшин. Манай киног үзээд энэ их зовлон, амьдралын бартаатай замд өөрийн мөн чанараа хадгалж үлдэх нь чухал гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Хүнд хэцүү бүхэнд өвдөг сөхөрлөө ч хүн хүнээрээ байх хэчнээн сайхан. Эцэст нь гэр бүл хамгийн нандин гэдгийг харуулахыг зорьсон.