Рафаэль Надальгүй АТР-ийн тэмцээнүүд үргэлжилсээр. Хэлж ирдэггүй гэмтэл бэртлийн улмаас өдгөө теннисний цохиураа хананд өлгөчихөөд байгаа испани залуу Лондоны олимп болон “US Open”-ийг үзэгчдийн суудлаас нүдэндээ нулимстай үзсэн нь эрүүл мэндийн асуудалтай холбоотой. “Теннис Online” блогт тэмдэглэснээр испани эр энэ цаг үеийн хамгийн бэртэлтэй тоглогч юм байна.
Шуурхай дайчин чанараар өрсөлдөгчдөө байлдан дагуулсаар ирсэн “Их дуулга”- ын 11 удаагийн аваргыг бие махбодь нь “тэтгэвэрт гарах”-ыг шаардсан ч их теннистээ эргэн ирэх эрмэлзлээ хадгалж, бас итгэн найдсаар. Гэхдээ ирэх улиралд теннисний хорхойтнууд түүний тоглолтыг шимтэн үзэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
2003 ОН. АНХНЫ АМЖИЛТ, ЭХНИЙ ГЭМТЭЛ
Энэ улиралд Рафа өндөр түвшинд тоглох мэргэжлийн тамирчны замаа тавьсан байна. Оны эхээр шилдэг 200-д ч багтаж, тавдугаар сард 100-д багтталаа дэвшсэн Надаль Монте-Карлод түрүүлснийхээ дараа Францын нээлттэй тэмцээнд хүч сорих урилга гардав. Гэвч тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө бэлтгэлийн үеэр зүүн мөрөндөө гэмтэл авсны улмаас Парисыг зориогүй нь харамсалтай. Тэмцээнүүд ээлжилсээр “Уимблдон”-д оролцохдоо гуравдугаар тойрог хүртэл тогложээ. Надаль хэмээх нэрийг шилдгүүдийн дунд цуурайтуулсан залуугийн гэмтэл үүгээр дуусаагүй билээ.
2004 ОН. ТҮГШҮҮРИЙН ХОНХ
Майамигийн тэмцээний гуравдугаар тойрогт Рожер Федерерийг хожин, дуулиан дэгдээсэн түүний амжилтын харгуй бартаагүй урагшилж байв. Эшторилд өрсөлдөхдөө эхний даваанд Горан Иванишевичийг итгэл төгс буулган авсан тэрбээр Ришар Гаскетай таарахдаа зүүн хөлөө гэмтээсэн юм. Энэ тоглолтод испани теннисчин өрсөлдөгчөө хожсон ч дараагийн тойрогт тулаанаа үргэлжлүүлж чадаагүй нь харамсалтай.
2005 ОН. АМЖИЛТ ДАГААД ГЭМТЭЛ
Долоон жилийн тэртээ “Их дуулга”- ын бүх цувралд амжилт гаргасан тэрбээр “Ролан Гаррос”-т анхны түрүүгээ авч, улмаар дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдлээ. “Мастерс”-т түрүүлэх үеэрээ өсгийгөө бэртээсэн явдал амжилтыг нь хазаарлах нэгэн үндэслэл болсон. Энэ бүхэнд сэтгэл зовнисон авга ах МигельАнхель нь яаралтай эмчилгээ хийлгэхийг зөвлөв. Хүүхэд ахуйдаа хөлөө гэмтээж байсан тохиолдол ч нэрмээс болсон. Энэ үед эмч түүнийг спортоо орхихыг зөвлөжээ. Теннисний цохиураа гольфынхоор солихыг ч зөвлөх хүн байв. Мальорка дахь гэртээ хэнтэй ч ярилгүй дээшээ харан хэвтэж, заримдаа сэмхэн уйлах гунигтай залууг гэр бүлийн бүлээн уур амьсгал, авга ахынх нь мэргэн сургааль спортын ертөнцөд буцаан авчирчээ. Нэгэн өдөр түүнийг Тони ах нь теннисний бэлтгэлд гарахыг урилаа. Бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх бодол төрмөгц Надаль мэс засалд яаралтай орохоор шийдэв. Улмаар эмнэлгээс гарч, өдрөөс өдөрт хөнгөн бэлтгэл хийсээр кортондоо эргэн ирлээ.
2006 ОН. ЭРГЭН ИРЭЛТ
Марсельд зохиогдсон тэмцээний хагас шигшээ хүртэл тоглосон Надаль Дубайд Федерерийг дийлэн аваргалжээ. Жилийн өмнө авсан гэмтэл их боломжийг нь хааж байсан ч энэ өвчнөө даван амжилтад хүрэх сэтгэлийн тэнхээ испани эрд байв. Өдөрт таван цаг бэлтгэл хийнэ. Гүйлтээс татгалзах хэрэгтэй байсан ч тэмцсэний хүчинд сайн формтой болов. Улмаар 24 тэмцээнд түрүүлж, “Ролан Гаррос”-ын аварга цолоо хамгаалсан тэрбээр Куинст зохиогдсон тэмцээнд Ллейтон Хьюиттийн эсрэг тоглож байхдаа мөрөө гэмтээх нь тэр. Гэсэн ч ихэнх хугацааг орон дээр өнгөрүүлэхийг хүсээгүй тул “Уимблдон”-д оролцохдоо Р.Федерерт ялагдсан байна.
2007 ОН. АМРАЛТ
Цинциннатид болсон тэмцээнд Хуан Монакатай тоглож ахуйд түүний шөрмөс татаж, толгой эргэсэн явдал амралт хэрэгтэй байна гэсэн дохио мэт. Гэвч тэр гүрийсээр “Уимблдон”-той золгосон бөгөөд шигшээ тоглолтод хүч сориход баруун хөлийнх нь өвдөг өөрийн эрхгүй сөхрөхөд хүрэв. Хоёр жилийн өмнө хөлдөө авсан гэмтэл нь даамжирсаар ийм байдалд хүргэснийг Италийн мэргэжилтэн Франческо Парра анхааруулсан байна.
2008 ОН. БУЛЧИНГИЙН СУНАЛТ
Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд анх удаа шалгарч, “Ролан Гаррос”, “Уимблдон”-д түрүүлээд олимпоос алтан медалиар энгэрээ мялаасан түүний цаана томоохон гэмтэл “нуугдаж” буйг хэн ч таамаглаагүй юм. Баруун өвдөгний булчингийн суналтын улмаас мөн л Надаль спортын талбараас хөндийрөхөд алхам ойртов.
2009 ОН. ХҮНД ЦОХИЛТ
“Австралийн нээлттэй тэмцээн”-д анх удаа түрүүлсэн жил. Роттердамд болох тэмцээнд оролцохоор зэхэж байсан ч өвдөгний бэртэл нь томоохон хаалт тавьжээ. Хоёр сарын дараа “Дэвисийн цом”-д хүч сорьж, Индиан-Уэлссийг дайлаар мордон, Монте-Карло, Барселона, Ромын кортод дархан цолоо мандуулсан тэрбээр Мадридад өөрийн эрхгүй “Өнжинө” хэмээн хэллээ.
2010 ОН. АХИАД Л ГЭМТЭЛ
“Ролан Гаррос”, “Уимблдон”-д түрүүлж, анх удаа “Америкийн нээлттэй тэмцээн”-д аваргалсан испани теннисчин “Австралийн нээлттэй тэмцээн”-д Энди Маррейтай тоглох үеэрээ баруун өвдгөө дахин гэмтээлээ. Сар эмчилгээ хийлгэсний дараа тэр спортдоо эргэн иржээ. “Мастерс”-т оролцож байхдаа мөн л зүүн мөрөндөө бэртэл авсан юм.
2011 ОН ХҮНД ЦОХИЛТ
Ноднин Новак Жоковичтой шигшээ тэмцээнд зургаан удаа таарахдаа бүгдэд нь хожигдсон нь түүний муугийнх биш, эрүүл мэндтэй нь холбоотой байж. Зүүн гуя, баруун гарт авсан гэмтлийн улмаас үндсэн тоглолтоо гаргаж чадаагүй аж.
2012 ОН. ШИНЭ “МЭДРЭМЖ”
2012 онд түгшүүрийн эхний хонхыг Майамид болсон тэмцээн “цохиж”, хагас шигшээгийн үеэр зүүн өвдгөө гэмтээжээ. “Ролан Гаррос”-т түрүүлсэн баярт явдал сэтгэлийг нь тэжээж, цаашид урагшилсаар “Уимблдон”-той учраад хоёрдугаар тойрогт дуулиантайхан ялагдал хүлээсэн билээ. Өвдөгний судаснууд хагарч, эмчилгээ хийлгэхийг шаардсан тул Надаль олимп болон “US Open”-д оролцохоос татгалзсан байна. Хагалгаа хийлгэснээс хойш багаар бодоход хагас жилийн дараа л тэр талбайд гарна. Надаль ихийг бүтээж, түүхэн дээд амжилт тогтоохын тулд эрүүл мэндээ золионд гаргасан ч туйлын зорилго нь их спортдоо хөл тавих. Мөн 2016 оны олимпод ч оролцох хүсэлтэй гэнэ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ /MONGOLNEWS.MN/