Ирэх долоо хоногт Парисын олон улсын авто үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэхүү шоуны үеэр олны анхаарлыг “McLaren P1” хөлөг татах аж.
Учир нь энэхүү спорт автомашин нь 320 км цаг хурдлах чадвартай бөгөөд 100 км цаг хурдыг ердөө гурван секундэд авч чадна. Хоёр суудалтай “McLaren P1” нь спорт автомашин сонирхогчдын шаардлагад бүрэн нийцнэ гэж тодорхойлогдож байгаа аж.
Хэмжээгээрээ “Porsche 911”-тэй төстэй, суудал нь 1990 оны “Mclaren F1” супер автомашиных юм байна. Мэдээж тормосны чанар сайжирсныг компанийн удирдлагууд онцолжээ.
Инээдмийн нэрт жүжигчин Роуан Аткинсон буюу мистер Бин өнгөрсөн онд 640 мянган фунт стерлингийн үнэтэй “McLaren F1” автомашинаа унаж яваад осолдон золтой л үхчихээгүй билээ.
“Mclaren” компанийн хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Бид анх удаа супер автомашинаа олон улсын үзэсгэлэнд байрлуулах гэж байна. “McLaren P1” нь цэвэр спорт гэж хэлж болно. Үүнд энгийн гэсэн ойлголт тохирохгүй. Бүх эд анги нь спорт автомашиныг илтгэж байна” гэжээ.
Түүний ярьснаар “Mclaren F1” нь 800 мянган фунт стерлинг буюу 1.3 сая ам.долларын үнэтэй юм.
Т.Арьяа
Time.mn